11/01/2016
Усны менежмент
2. Монгол улсын усны нөөц, ашиглалт
Олон улсын судалгааны дүнгээр Монгол Улс усны нөөц багатай орны тоонд багтаж 173 орноос 104-т оржээ. Монгол орны нийт ус ойролцоогоор 600 шоо км. Үүний 1,6% нь газрын доорхи ус, 10% нь мөс, 82% нь нуур цөөрөм, 5,6% нь гол мөрний ус. Өөрөөр хэлбэл гадаргын гол мөрний ус 33,6 шоо км, газрын доорхи ус 9,6 шоо.км байна гэсэн үг. Монгол улс хуурай уур амьсгалтай усны нөөцөөр харьцангуй бага ч цөлөрхөг улс орнуудыг бодвол боломжийн, тэдний дэргэд манай орон усгүй биш харин байгаа усаа ашиглаж чаддаггүй. Гадаргын усны 38% нь Монголдоо шингэж, 62% гадагшаа урсдаг тухайлбал гол мөрний усны дийлэнх нь буюу 10 гаруй гол Сэлэнгээр дамжаад хойшоо урсаад, тодорхой хэсэг нөөц Хэрлэн, Онон, Улзаар дамжаад Номхон далай руу, зүүн тийшээ 5-6 гол гараад гарчихдаг. Тиймээс гадаргын усаа хуримтлуулж ашиглах ёстой орон. Гэтэл ашиглалтын хувьд 80 хувийг газрын доорх усаар, 20 хувийг гадаргын усаар хангаж, усны нөөц багатай хирнээ гадаргуу дээрх усаа биш гүний нөөц багахан усаа түлхүү ашигладаг манай улсын тогтолцоо гаж гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсээр байна. Хүнд цаг уурын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, зуны ган гачиг болон хатуу ширүүн өвлийн улиралд зуд, уур амьсгалын эрс тэс нөхцөл нь монгол орны усны нөөц багасгахад бас нөлөөлдөг. Үүний зэрэгцээ усны хэрэгцээ огцом өсч, аж үйлдвэр хөдөө аж ахуй нэмэгдэж, хотжилт тэлж байгаа зэрэг нийгэм-эдийн засгийн үйл ажиллагаа гадаргын болон газрын доорх усны нөөц усны буурахад нөлөөлж байна.
Гадаргын усны асуудал Монгол орны гадаргын усны байдал аж ахуйн болон хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөө, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн тун хурдтайгаар доройтож байна. 2003-2007 оны хооронд дөрөвхөн жилийн дотор 204 гол горхи, 612 булаг шанд, 406 нуур тойром ширгэсэн судалгааны дүн байна. Нийт хүн амын бараг тал нь оршдог Туул голын эх, экосистем, усны нөөц, горим, чанар, УБ хотын орчим, голын адагт антропоген нөлөөллөөр онц байдал тогтоохоор хэмжээнд хүрлээ. Зайсангийн орчим Туул голын усны хэмжээ олон жилийн дунджаас 48 хувь багасч, яармагийн орчим бохирдол 10-20 дахин нэмэгдсэн. Монгол орны үндсэн гурван бүсийн нэг говь тэр чигээрээ усгүй. Тал хээр ерөнхийдөө усгүй талдаа. Ойт хээр буюу уулархаг газраа бороо орсон үед жаахан ус урсана. Гэхдээ урсаад гараад явчихдаг.
Газрын доорх Монгол орны өмнөд хагаст хур тунадас маш бага унадаг, дээрээс нь дэлхийн дулаарлын улмаас цөлжилт хурдацтай явагдаж байхад ус ихээр хэрэглэдэг уул уурхай, эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтууд гол төлөв ус бага, цөлжилт ихтэй говийн бүсэд эхэлчихсэн байдаг. Энэ бүгдийн усны хэрэгцээг говийн газрын доорх уснаас хангаж, их хэмжээгээр авбал нөөц нь хомсдох, давсжих, цөлжилтөд түлхэц өгөх хор уршигтай. Ашиглахдаа гүний усны мониторинг хяналтыг маш сайн хийх хэрэгтэй байна, 1000 метрийн гүн дэх ус ямар ч тэжээгдэл байхгүй учраас хөрсний усыг доош нь шимэн шимсээр цөлжилтөд хүргэдэг. Говийн бүсийн газрын доорх усыг их хэмжээгээр урт хугацаанд горимгүйгээр авч ашиглахыг зогсоох хэрэгтэй байна.
Улаанбаатар хот Туулын саваас төвлөрсөн хэрэгцээнд 170 орчим худгаас хоногт 167 мянган шоо метр ус авч ашиглаж байгаа ч огцом өсч буй хүн ам, шинээр ашиглалтанд орж буй хорооллууд, хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахгүй, улмаар алсаас усаа татах, үгүй бол Туулын усан сан байгуулах асуудал тулгарч байна.
Газар доорхи хурдаснаас авсан цэвэр, чанартай усаа уул уурхай, эрчим хүч, түүхий эд боловсруулахад ашиглаж байгааг зогсоож “саарал ус”-аа ашиглах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхийг амьдрал шаардаж байна.