Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хоёр дахь удаагаа “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал, үзэсгэлэнг 2014 оны 4-р сарын 13, 14-нд Эрдэнэт хотын СТО-нд зохион байгуулах гэж байна.
Өнөөдөр манай улсын уул уурхайн салбарт хурцаар тавигдаж буй асуудлын нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал юм. Уул уурхайн салбар өндөр хөгжсөн дэлхийн улс орнуудад “Эхлээд аюулгүй ажиллагаа, дараа нь үй
лдвэрлэл” гэсэн зарчим мөрдөгддөг билээ. Аюулгүй ажиллагааг чанд баримталснаар уул уурхайн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж, тэр хэрээр тухайн аж ахуйн нэгжийн нэр хүнд дээшилж, ашиг орлого ч нэмэгдэх нь зүйн хэрэг.
Сүүлийн жилүүдэд манай аж ахуйн нэгжүүд өөрийн үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулах болж, энэ чиглэлээр багагүй ажил хийж байгаа нь сайн хэрэг. Гэсэн хэдий ч уул уурхайн үйлдвэрэлийн аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого байхгүй, холбогдох стандарт, журмууд нь цаг үеэсээ хоцрогдсон, аюулгүй ажиллагааны шинэ, дэвшилтэт онол арга зүй, техник технологийн талаарх мэдээлэл дутмаг, энэ чиглэлээр амжилттай ажиллаж буй нэгнийхээ туршлагаас суралцах, харилцан мэдлэгээ солилцох боломж бололцоо байхгүй байна.
Тиймээс Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хэвшүүлэхийн төлөө бодлого, үйл ажиллагаагаа явуулж буй тус ассоциаци нь дээрх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулах боломжийг хамтдаа хайх, бие биенийхээ тэргүүн туршлагаас суралцах боломжийг нээх үүднээс “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.
Энэхүү арга хэмжээгээр уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хүрээнд төрөөс баримталж буй бодлого, аж ахуйн нэгжүүдийн тэргүүн туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шилдэг дэвшилтэт техник технологи, арга ажиллагаа болон эрсдлийн менежмент гэсэн сэдвийг хөндөнө. Мөн бага хурлын үеэр зохион байгуулагдах үзэсгэлэнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэл, багаж тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчид өргөнөөр оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна.
Холбоо барих утас: +976-11-314877