05/05/2026
✨ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ТУЛГЫН ЧУЛУУГ ТАВЬСАН ЭМ ЗҮЙЧИД! ✨
“Энхийн шүүдэр” ХХК-ны үүсгэн байгуулагч, зөвлөх, эм зүйн ухааны доктор, дэд профессор, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан ОРГОДОЛЫН ДАМБА эм зүйч
О. Дамба нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, жигд хүргэхэд онцгойлон анхаарч зайлшгүй шаардлагатай эмийн нөөц бүрдүүлж, хүн ардыг импортын эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй ханган ажилласан хөдөлмөрч эм зүйч. Цаашлаад импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг эх орондоо бий болгох их үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлч, судлаач эрдэмтэн. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, түүнтэй холбоотой бүхий л дүрэм, журам, стандартыг шинэчлэн боловсруулах, мөрдөн хэрэгжүүлэхэд тасралтгүй оролцож, салбарт тулгамдаж буй асуудалд судалгаа шинжилгээ хийж, шийдэл олж сайжруулахад өөрийгөө болон баг хамт олноо дайчлан, манлайлж ажилласан удирдагч эм зүйч.
👩🎓Тэрбээр АУДуС-ийг хүний бага эмч, АУДэС-ийг эм зүйч мэргэжлээр төгссөн, Марксизм, ленинизмийн оройн их сургуульд эдийн засаг, улс төрч мэргэжил эзэмшсэн хос мэргэжилтэн. АУДэС-д “Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон антибиотик эмийн хэрэглээнд хийсэн маркетингийн судалгаа” сэдвээр эм зүйн ухааны докторын зэрэг хамгаалж, дэд профессор цол хүртсэн, зөвлөх зэргийн эм зүйч.
👩💼Ажлын гараагаа Баянхонгор аймгийн Бууцагаан суманд бага эмчээр эхэлсэн бол эм зүйчийн карьераа Дархан хотын ЭСУК-н даргаас эхлээд, Монгол эм импекс концернын орлогч захирал, Эмийн заводын захирал, “Энхийн шүүдэр” эмийн үйлдвэрийн үүсгэн байгуулагч, зөвлөхөөр ажилласан. Тэрбээр МЭЗБН-ын “Эм” Холбооны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүн, Хүний эмийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан. Мөн 5 ном, товхимол, 20 орчим мэргэжлийн хууль дүрэм бодлогын баримт бичиг, 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийг дотоод, гадаадыг сэтгүүлд хэвлүүлж, 4 оюуны өмчийн эрх, 15 үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл, 30 гаруй улсын стандарт батлуулсан. Салбартаа үр бүтээлтэй, тасралтгүй 50 гаруй жил ажилласныг төр засаг үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цол хэргэмээр шагнажээ.