26/04/2021
👩❤️👨 ТА ХАРТАЙ ЮУ?🤔
Хардалт бол тийм ч таатай мэдрэмж биш юм. Хүн бүр их бага хэмжээгээр нөгөө хүнээ харддаг. Гэхдээ та бүр хэвийн хэмжээнээс ихээр хардаж, үүнээсээ болоод өөрөө ч тайван байж чаддаггүй бол энэ нийтлэлийг анхааралтай уншаарай.
🟢 Хардалтын үндсэн шалтгаанууд.
1️⃣Өөрийн үнэлгээ доогуур байх
Өөрөөр хэлбэл өөрийгөө дутуу үнэлэх. Та өөрийнхөө давуу талыг олж харахгүй, яагаад таныг хайрлах ёстой вэ, яагаад та өөр хэн нэгний хайрыг хүртэх ёстой вэ гэдгийг төдийлөн сайн ойлгохгүй байгаа учраас. Нөгөө хүн танд хайртай гэдэгт бүрэн дүүрэн итгэж чаддаггүй. Хэзээ нэгэн цагт танд хайргүй нь ил болж дараа нь танийг орхиж явах болно гэдэгт итгэдэг.
2️⃣ Өөртэйгээ адилтгах.
Та өөрөө хэн нэгэнтэй сээтэгнэх дуртай, хамтрагчаа хуурдаг бол түүнийг өөр шигээ адилтгаж болох юм.
3️⃣ Харин 3 дахь шалтгаан бол нэлээд төвөгтэй бөгөөд хүүхэд насаас эхлэлтэй. Ойролцоогоор 4-7 настайд үүсч, насан туршид үлддэг байна. Энэ бол хүүхэд насны сэтгэл зүйн гэмтэл (трамва) юм. Үүнийг хайрын гурвалжин гэж нэрлэе. Энэ юу гэсэн үг вэ? Өөрөөр хэлбэл ээж бид хоёрын хайрын дундуур өөр нэг хүн орж ээжийн намайг хайрлах хайранд саад болдог. Энэ миний аав эсвэл хойд аав, магадгүй ах эгч хэн ч байж болно. Энэ нь дараах шалтгаантай.
• Аав, ээжийн аль нэг нь энэ насанд маш бага анхаарал хандуулж, цаг бага гаргаснаас болж таны сэтгэл зүйн зарим хэрэгцээнүүд (хүлээн зөвшөөрөгдөх, хайрлагдах хэрэгцээ) бүрэн хангагдаж чадаагүй.
• Аав, ээжийн аль нэг нь хэн нэгэнд таниас илүү хайртай байх эсвэл хайраа өөр хүнд илүү түлхүү илэрхийлэх.
Жишээ нь ээж нь охиноо 7 настай байхад дахин гэрлэжээ. Ээж нь хойд аавыг нь өөрөөс нь илүү хайрлах, өөрөөс нь илүү хайрлаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлснээс үүдэн энэ гэмтэл үүсчээ. Энд нэг зүйлийг дурдая. Охин хүүхдийн хувьд аав нь анхаараагүй байхад эсвэл эрэгтэй хүүхдийн хувьд ээж нь анхаараагүй байхад сэтгэл зүйн гэмтэл үүснэ гэсэн үг биш юм. Охин хүүхдийн хувьд ээжийн хайр, эрэгтэй хүүхдийн хувьд аавын хайрыг дутуу мэдэрсэн тухай ч асуудлууд энд багтана. Хүүхэд харьцангуй бага балчир байгаа учраас тухайн асуудлыг ухамсарлах, ойлгох, зохицуулах, шийдвэрлэх чадвар байдаггүй байна. Тиймээс энэ асуудлыг сэтгэлийн гүндээ "хадгалж", хэсэг хугацаанд "мартдаг" байна. Энэ нь асуудлыг шийдвэрлэсэн гэсэн үг биш. Тухайн асуудал хүүхдийн сэтгэлд насан туршид нь үлдэж дараа дараагийн хосын харилцаанд ухамсаргүйгээр нөлөөлдөг. Амьдрал үргэлжилсээр хэзээ нэгэн цагт хүүхэд том болж өөрийн гэсэн амьдралыг зохионо, эсвэл үерхэж нөхөрлөнө.
Ямар нэгэн хүнтэй дотно харилцаа тогтооно гэдэг нь тухайн 2 хүнээс гадна дахиад гуравдагч этгээд үргэлж байна гэсэн үг юм. Энэ хэн ч байж болно. Хадам ээж, эгч, найз, ажлын хамтрагч, дэлгүүрийн худалдагч гэх мэт. Хэзээ ч 2 уулханаа дэлхий дээр оршин тогтнож чадахгүй. Өөр бусад хүмүүстэй харилцах шаардлага бас гарна.
Харин энэ үед нөгөө сэтгэлийн гүнд байгаа “хайрын гурвалжин сэрж, амилдаг байна. Хүүхэд насанд мэдэрсэн хайрлагдаагүй мэдрэмж, ээж, аавыгаа өөр хэн нэгнээс харамлаж, хардаж байсан мэдрэмжээ өнөөдрийн хосын харилцаанд ӨӨРИЙН МЭДЭЛГҮЙ чирж авчирдаг, ухамсаргүйгээр түүнтэй адилтгадаг байна.
Мөн энэ үед эхний 2 шалтгаан ч гэсэн илэрч болно. Хэн нэгэн надад хайртай гэдэгт үл итгэж, өөрийгөө дутуу үнэлэх, голох гэх мэт. Голсноосоо болж өөрийгөө сайхан гэдгийг дахин дахин мэдрэхийн тулд өөр бусад хүмүүсээс харилцааг хүсэж, өөр хүнтэй явалдах, хамтрагчаа хуурах тохиолдол илэрч болно. Тэгэхээр хардалтын шалтгаанууд бүгд хоорондоо холбоотой, орооцолдсон байх магадлалтай байдаг.
❌ Тэгвэл хамгийн ярвигтай шалтгаан болох хүүхэд насны гэмтлээс хэрхэн ангижрах вэ?
✅ 1. Хүүхэд насны тэр дурсамжаа эргэн санах, ухамсарлах, цаашлаад тэр дурсамжаас салах;
✅ 2. Дурсамжтай холбоотой бүх сэтгэл хөдлөл, ялангуяа сөрөг мэдрэмжүүдийг гадагшлуулах, өөр өөртэйгээ ярилцах, өнөөдрийн нүдээр өнгөрсөнд хандах;
✅ 3. Одоогийн харилцаатайгаа жиших, харьцуулах. Хүүхэд насны дурсамж одоогийн харилцаа 2 ямар холбоотой болохыг ухамсарлах.
‼️ Мэдээж эцэг эхчүүд хүүхдүүддээ сэтгэл зүйн гэмтлийг үлдээхгүйн тулд хайрлах, гол нь хайртай гэдгээ цаг тухайд нь мэдрүүлэх нь чухал юм.