25/04/2026
Худал хуурмаг дүүрэн энэ цаг үед Үнэн байх нь
2026 оны 1-р сарын 31 | Ма Лян
(Minghui.org)
Намайг бага байхад эцэг эх маань надад үргэлж сайхан сэтгэлтэй, шударга байж, бусдад хүндэтгэлтэй хандахыг заадаг байсан. Гэвч коллежид орсны дараа юмс тийм энгийн биш болохыг ойлгосон. Олон хүмүүс нэр алдар, эд хөрөнгийн төлөө өрсөлдөж тэмцэлдэж, харин шударга, үнэнч байхыг хуучинсаг, үеэ өнгөрөөсөн зүйл мэт үзэх нь элбэг байв.
Тэр үед 1980-аад он байсан бөгөөд Хятадад олон хүн ижилхэн үзэл бодолтой байлаа. “Хятадын Залуучууд” сэтгүүлд “Яагаад амьдралын зам улам нарийссаар байна вэ?” гэсэн гарчигтай нэгэн нийтлэл хүртэл хэвлэгдэж байсан.
40 орчим жил өнгөрсний дараа Хятадын нөхцөл байдал улам дордсон ч би одоо төөрөлдөхөө больсон. Фалунь Дафагаар бясалгаж буй минь хаана ч байсан надад тодорхой ойлголт, чиглэл өгдөг болсон.
Эцэг эх маань анх Фалунь Дафаг надад танилцуулахад би үүнийг нухацтай авч үзээгүй. Харин “Жуань Фалунь” номын гол сургаалуудыг уншиж эхлэхэд түүний гүн гүнзгий утга агуулгад ихэд гайхширсан. Фалунь Дафагийн үндэслэгч Ли Багш энгийн, ойлгомжтой хэлээр бүхнийг тайлбарлаж, надад байсан бүх асуултад хариулж, өмнө нь мэдэхгүй байсан олон зүйлийг нээж өгсөн.
Эдгээр сургаалууд нь бага насанд эцэг эхийн маань хэлж өгдөг байсан ухаарал, сургаалийг санагдуулж, мөн Хятадын уламжлалт соёлын хэдэн мянган жилийн түүхтэй намайг дахин холбосон. Зүрх сэтгэлийнхээ гүнд би Үнэн, Нинжин, Тэвчээр гэсэн зарчмууд бол миний баримтлах хамгийн чухал үнэт зүйлс гэдгийг мэдэрдэг. Юу ч тохиолдсон бай, би эдгээрийг үргэлж эрхэмлэн хадгалах болно.
Сорилттой нүүр тулах нь
Хятадын Коммунист Нам (ХКН) Фалунь Дафагаар бясалгаж буй хүмүүсийн асар их тоог хүлээн зөвшөөрч чадалгүй, 1999 онд уг бясалгалыг хавчиж эхэлсэн. Энэ нь харамсалтай боловч огтхон ч гайхмаар зүйл биш байв. Карл Марксын онолд тулгуурлан ХКН нь ангийн тэмцэл, үзэн ядалт, худал хуурмаг зэрэг үнэт зүйлсийг баримталдаг. Соёлын хувьсгал (1966–1976), Тяньаньмэний талбайн хядлага (1989) зэрэг түүхийг нь авч үзвэл Фалунь Дафагийн хавчлага эмгэнэлтэй ч гэлээ төсөөлөхийн аргагүй зүйл биш юм.
Эцсийн дүндээ, сайн хүн байхыг сонгох нь хувь хүний сонголт билээ. Жоу гүрний үед Чүй Жү хэмээх өндөр албан тушаалтан Ци гүрний Жуан гүнг хөнөөсөн. Улсын их түүхч энэ гэмт хэргийг тэмдэглэн бичсэн бөгөөд Чүй Жү түүнийг үүний төлөө алсан. Түүхчийн дүү мөн адил бичсэн тул бас алуулсан. Дараагийн дүү нь ч мөн адил бичиж, мөн л адил хувь тавилантай учирсан. Гурван ах нар нь гурвуул алуулсныг харсан ч хамгийн бага дүү нь эргэлзэлгүй, үнэнчээр уг үйл явдлыг тэмдэглэн үлдээсэн. Тэр үед Чүй Жү тэдний үнэнч байдлыг харж, цааш нь зогссон гэдэг.
Энэ түүх нь шударга, үнэнч байхын чухлыг тод харуулдаг. Өнөөдөр бид үнэн бодит түүхэнд хандах боломжтой байгаа нь өнгөрсөнд олон хүн асар их дарамт шахалт дор байсан ч үнэнийг бичиж үлдээсний ач юм. Харин улам олон хүн зарчмаасаа няцвал нийгэм маань зайлшгүй ноцтой үр дагавартай тулгарна.
Хоёр түүх
Жоу гүрний Ю ван хаан Бао Си нэртэй татвар эмтэй байжээ. Бао Си гоо үзэсгэлэнгээрээ алдартай байсан ч хэзээ ч инээмсэглэдэггүй байв. Хаан түүнийг инээлгэхийн тулд бүхнийг оролдсон ч чадсангүй. Нэгэн хүн дайны үед л асаадаг дохионы гал (маяк)-ыг асаахыг зөвлөжээ. Хаан түүний зөвлөснөөр хийж, ойр холын ноёд цэрэгтэйгээ яаран ирж, дайн эхэлсэн гэж бодсон. Бао Си ноёд, цэргүүд ингэж хууртагдсаныг хараад хөгжилдөж, эцэст нь инээмсэглэсэн.
Үүнээс хойш хаан олон удаа дохионы галыг дэмий асааж, тусламж дууддаг болсон. Цэргүүд ирэх бүртээ дайн байхгүйг олж харсаар эцэст нь хаанд итгэхээ больжээ. Дараа нь үнэхээр дайсан довтлоход хаан дахин дохионы галыг асаасан ч хэн ч туслахаар ирээгүй. Үүний улмаас хаан улс гүрнээ алдаж, уг улсын сүүлчийн хаан болсон байдаг.
Өөр нэг жишээ нь Цинь улсын өндөр албан тушаалтан Жао Гао байв. Тэр ордны түшмэдийн үнэнч байдлыг шалгахын тулд бугыг “морь” гэж нэрлэсэн. Хаан үүнд нь итгээгүй тул бусад түшмэдээс асуужээ. Зарим нь “буга” гэж хэлсэн бол зарим нь Жао Гаогоос айж “морь” гэж хэлсэн. “Буга” гэж хэлсэн хүмүүсийг хөөж, заримыг нь цаазалжээ. Үүний дараа хэн ч үнэнийг хэлж зүрхлэхээ больсон. Эцэст нь Цинь улсын хаан (Цинь Эр Ши) уг улсын сүүлчийн хаан байсан гэдэг.
Нийгэмд юу хэрэгтэй вэ
Ямар ч соёл иргэншилд шударга ёс, зөв шударга байдал эцэстээ ялна гэсэн ойлголт үргэлж байдаг. Гэвч энэ үр дүн амархан ирдэггүй, учир нь хүчин чармайлт, тууштай байдал, бүр золиос шаарддаг.
Америкийн уугуул овог болох Черокичууд үеэс үед дамжуулан ярьж ирсэн нэгэн түүхтэй. Энэ түүхэнд өвөө нь ач хүүдээ хүн бүрийн дотор явагддаг хоёр чонын тэмцлийн тухай ярьдаг. Нэг нь муу чоно бөгөөд уур хилэн, атаархал, гуниг, харамсал, шунал, бардамнал, өөрийгөө өрөвдөх, гэмшил, хорсол, дорд үзэх сэтгэл, худал хуурмаг, хиймэл бардам зан, өөрийгөө дээгүүрт тавих, эго зэрэг шинжийг илэрхийлдэг. Харин нөгөө нь сайн чоно бөгөөд баяр баясал, амар тайван, хайр, найдвар, тайван байдал, даруу зан, сайхан сэтгэл, энэрэл, өрөвдөх сэтгэл, өгөөмөр зан, үнэнч байдал, энэрэн нигүүлсэхүй, итгэл зэргийг илэрхийлдэг.
Бодож үзсэний дараа хүү асуув:
“Аль чоно нь ялдаг вэ?”
Өвөө нь хариулав:
“Чи аль чоноо тэжээнэ, тэр нь ялна.”
Бид бүгд эргэн тойрныхон маань шударга, үнэнч байж, бидэнд сайн ханддаг нийгэмд амьдрахыг хүсдэг. Гэвч хэрэв бид тус бүр дотроо муу бодлыг тээж, түүнийг дагавал бидний нийт сайн сайхан байдал доройтох нь гарцаагүй. Нэг алхам ухарч, нийгэмд юу хэрэгтэйг бодож, муу чоноо тэжээхийн оронд зөвийг сонговол бид зөв замд орно.
Ийм учраас ХКН 27 жилийн турш Фалунь Дафаг хавчиж байгаа ч би итгэлдээ бат зогсож байна. Миний туулж, харсан зүйл дээр үндэслэн Фалунь Дафа бол зөв шударга гэдгийг, харин энэ хавчлага нь нам өмнө нь хийж байсан шиг гэм зэмгүй хүмүүсийг онилсон улс төрийн кампанит ажил гэдгийг би мэднэ. Үүр цайх үед өөрчлөлт ирнэ гэдэгт би итгэдэг.
Одоогоор ХКН гадаадад суртал ухуулгаа тарааж, Фалунь Дафа болон Шэнь Юнь урлагийн хамтлагийг гүтгэж байна. Шэнь Юнь бол Дафагаар бясалгагчид оролцож, Хятадын уламжлалт соёлыг тайзнаа үзүүлэхэд зориулагдсан хамтлаг юм. Энэ нь дахин нэг удаа бид бүгдэд үнэн бодит байдлыг олж мэдэн, илүү олон хүнд түгээх боломжийг олгож байна.
Нийгэмд болж буй зүйлс санамсаргүй биш байж болох юм. Эртний гүн ухаантан Сократ гэм буруугүй хэрнээ шүүгдэхдээ: “Шалгаж тунгаагаагүй амьдрал амьдрах үнэ цэнгүй” гэж хэлсэн байдаг. Бид сэтгэлээ намжааж, мөс чанараа сонсвол зөв бурууг ялгаж чадна. Энэ нь маш чухал, учир нь бидний хийж буй сонголтууд бидэнд харьяалагдах ирээдүйг тодорхойлох юм.
https://en.minghui.org/html/articles/2026/1/31/232492.html
A practitioner offers a perspective on maintaining one's integrity despite being surrounded by lies and pressure from evil forces.