26/07/2021
👋 Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан оройн мэнд хүргэе.
🏆🎯 Олимпын наадам эхлээд дөрөв дөх өдөр нь ингээд өндөрлөх тийшээ хандаж байна. Энэ дөрвөн өдөрт бид түүхэн олон сайхан мөчийг харлаа. Монголын болон гаднын тамирчид бүгд эхнээсээ өөрсдийн болон олон улсын түүхэн амжилтуудыг гаргасаар явна.
🥉🥉 Энэ дөрвөн өдрийн байдлаар бид 2 хүрэл медальтай явна. Хоёр медалийг Жүдо бөхийн төрлөөр аваад байгаа билээ. Дараа дараагийн өдрүүдэд өрсөлдөх бүх тамирчиддаа амжилт хүсье бас бүгдэд нь баярлалаа!
7 сарын 24-ний өдрийн тэмцээнүүдэд юу болсон тухай багцлаад та бүхэндээ хүргэе. . 🥋🥉🏀🏓🥊🔫
- Бид хоёрдох өдрөө буюу 7 сарын 24-нд энэ Олимпын анхны медалиа хүлээн авсан нь Жүдо бөхийн төрөл байв. 48кг-д хүч сорьсон Мөнхбатын Уранцэцэг тамирчин маань өөрт нь дутуу байсан ганц медаль болох Олимпын медалиа ийнхүү хүлээн авч чадлаа! Маш том баярыг хүргэе.
- Жүдо бөхийн 60кг-д хүч сорьсон Д. Амартүвшин нь эхний барилдаан дээрээ Нидерланд улсын бөхтэй барилдан ялагдан Олимпоо өндөрлүүлсэн юм.
- Энэ түүхэн өдөр бид анхныхаа удаа ширээний теннисний төрөлд хүчээ сорьцгоосон юм. Ингээд зогссонгүй анхны ялалтыг Б.Болор-Эрдэнэ тамирчин маань Тунисийн тамирчныг ялж байгуулсан билээ. Хоёрдох тоглолтоо Чили улсын тамирчинтай хийн хожигдсон ч мундаг тамирчиндаа баярлалаа бас амжилт хүсье! Э.Лхагвасүрэн тамирчны маань хувьд АНУ-ын тамирчинтай тоглож хожигдсон хэдий боловч бас л түүх болон үлдэж байна. Амжилт хүсье!
- Хийн урт бууны 10м-ийн эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн О. Есүгэн нь 25-р байранд 624 оноотойгоор оржээ.
- Тэгвэл хийн урт бууны 10м-ийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Э. Даваахүү нь 12-р байранд орсон байна.
- Тэгвэл сагсан бөмбөгийн 3х3 төрөл буюу багийн спортоор анх удаагаа эрхээ аван оролцож буй сагсчид маань эхний тоглолтуудаа хийгээд амжсан. Эхний тоглолтоо хүчирхэг Италийн эсрэг хийж тун ч ойрхон үзсэн боловч 14-15 гэсэн харьцаатайгаар хожигдсон. Тэгвэл орой нь АНУ-н хүчирхэг шигшээтэй тоглосон бөгөөд мөн л хожигдсон юм. Гэвч тэд түүх бичиж байгааг бид санах хэрэгтэй. Охиддоо болон ард нь ажиллаж буй бүх хүнд баяр хүргэе бас амжилт хүсье!
- Мөн энэ өдөр Э. Цэндбаатар маань эхнийхээ ялалтыг байгуулснаар шилдэг 16-д үлдлээ. Дараагийн тулаан нь 28-нд Вьетнамын тамирчинтай байх юм.
7 сарын 25-ны өдрийн тэмцээнүүдэд юу болсон тухай багцлаад та бүхэндээ хүргэе. 🔫🏀🥋🥊
- Хийн гар бууны 10м-ийн төрөлд өрсөлдсөн Ц.Анударь маань есдүгээр байранд оржээ. Тэгвэл мөн энэ төрөлд өрсөлдсөн 7 дахь удаагийн Олимпдоо оролцож буй О.Гүндэгмаа тамирчны маань хувьд 30-р байранд жагссан байна. Тэрээр 7 сарын 29-ний өдөр өөрийн үндсэн гар бууны 25м-ийн төрөлд сумаа тавих юм. Амжилт хүсье.
- 3х3 сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж буй охидын маань дараа дараагийн тоглолтууд явагдсаар байна. Японы хүчтэй багтай тааран 19-10 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн. Дараа нь ОХУ-тай тоглон хожигдсон.
- Жүдо бөхийн 52кг-д хүч сорьсон Л. Сосорбарам тамирчны хувьд эхний барилдаан дээрээ цэвэр ялсан хэдий боловч дараагийн барилдаан дээрээ Швейцарын бөхөд ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
- Жүдо бөхийн 66кг-д хүч сорьсон Ё. Басхүүгийн хувьд дагах барилдаан хийхээр болсон хэдий боловч дагах барилдаан дээрээ харамсалтайгаар торгуулиар ялагдсан юм. Тэрээр энэ удаагийн Олимпыг 7-р байраар өндөрлүүлж байна.
- Боксын Б. Чинзориг маань эхний тулаан дээрээ ялагдсанаар энэ удаагийн Олимпоо өндөрлүүлжээ. Цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсье.
7 сарын 26-ны өдрийн тэмцээнүүдэд юу болсон тухай багцлаад та бүхэндээ хүргэе. 🏀🥋🥉
- Өглөө 3х3 сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж буй тамирчид маань Румынтэй тоглосон бөгөөд 14-22 гэсэн харьцаатайгаар хожигдсон байна. Тэгвэл дараагийн учраа болох Франц улстай охид маань ана мана үзсэний эцэст 22-18 гэсэн харьцаатайгаар хожигджээ. Тэд маргааш сүүлийн тоглолтоо хийнэ, амжилт хүсье.
- Жүдо бөхийн 57кг-д Д. Сумъяа эхний барилдаан дээрээ унав.
- Жүдо бөхийн 73кг-д Ц. Цогтбаатар Монгол улсын энэ удаагийн Олимпын хоёрдох медаль, хоёрдох хүрэл медалийг авчрав. Тэрээр хагас шигшээд Оно аваргатай таарч хүчтэй тулаан үзүүлсэн хэдий боловч ялагдсан юм. Гэсэн ч хүрэл медалийн төлөөх барилдаан дээр яалт ч үгүй Канадын тамирчнаас илүү байж өөрийн 5 жилийн өмнөх хийж чадаагүй ажлаа ийнхүү хийж чадлаа. Түүнд баяр хүргэе.
Үүнээс гадна Монголын спортын түүхэнд анх удаагаа эмэгтэй шүүгч финалын барилдааныг дэнсэлсэн сайхан зүйл тохиолдлоо. Олон улсын жүдо бөхийн холбооны Олимпын зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэгтээ баяр хүргэе. Тэгээд бүр дараалсан хоёр өдөр эмэгтэй 52кг болон эрэгтэй 73кг-ийг шүүлээ.
Бас шүүгч нараараа бүгдээрэнгээр нь бахархаж байна. Энэ удаагийн Олимпод Монголоос Л.Одгэрэл (Хүндийг өргөлт), Э.Саруул (Байт харваа), Т.Энхцэцэг (Жүдо бөх), Ц.Цогтгэрэл болон О.Мандахбаяр (бокс) нар шүүгчээр оролцож байна. Бүгдэд нь амжилт хүсье. 😊🙏