
20/11/2024
ИОГ🧘♂️🧘 БА ЭРЧИМ☯️ (ЭНЕРГИ)🕉⚛️
Хүмүүн бидний бүрдэл хэсгийн хорин хувь нь махан буюу физик биеэс үлдсэн наян хувь нь хий биеэс тогтдог гэдэг нь нэгэнт батлагдаад байгаа билээ. Хий бие нь амьсгал, бодол, энерги, сэтгэл зэргээс бүрдэж байдаг ажээ. Тэгэхээр хүний энерги, хий биеийн нөөц бололцоо нь дотоод мөн чанартаа оршин байдаг.
Бидний ухамсар биеийг холбосон гол зангилаа нь энергийг хүлээж авах, боловсруулах, буцааж гарган түгээх үүрэгтэй үндсэн долоон энергийн хүрд юм. Хүнд далан хоёр мянган энергийн судлууд түүнийг дагасан маш олон энергийн хүрд буюу чакранууд байдаг байна. Нурууны доод хэсгээс толгойн орой хүртэл эгнэн байрлах энергийн үндсэн долоон чакра нь амьдралыг тэтгэх хүч бөгөөд сав шим ертөнцийн бүхий л зүйлтэй биднийг холбодог билээ.
Хүний сэтгэл өөрөө туйлын тогтворгүй чанартай. Жинхэнэ дотоод сэтгэлийн хүчээ удирдаж, амар амгаланг эрэлхийлэн физик биедээ энергийн тэнцвэрт байдлыг хадгалж чадвал дотоод мөн чанар маань сэрж буй хэрэг юм. Иогийн дасгалуудыг тогтмол хийж аж амьдралынхаа нэгэн зуршил болгосноор бид дотоод мөн чанараа сэрээж сайн сайхан, баяр баяслыг мэдэрч амар түвшин амьдрах боломжтой.
Учир нь иог бол бие сэтгэл ухамсрын нэгдэл юм.
Сэтгэл тогтворгүй байх, өвчинд өртөмхий байх, биеийн хөшингө байдал, айдастай амьдрах, ажил үйлс бүтэлгүйтэх, өөртөө итгэлгүй байх гэх зэрэг орчны болоод бие махбодын тааламжгүй илрэлүүд нь энергийн хүрдүүд түгжигдэж, хүрднүүд нэгээс нөгөөдөө эрчмээ чөлөөтэй урсгалаар дамжуулж чадахгүй, доголдож буй хэрэг юм. Иймд энергийг биеэр чөлөөтэй урсгаж байдаг, эрүүл амьдарч урт удаан наслахын үндэс болж байдаг иогийн дасгалууд нь энергийн хүрдүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар товч авч үзье.
🔴ЗОРИГ ИТГЭЛ (1-р чакра) МУЛАДХАРА нь - Ахар сүүлэнд байрладаг энэхүү чакра газар дэлхийтэй холбогддог. Хүний амьдралын ерөнхий чадвар, чанарыг, ноён нурууг илэрхийлж байдаг энэ чакра нь хүний удмын сангийн мэдээллийг хадгалж байдаг урт насалж, сайхан амьдрахын үндсийг бүрдүүлж байдаг маш чухал чакра билээ. Мөнгө, хоол, бие даасан байдал гэх мэт амь зуулгатай холбоотой. Улаан өнгө нь газар шорооноос энерги авч бүхий л түвшинд дамжуулах ба өөрийгөө ухамсарлах, тогтвортой амьжиргаазэргийг бэлгэднэ. Мөн хүний сүнсэн биеийг махан биетэй холбож өгч байдаг.
Энэ чакраны тэнцвэр алдагдвал яс сийрэгжих, үе мөчөөр өвдөх, булчин сулрах зэрэг өвчлөлүүд илрэх ба сэтгэл амархан хямардаг, сул дорой, өөртөө итгэлгүй байх нь элбэг. Энэ хүрдний тэнцвэрт байдлыг хадгалахын тулд иогийн зогсоо дасгалуудыг амьсгалтайгаа хослуулан хийх нь үр дүн сайтай. Энэ хүрд нь шороон махбодтой.
🟠АЗ ЖАРГАЛ (2-р чакра) - СВАДХИСТАНА нь амгаланг тэтгэгч хүрд юм. Хэвлийн доод хэсэгт хүйснээс доош гурван хуруу зайд байрладаг байрлах энэхүү чакра харилцаа холбоо, адал явдалтай холбогддог. Улбар шар өнгийн энергитэй бөгөөд аз жаргал, итгэл, элбэг дэлбэг байдлыг бэлэгддэг. Улбар шар өнгө нь амжилтын өнгө бөгөөд өөрийгөө болон бусдыг хүндлэх хүндлэлийг илтгэнэ. Нөгөө талаас улбар шар өнгө сэтгэл хөдлөл, мэдрэмжийг сэргээж биеэ дааж, нийтэч байхад тусалдаг. Энэ хүрдний энерги алдагдвал бага таазны эрхтэнүүд, ялгаруулах замын эрхтэнүүд, бөөр давсаг, түрүү булчирхайн үйл ажиллагаа доголддог. Мөн бэлгийн харьцаанд дур сонирхолгүй болох, ханамж таашаал авахгүй байх зэрэг сул талуудтай. Мөн хөгшрөлт хурдан явагддагийг санах хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс жирэмсэн болохгүй байх, савны гадуур жирэмслэх, олсон үр тогтохгүй байх зэрэг нь энэ чакраны тэнцвэр муу байдагтай холбоотой. Энэ чакраны тэнцвэрийг олдог дасгалууд нь ташаа дэлгэсэн байрлалууд юм. Свадхистана чакра нь усан махбодтой.
🟡ХҮЧ ЧАДАЛ (3-р чакра) - МАНИПУРА нь наран сүлжээнд байрладаг. /хэвлийн дээд хэсэгт, өрцний дор байрладаг/. Энэ нь хүйснээс дээш хоёр хуруу зайд байдаг ба хоол боловсруулах эрхтэнүүд, хүний дотоод хүч чадалыг хариуцдаг.
Мөн эд баялагийн энерги, хүний бусдыг удирдах манлайлах чадварыг давхар хариуцаж байдаг ажээ. Амьдралаа хянаж, итгэлтэй байхад нөлөөлдөг.
Шар өнгө нь бүтээлч өнгө бөгөөд өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой. Өөрийгөө яаж үнэлнэ, бусад хүмүүс яг тэгж үнэлдэг. Наран сүлжээ чакра нь зан чанар, эго, ухаантай холбогддог. Шар өнгө нь ойлгож, хүлээж авах чадварыг дэмждэг бөгөөд хүний оюун санаатай шууд холбогддог.
Иогийн хэвлийн дасгалуудыг хийснээр гал махбодтой энэхүү хүрдний эрчим сайжирдаг байна.
🟢ХАЙР ЭНЭРЭЛ (4-р чакра) - АНАХАТА нь хайр энэрлийг хариуцаж байдаг хий махбодтой хүрд юм.
Зүрх судас уушиг гэх зэрэг цээжний хөндийн эрхтэнүүд энэ хүрдтэй хамаатай хайр, баяр хөөр, дотоод амар амгалантай холбоотой. Ногоон өнгө нь бусдыг болон өөрийгөө хайрлах хайр, нөхцөл болзолгүй өгч, авалцах зэрэгтэй холбоотой. Ногоон өнгө булчин, мэдрэлийн системийг тайвшруулж, бодлыг багасгадаг. Ногоон өнгө нь хайрыг бадрааж, бүхий л бие, сүнсийг тэнцвэржүүлэн амраадаг.
Хүн өөрөө сэтгэл зүрхээрээ гомдол тээхгүй, бусдад хар буруу санахгүй, өөдрөг байж талархалтай амьдрах нь энэ хүрдний эрчимийг сайн байлгадаг.
Мөн бусдаас хайр халамж сайхан сэтгэлийг авч байгаагийнхаа хэрээр бусад хүмүүст сайхан сэтгэлийг харамгүй түгээн өгч байх нь эрүүл саруул амьдрахын эх үүсгүүр болдог.
Энэ хүрдийг тэнцвэртэй байлгахын тулд цээж дэлгэн гэдийх байрлалтай дасгалуудыг хийдэг байна.
🔵МЭДРЭМЖ ХАРИЛЦАА (5-р чакра) – ВИШУДХА нь хоолойнд байрлах бөгөөд мэдлэг, эрүүл мэнд, шийдэмгий байдлыг илэрхийлнэ. Цэнхэр өнгө нь оюун санааг бэлгэдэх бөгөөд өөрийгөө илэрхийлэх арга замуудтай холбоотой. Эдгээр нь илтгэл, яриа, харилцаа холбоо, хэрэгцээ шаардлага, зорилго, үнэнийг илэрхийлэх зэрэг юм.
Хүзүү нь хөөрч хөшдөг, хоолойн өвчлөлтэй, харшимтгай хүмүүсийн хоолойн чакра хаалттай байдаг. Мөн хоолойн чакра нь харилцаа, ажил үйлсийн өөдрөг байдлыг хариуцаж байдаг ба энэ хүрд нь хаалттай хүмүүст ажил үйл нь бүтэмж муутай, бусдад өөрийгөө илэрхийлэх чадвар муутай байх зэрэг шинжүүд ажиглагддаг. Чакраны тэнцвэрийг сайн барьдаг дасгалууд нь хүзүү сунгасан дасгалууд юм. Тэнгэр огторгуйн махбодтой.
Дээрх таван энергийн хүрднүүд нь таван махбодын биеийг давхар хадгалж байдгаараа байгаль, газар шороо, ус, огторгуйгаас энерги авдаг. Энэ утгаараа хүмүүн бид таван махбодийнхоо тэнцвэрт байдлыг хадгалах талаар ойлголттой байх нь хүрднүүдийнхээ эрчимийг сэргээж эрүүл энх, амжилт бүтээлтэй, урт насалж сайхан амьдрахын үндэс болж байна
🔷️ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ДАЛД ЧАДВАР (6-р чакра) - МЭЛМИЙН ХҮРД АЖНА нь - Духан дээр байрлан гуравдагч нүд, бэлгийн мэлмий хэмээн нэрлэгдэж байдаг энэ чакра нь хаалттай бол нүдний эрүүл мэнд, хараа муудах, нүд өвдөх, мөн нүүрний эмгэгүүд үүсэх хандлагатай. Хөмсөгний дээр духны голд байрлах энэ чакра зөн билэг, далд ур чадвар, төсөөлөл, алсын хараатай холбоотой. Индиго буюу ягаан туяатай гүн хөх өнгө нь хувийн хариуцлагыг илэрхийлдэг. Өөрийн амьдралыг гартаа авч, сүнслэг хөгжлийн замаар явж, өөрийн зөн билэгтээ итгэх итгэл зэрэгтэй холбоотой. Аливаа зүйлсийг эгогоор буюу материаллаг талаас нь бус илүү "өндөр" байр сууринаас хардаг. Индиго энерги нь биднийг далд ухамсартай холбож, ертөнцийн нэг хэсэг болохыг мэдрүүлдэг. Зөн билэг, төсөөлөл, далд ур чадвар, зүүд зэргийг дэмжиж өгдөг.
Иогийн тэнцвэрийн дасгалуудаар энэ хүрдний эрчмийг тэтгэдэг. Ингэснээр хүн өөртөө итгэлтэй байх, ухамсартайгаар бусдыг ойлгох, амьдралдаа зөв шийдвэр сонголт хийх зэрэг сайн талтай.
🟣МЭДЛЭГ, ТАНИН МЭДЭХҮЙ - (7-р чакра) ТИТЭМ ХҮРД САХСРАРАГ нь оюуны хүрд хэмээн нэрлэдэг. Толгойны оройд байдаг, нил ягаан өнгөтэй. Оюунлаг байдал, төвлөрөл, тархи толгойны үйл ажиллагааг хариуцдаг Гоо үзэсгэлэн, бүтээлч байдал, урам зоригийг тэтгэнэ.
Ягаан өнгийн энерги нь өөрийгөө таних, сүнслэг ухамсартай холбоотой. Дээд би, дээд ухамсартай холбогдсоныг илэрхийлнэ. Бүтээлч сэтгэлгээ, уран бүтээл, туурвилыг дэмждэг.
Бясалгал хийх нь энэ хүрдийг маш тэнцвэртэй байлгадаг бөгөөд хүний энергийг ертөнцийн энергитэй холбож дээд ухамсарыг хөгжүүлж байдаг.
Дээр дурдсан иогийн дасгалуудыг оюун санаагаараа удирдан хийж зөв амьсгалтай хослуулснаар та амьдралын баяр баясгаланг мэдэрч амжилт бүтээлээр дүүрэн эрүүл энх амьдралаар урт наслах болно. Учир нь иог бол бие, сэтгэл, оюун гуравт зэрэг нөлөөлж эрчимийг тэтгэдэг гайхамшиг билээ.