17/09/2020
НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, түүний харьяа Сургалт сурталчилгаа мэдээллийн төвийн удирдлага, мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг 09 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд манай аймагт ажиллаж “ Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж зөвлөмж өгөх, мэргэжилтнүүдэд хүүхдийн хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, хүнс, хоол тэжээлийн чиглэлээр сургалт зохион байгуулж арга зүйгээр хангах, багш нарыг ажлын байранд чадавхжуулах, эцэг эх, олон нийтэд хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, үүрэг хариуцлагын талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэх юм.
Тус ажлын хүрээнд төслийн танилцуулга, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, төслийн цаашдын үйл ажиллагаанд санал авах зорилгоор аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, ХЭОНХ-ийн хэрэгжүүлэх баг, төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийн өргөтсөн уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.09.17/ зохион байгууллаа. Өргөтсөн уулзалт хэлэлцүүлэгт оролцогч талуудаас:
• Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн судалгааны дүнг үндэслэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллах
• Нэгдсэн эмнэлгийг түшиглэн байгуулсан, “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг өөрчлөн зохион байгуулах
• Сургуулийн эмч нарыг тогтмол сургалтад хамруулж, “Нэг цэгийн үйлчилгээний төв”, Өсвөр үеийн зөвлөгөө өгөх төвтэй хамтран ажиллуулах
• Сумдад бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах
• Боловсролын салбарын эрсдэлийн үнэлгээгээр өрх толгойлсон байдалтай болон айлд амьдардаг 480 гаруй тавиул хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй орчинг бүрдүүлэх
• Үе тэнгийн хүүхдүүд нэгэндээ сэтгэлзүй болон бие махбодийн дарамт үүсгээхээс сэргийлэх
• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь болон бүрэн дунд боловсролд хамрагдах орчныг бүрдүүлэх
• Хүүхдүүд зам тээврийн осол гэмтэлд өртөх хандлага гарч байгаа тул замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчийг байршуулахад анхаарч ажиллах
• Зун, зуншлагааас хамааран өөр аймаг, сумдын нутагта оторлож буй айл өрхүүдийн хүүхдүүдийн эрх ашиг, эрүүл мэндтэй холбоотой эрсдэлийг тооцож ажиллах
• Хүүхдийн мөнгө өөрт нь зарцуулагдаж буй эсэхэд хяналт тавих
• Хүчирхийлэлд өртсөн иргэдэд нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээний зардал, ажлын байр, нууцыг хадгалах, хоол хүнсний хүрэлцээг нэммэгдүүлэх
• Осол, гэмтэлд өртсөн хүүхдүүд иргэд рүү чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах зэрэг санал гаргаж, хэлэлцүүлсэн юм.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 177.1 сая, 2018 онд 238.6 сая, 2019 онд 678.7 сая, 2020 онд 641.7 сая, нийт 1 тэрбум 736.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна