03/12/2025
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон Улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 37 дугаар чуулганаараа шийдвэрлэснээс хойш 33 жил болж байна. Энэ жил энэ өдрийг дэлхий нийтээрээ “Нийгмийн дэвшлийг түргэсгэхийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш оролцуулсан нийгмийг төлөвшүүлье” (Fostering disability inclusive societies for advancing social progress) гэсэн уриа дор тэмдэглэж байна.
Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Ёл оролцон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэж, Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв энэ онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа тайланг танилцуулаа.
Энэ онд уг хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон олон нийтэд чиглэсэн ур чадвар хөгжүүлэх сургалт, сэргээн засах үйлчилгээ, нийгмийн дэмжлэг, явуулын багийн цогц үйлчилгээ зэрэг 20 гаруй үйл ажиллагаагаар 7 мянга гаруй иргэнийг хамруулаад байна.
Төвөөс хүүхэд болон насанд хүрэгчдэд сэргээн засах цогц үйлчилгээ үзүүлэх, асран хамгаалагчдад зөвлөгөө мэдээлэл өгөх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг үйл ажиллагааг тогтмол явуулсны үр дүнд хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, үйлчилгээг ойртуулах, тусгай хэрэгслийн хүртээмжийг сайжруулах зэрэг ахиц гарч байна.
2026 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөгжлийн жилийн төлөвлөгөөнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллыг сайжруулах” арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгаж, санхүүжилтийг 50 сая төгрөгөөс 80 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн төсвийн төслийг батлуулахаар ажиллаж байгааг аймгийн Засаг дарга Ш.Ёл танилцууллаа.
Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр Б.Арсланбаатарыг шагнаж, “Оны бүтээлч иргэн”, “Оны бүтээлч хүүхэд”-ээр шалгарсан иргэдэд шагнал гардуулахын зэрэгцээ Турины тусгай олимпын өвлийн наадмаас хос хүрэл медаль хүртсэн тамирчин М.Амарболд, “Монгол Абилимп-2025” улсын уралдааны гран при шагналт П.Ариунтуяа нарт хүндэтгэл үзүүлсэн.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төвд шаардлагатай хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж хандивласан Төрийн банк, Лайк Трэвэл, Дезерэт ОУБ зэрэг байгууллагуудад талархал гардууллаа.
Арга хэмжээний хүрээнд “Өв тээгч” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн, иргэд олон нийтэд тэдний авьяас чадвар, ур ухаан, уран бүтээлийг танилцуулсан.