24/12/2025
ТАРГАЛАЛТ ХЭНД АШИГТАЙ ВЭ?
Илүүдэл жин, таргалалт нь ихэнхдээ хувь хүний хариуцлага, мэдэгдэхүүн, сонголт, сахилга баттай холбогддог. Гэвч бодит байдалд энэ нь зөвхөн эрүүл мэндийн асуудал бус, асар том эдийн засгийн машиныг тасралтгүй хөдөлгөж байдаг түлш юм.
Өнөөдрийн байдлаар жин хасах үйлчилгээ, эмийн сан, хувийн эмнэлэг, фитнес, клуб, нэмэлт бэлдмэл, бүтээгдэхүүн тасралтгүй олширч байгаа нь биеийн жин хасах оролдлого бүр дараагийн бизнесийг төрүүлдэг мөчлөгийг бий болгожээ.
Жин хасах ихэнх үйлчилгээ богино хугацааны үр дүн амладаг ч хүний биеийн физиологийн зохицуулгыг харгалзахгүйгээр илчлэг хязгаарлах зарчимд тулгуурладаг.
Бие махбод хоол сойх зэрэг огцом хязгаарлалтыг “аюул” гэж хүлээж авдаг тухай "Йо-йо эффект" зэрэг өмнөх бичлэгүүдээр цухас хүргэсэн.
Жин хасах, дахин нэмэх "чөтгөрийн тойрог" нь шинэ, шинэ үйлчилгээг хайх мөчлөгт оруулж, эндээс хувь хүн биш систем ашиг хүртэж буй.
Хүнийг өөрийн физиологи нь амь тэмцэн хамгаалж, харин бизнесүүд асуудлыг шийдэхийг хүсдэггүй систем үүсгэдэг нь харамсалтай.
Илүүдэл жин, таргалалт нь дааврын тэнцвэр, нойр, стресс, архаг үрэвсэл, хооллолт, зан үйлийн хэв маяг зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой ч шинжлэх ухааны яг цав үг мэт сонсогддог “Бага ид, их хөдөл” гэх ерөнхий лоозон бүх хүнд ижил үйлчлэх шидтэй сонсогддог. Үнэндээ хүний биеийн хариу үйлдэл харилцан адилгүйг бүгд мэднэ.
Биеийн жинг барьцаалсан "айдаст суурилсан" маркетинг хүний ухамсартай, тогтвортой өөрчлөлт хийх орон зайг хумьдаг. “Жин ихтэй байх нь залхуугийнх, гоолиг байх нь арчилгаа, туранхай байснаар бусдад үнэлэгдэнэ” гэх.
Өөрийгөө буруутгах, биеэ голох, жин хасах аргуудыг ээлжлэн, давтан оролдох, бүтэлгүйтэх мөчлөг хэвийн үзэгдэл болж амьдралынхаа олон жилийг зарцуулж байна.
Жин хасах нь бүтээгдэхүүн сонгох биш, үйл явц. Биеэ ойлгох. Өөрийгөө танин мэдэх. Хооллолт, зан үйлийг аажмаар өөрчлөх үйл явц.
Асуудлаа ойлгож шийдсэн хүн дахин энэ системийн байнгын “үйлчлүүлэгч” болохгүй. Аварга системд ашиггүй болно. Харин өөртөө хамгийн ашигтай хүн болно.
2025.12.24, Azzaya Turbat