01/10/2025
Ярилцах чөлөө төвийнхөө бүлгийн ярилцлагуудыг 2025 он дуустал түр завсарлууллаа. Цаашдаа ч завсарласаар байж магадгүй л юм. Ямар ч байсан сэтгэлд орон зайгаа эзэлсээр байх ажил билээ. Хамгийн амттай ажил минь байлаа. Ярилцах чөлөө төв бол хүмүүс тэр бүр ярилцдаггүй хувь хувийн үнэнийг экстрим байдлаар нээдэг, сэтгэл мэдрэмжээ дэлгэж хүлээн зөвшөөрдөг радикал хөдөлгөөн юм шүү уг нь. Хөдөлгөөн гэж нэрлэх сүржин мэт боловч, нэгэнт эхэлсэн зарим зүйл (хөдөлгөөн) дуусдаггүй ч байж болох юм.
Жинтэй, тод томруун нийгмийн хөдөлгөөн өрнүүлэхэд хүч минь хүрэлгүй дороо удаан эргэлээ. Эмзэг, сулхан байдлаар эрслэн тэмцсээр байлаа. Үйл ажиллагаа маань 21 сар явагджээ.
Энэ үйл ажиллагаа хувь хүний минь хувьд хашгираан байлаа. Энэ бол миний хөгжим байлаа. Энэ миний роман байлаа. Миний бүтээл туурвил байлаа.
Бас миний гуйлга байлаа. Үл таних хүмүүсээс үнэн үг, сэтгэл, ойлголцол гуйсан гуйлгачин шиг суулаа, хүлээлээ. Худал хуурмагийг сөрсөн тэрслэл байлаа. Гэнэрхэл байлаа. Ялалт ялагдал аль аль нь байлаа. Сайхан байлаа.
Гунигтайгаар ийн бичиж байгаа ч, сэтгэл зүрхэндээ ойр аятай сайхан цагууд олон байсан. Ярилцсан, ярилцана даа гэж боддог байсан хүмүүстээ баярлалаа. Ярилцсан хүн бүр миний ертөнцийг тэлсэн. Дэмжиж тусалж байсан хол ойрын олон хүнд баярлалаа. Сүүлийн жил гаруй хугацаанд тогтож байрласан жижигхэн өрөөндөө талархлаа.