14/04/2021
Хүүхдийн хөдөлгөөн-сэтгэцийн хөгжлийн онцлог
(0-1 нас)
I шат
1.5 сар хүртэл үргэлжилнэ. Нярайн хүүхдийн нугалагч булчингууд чангаралтай байдаг учир хөл, гараа их бие рүүгээ татсан, нуруугаа бөгтийн, толгойгоо тонгойсон байдлаар эхийн хэвлий дэх байрлалаа нэг хэсэгтээ хадгална.
3 долоо хоногтойгоос толгойгоо дааж эхлэнэ. Энэ насны хүүхэд залгих, үнэрлэх, огих, нүд анивчих, хүүхэн харааны гэрлийн урвал илрэх зэрэг төрөлхийн тогтвортой рефлекс тодорхойлогдоно. Мөн хүүхдийн хөдөлгөөн зорилго, чиглэлтгүй, эмх замбараагүй, бүх биеийг хамарсан байна.
Нярай хүүхэд харц, сонсгол, тэнцвэр төвлөрөөгүй байдаг тул харц тогтворгүй, дуу авиаг ялгах чадваргүй байна. Аажмаар тод өнгөтэй, ялангуяа улаан, шар өнгөтэй хөдөлгөөгүй зүйлд богино хугацаанд харц тогтон ширтэнэ.
3 долоо хоногтойгоос сул намуухан авиаг ялган сонсох чадвартай болж чих тавьж эхэлнэ. Нярай хоногт ойролцоогоор 20-22 цаг унтах бөгөөд уйлах, ярвайх зэргээр өөрт учирсан тааламжгүй байдлаа илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөл сөрөг байна.
II шат
1.5-3 сар хүртэл үргэлжилнэ. Хүүхдийн нугалагч булчингийн чангарал багасч байрлал чөлөөтэй болно, толгойгоо сайн даана. Гарын хөдөлгөөн зохицолтой, эвсэлтэй болсноор өлгийгөө тэмтэрч, тоглоомынхоо хойноос гараа сунгаж атгахыг завдана. Тохойлдон толгой цээжээ өндийлгөж, суганаас нь дэм өгөхөд чанга гишгэнэ. Энэ үеэс хөдөлгөөнтэй зүйлийг дагуулан харах, гарын хөдөлгөөнөө харцаараа хянах, босгож тэврэхэд орчноо ажиглах, дуу авиа ялган таних чадвар сайжирдаг тул үүнийг улам хөгжүүлэх зорилгоор шажигнадаг дуутай тоглоом гар хүрэх газарт нь хөдөлгөөнтэй байхаар өлгөж өгөх нь зүйтэй.
Хүүхэд 1.5 сартайгаас эхлэн инээмсэглэж эхлэх ба энэ үеэс баяр баясгалангаа инээмсэглэлээр төдийгүй бүх биеэрээ илэхийлнэ. Хүүхэд авиа гаргаж эхлэх бөгөөд энэ нь хэл ярианы хөгжлийн анхны бэлтгэл шат юм. Иймээс хүүхдийг сэрүүн үед намуун зөөлөн дуугаар ярьж, дуу аялж хөгжим сонсгож байх нь хэл ярианы цаашдын хөгжилд тустай.
III шат
3-6 сар хүртэл үргэлжилнэ.
Сэтгэл хөдлөл ялгавартай болж ээж, ойр дотны хүнээ ялган таньж баясан, танихгүй хүнээс бишүүрхэн уйлна. Хүүхэд 5-6 сартайгаас нэрээ мэддэг болно. Мөн 4-5 сараас анхны үеийг хэлэх гэж оролдоно. Иймээс хүүхэдтэйгээ байнга намуун дуугаар байнга харилцан ярьж байх шаардлагатай. Ээжийгээ 5 сараас сайн таньдаг болохын зэрэгцээ эхийн хайр энхрийлэл зайлшгүй хэрэгцээ болж эх нь хүүхдийн хүмүүжилд гол үүрэг гүйцэтгэнэ. Насанд хүрсэн хүн хайр халамжаар дутвал гунигтай болдог бол хүүхэд өвчтэй болно. Иймээс хүүхэд саатуулах газарт 5 сараас өмнө эсвэл 2 наснаас өгөх нь тохиромжтой гэж эрдэмтэд үздэг. Эс тэгвэл шинэ орчинд дасахгүй, өвчлөмтгий болдог.
Хүүхэд 4-6 сартайгаас таагүй зүйлээс айж болгоомжлох, таатай байвал баясан ход ход инээж хүнрүү тэмүүлэх зэргээр сэтгэл хөдлөл нь эерэг, сөрөг байдлаар илэрнэ.
4 сараас түрүүлгэ нь харуулан хэвтүүлэхэд тулж өндийнө. 5 сараас дэмжлэгтэйгээр суух боловч нурууны булчингийн дутмаг хөгжлөөс хүүхэд бөгтөр болох тул суулгах гэж яарсны хэрэггүй. Хүүхдийг суганаас дэмжихэд сайн гишгэж, зогсож чадна, тосоход бааж шээнэ. Энэ үеэс хөтөвчинд суулгаж сурах хэрэгтэй. 6 сартайгаас гартаа тааралдсан зүйлийг чанга атгаж болох жижиг тоглоомоор тоглуулж саатуулах нь тохиромжтой. 6 сартайгаас түрүүлгэ харуулан хэвтүүлэхэд өөрөө хөлбөрч гэдэргээ харж чаддаг болно. Түшлэггүй сууж чадна. Дөрвөн хөллөж мөлхөхийг завдана.
IV шат
6 сараас 1 нас хүртэл үргэлжилнэ. Бусдын үйлдлийг даган баясна. 7 сартайгаас 4 хөллөж мөлхөн өөрөө сууна. Юм түшиж өвдөг дээрээ өндийж, босч зогсохыг оролдоно. гэдэг үгүүдийг ойлгож эхэлнэ. Тоглоомоо савчин шидэж сатаарна, аяганаас сайтар ууна. 8 сартайдаа өөрөө сууж, буцаж хэвтэж чадахаас гадна юм түшиж зогсоно. Нэг гараас барихад зогсоно, 2 гараараа юм түшиж муухан явна. Гарын жижиг булчин хөгжиж хуруугаараа жижиг зүйлийг барих чадвартай болж, сурсан энгийн үйлдлийг давтан, бусдын үйлдлийг дуурайна. 10 сараас гараас нь барихад явах ба зэрэг энгийн шаардлага, хориогийг ойлгож, сурсан үйлдлээ хүний үгээр дуурайн хийнэ. Аяганаас асгаж, цутгахгүй ууна. 10-12 сараас биеэ даасан анхны алхам хийнэ. Төлөөлж оруулсан үг хэлж, зөвшөөрсөн, дургүйцсэн үг аялгыг ойлгоно. Эхлээд 2 гараа урагш сунгаад, хөлөө өвдөг түнхний үеэр нугалан паацагнан гүйж явна. Тогтлоомоор зөв тоглож эхэлнэ. Тухайлбал машинаа түрэн Дү- дү-дү гэх, хүүхэлдэйг бүүвэйлэх гэх мэт. Самаар үсээ самнах гэж оролдоно. Олон зүйлийг мэддэг ойлгодог болсон байх ба хамар, чих, нүд, гар зэрэг эрхтнүүдээ зааж чаддаг 9-10үгийн баялагтай болсон байна. Хоногт 14-16 цаг унтана. Хөлд орж буй энэ үед ахуйн гэмтлээс сэргийлэх, хурц үзүүртэй хатуу, халуун, хортой зүйл, эмийг хүүхэд хүрэхгүй газар тавьж байх шаардлагатай.
Хүүхдийн үйл хөдлөлийг байнга хоригловол(байг, болохгүй, томоотой бай гэх мэт) хүүхдийн уураг тархины саатлын процесс дарангуйлснаас хүүхэд уур уцаартай адайр зантай болох хандлагатай байдаг