18/04/2026
Бид өөрсдийгөө хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ухаалаг, мэдээлэлд ойр эринд амьдарч байна гэж боддог. 2 цагийн киног кино товчлолоор 5 минутад багтааж үзээд, 500 хуудас номыг 1 минутын бичлэгээр тайлбарлуулаад, "Аан, энэ чинь ийм л утгатай юм байна" хэмээн өөрсдийгөө маш их цаг хэмнэж, асар хурдтайгаар хөгжиж байна гэж итгэдэг.
Гэвч яг үнэндээ, энэ бол орчин үеийн сэтгэл зүй, мэдрэл судлалын хамгийн том эмгэнэл юм.
#ТикТок тархи: Юу ч мэдэхгүй хүүхдээс ч илүү аюултай төлөв
Сэтгэл судлаач болон технологи судлаач Николас Карр өөрийн алдарт "The Shallows" номондоо интернэт болон богино контентууд бидний тархийг хэрхэн гүнзгий, анализ хийх чадваргүй, зөвхөн гадаргуугаар гулсдаг болгож хувиргаж байгааг олон жилийн өмнө маш тод тайлбарласан байдаг.
Та ямар нэгэн нарийн төвөгтэй сэдвийг 60 секундын Reels-ээс үзэх үед таны тархинд Допамин ялгарч, тухайн мэдээллийг "Бүрэн эзэмшлээ" гэх хуурамч мэдрэмж төрүүлдэг. Гэтэл энэ нь яг л ходоод хоосон хэрнээ чихэр идээд цадчихсан мэт хуурмаг мэдрэмж юм.
Хамгийн аюултай нь, тархи нэгэнт "Би үүнийг мэднэ" гэсэн шошго наачих л юм бол дахиж тэр сэдвийн талаар гүнзгийрүүлэн унших, судлах бүх хаалгаа тас гагнаж орхидог. Юу ч мэдэхгүй хүүхэд дор хаяж өөрийнхөө мэдэхгүйг ухамсарлаж, суралцахад нээлттэй байдаг бол, өнгөцхөн мэдээллээр тархиа дүүргэсэн насанд хүрэгчид "Бүхнийг мэддэг юм шиг хэрнээ, яг үнэндээ юу ч мэддэггүй" амьд зомби болон хувирдаг.
Одоо үүн дээр Хиймэл оюун ухаан нэмэгдсэнээр байдал бүр хурцадсан. "AI бүхнийг хийж чадах юм чинь бид ном уншиж, тархиа зовоох шаардлагагүй" гэх асар гэнэн, бас аюултай бодол нийгэмд тархаж байна.
Гэтэл хиймэл оюун ухаан гэдэг бол бүхнийг мэдэгч бурхан биш. Энэ бол зүгээр л өмнөх үгэн дээр үндэслэн дараагийн үгийг таамагладаг, математик магадлалын алгоритм юм. Тийм учраас AI нь хүнд яг л сонсохыг хүссэн зүйлийг нь, ямар ч эргэлзээгүйгээр маш итгэлтэйгээр зохиож хэлэх магадлалтай байдаг. Үүнийг технологийн хэллэгээр "AI Hallucination" гэдэг талаар бид урьд нь постолж байсан. Огт байхгүй түүхэн баримт, зохиомол эх сурвалжийг яг л үнэн мэтээр гаргаж ирнэ.
Хэрэв та өөрөө гүнзгий уншиж судлаагүй, суурь мэдлэггүй бол хиймэл оюуны энэхүү хуурмаг зохиолд сохроор итгэнэ. Ингэснээр Confirmation Bias буюу зөвхөн өөрийнхөө зөв гэж боддог зүйлсийг AI-аар батлуулж, түүндээ бүрэн автаж, хуурмаг түүхийг бодит үнэн хэмээн эндүүрч эхэлдэг. Бид улам ухаажих биш, харин эсрэгээрээ өөрсдийнхөө сургасан алгоритмынхаа гарт тархиа угаалгаж байна гэсэн үг юм.
#Ирээдүйн хамгийн үнэтэй чадвар юу вэ?
Ихэнх хүмүүс "Ирээдүйд AI бүхнийг хийнэ, хүн юу ч бодох шаардлагагүй" гэж эндүүрч байх энэ цаг үед, яг эсрэгээрээ "Гүнзгий сэтгэх, шүүмжлэлтэй дүн шинжилгээ хийх чадвар" нь хүн төрөлхтний хамгийн ховор бөгөөд хамгийн өндөр үнэтэй капитал болох гэж байна.
Бүх хүн AI ашиглаж чаддаг болсон үед үр дүнгээрээ ялгарах ганц зүйл нь: Та тэрхүү AI-г хэрхэн чиглүүлж, удирдах вэ? гэдэг асуулт юм.
Хэрэв танд том зургаар нь харах чадвар, философийн суурь сэтгэлгээ, Critical Thinking байхгүй бол та AI-д зөв асуулт тавьж чадахгүй, гаргаж ирсэн алдаатай мэдээллийг нь шүүж чадахгүй. Эцэст нь та AI-ийн боол нь болно. Харин урт нийтлэл уншиж, бүтэн киног тэвчээртэй үзэж, мэдээллийг өнгөцхөн биш гүн гүнзгийгээр судалж тархиа дасгалжуулсан тэр л цөөхөн хүмүүс ирээдүйд AI-г дарангуйлж, түүнийг өөрийнхөө хүчирхэг зэвсэг болгон ашиглаж чадна.
#Тархиа "Хог"-оос чөлөөл
Асар хурдтай урсах энэ мэдээллийн урсгал дунд алдалгүй амьдрах ганц арга бол "Бүх бичлэгийг үзэх" биш, харин "Юуг үзэхгүй байх вэ" гэдгээ шүүх явдал юм.
Богино хэмжээний бичлэгүүд танд мэдээлэл өгч байгаа мэт санагдах боловч, үнэн хэрэгтээ таны "Анхаарал төвлөрөх" чадварыг хулгайлж, тархийг тань гүнзгий сэтгэхүйн чадваргүй болгож байна. Хэрэв та ямар нэг зүйлийг мэдэхийг хүсвэл 60 секундын товчлол битгий үз. Номыг нь бүтнээр нь унш. Киног нь дуустал нь үз. Хэцүү байсан ч урт подкаст сонс.
Мэдээллийг хурдан авах нь чухал биш, харин мэдээллийг боловсруулж, шүүн тунгааж, өөрийн гэсэн цэвэр оюун ухааныг бүтээх нь чухал юм. Учир нь хуурмаг мэдлэгээр дүүрсэн савнаас, юу ч мэдэхгүйгээ ухамсарласан хоосон сав нь илүү их зүйлийг багтааж чаддаг.
[ DEJA VU ]