
15/07/2025
Олон охид, эмэгтэйчүүд хамрагдаасай гэж хүсдэг "бүлгийн уулзалт" минь.
"Бүлгийн уулзалт" гэдгээрээ олон сургалт уулзалтаас эрс ялгагдана. Энд дэвтэр бал, элдэв хэрэгсэл огтхон ч хэрэггүй. Түүнчлэн онол томьёо тодорхойлолт ч яригдах нь үгүй. Хаа газраас цугласан таних танихгүй хүмүүс, нэг дор цаг суугаад, "Аминчлахуй" хэмээх 12 алхамт хөтөлбөрийн заавраар нэгдэж, нээгдэж, өөийн бодол мэдрэмжийг илэрхийлнэ. Үнэндээ таньдаг мэддэг хүмүүстэй хуваалцдаггүй сэдвээ үл таних хүмүүсийн дунд харин ч нээлттэй дэлгэнэ шүү дээ. Учир нь хөтөлбөр маань аюулгүй орчин гэсэн мэдрэмжийг тэдэнд өгч чаддагийнх. Гэрэвшиж тээнэгэлзсэн хүмүүс анх цуглана. Аминчлахуй маань хэнийг ч үл ялгасан халуун дотно тэврэлтээр эхэлнэ. Ингээд дугуй ширээгээ тойрон суугаад өнөөдрийн хөтөлбөртэйгөө танилцана даа. Хамгийн эхний танилцуулга нь энд аюулгүй орчин гэдгийг, бас бид нэг зорилготой цугласан гэдгийг, мөн сэтгэл мэдрэмжээ уудлах ёстой юм байна гэсэн ойлголтыг өгдөг. Нэг өдөр нэг алхмаар үргэлжилнэ.
Алхмын зааврыг, өнөөдөр ямар сэдвийн хүрээнд ярилцахыг мөн л маш тодорхой танилцуулна. Анх удаа, ахин ирж байгаа эсэх нь ямар ч ялгаагүй. Яг л зааврын дагуу гар гараасаа хөтлөлцөөд урагшилна. Ингээд хамгийн аюулгүй орчинд сэтгэл мэдрэмжээ уудалцгаана. Аюулгүй орчин гэдэг нь хэн ч хэнийг ч шүүхгүй, хэн нь ч бусдын мэдрэмжийг тасалж заавар зөвлөгөө өгөхгүй, хэнийг ч бас буруутгахгүй гэсэн үг. Бас хэн хэн нь сэтгэлийн эмзэг асуудлаа, өөрийн нууц бүхнээ хуваалцаж буйг мэдэж байгаа болохоор бусдынхаа нууцыг чандлан хадгална. Үнэндээ хүнд өөрийнх нь л асуудал сонин байдгаас бусдын ямар ч хамаагүй байдгийг тов тодорхой харна. Асуудлаа шийдье гэж л ирсэн хүмүүс минь түүнийгээ л ярьж, сэтгэл нээгдэх үеийн тэр сайхан мэдрэмжийг амсана.
Угтаа "АМИНЧЛАХУЙ" шийдлийг хэлдэггүй, зөвлөдөггүй. Зүгээр л охид маань асуудлаа бусадтайгаа хуваалцаж байхдаа өөрөө гарц гаргалгаагаа олж хараад, шийдлээ баримжаалчихдаг болохоор тэгж тайвширдаг хэрэг. Ер нь биднээс зууран чаргууцалдахыг хүсдэг асуудал гэж хаана ч үгүй. Харин бид өөрсдөө л шийдэж чадалгүй уяж удаасан байдаг. Энэхүү уяас хүлээсээсээ чөлөөлөгдөх зам руу "АМИНЧЛАХУЙ" таныг хөтөлдөг дөө.
#Алтанзулынувдис номын хэсгээс
"АМИНЧЛАХУЙ" бүлгийн уулзалт