28/02/2024
Сайн байцгаана уу Австрали улсад болон дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа Монголчуудаа. Сар шинэдээ сайхан шинэлж, шинэ ондоо эрүүл энх байж, санасан бодсон зүйлдээ хүрэхийн төлөө хичээн хөдөлмөрлөж байна уу 🇲🇳💜🇲🇳.
Сиднейн эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн газар (Sydney Local Health District) нь Хавдарын үндэсний төвтэй (Cancer Institute NSW) хамтран хүн амыг хавдраас урьдчилан сэргийлэх олон нийтэд, ялангуяа гадны орноос ирсэн иргэдэд зориулж, эрүүл мэндийн боловсрол олгох олон ажлуудыг хийдэг билээ. Түүний нэг болох Монгол хэл дээр орчуулагдсан ном товхимол, сургалтуудыг зохион байгуулах төсөлд миний бие оролцож ажилласан юм.
Энэ удаад Монголчууддаа зориулан 2 цагийн үнэгүй цахим хичээлийг явуулах болсондоо таатай байна. Энэ сургалтыг явуулах болсон гол шалтгаан бол манай орны хавдрын өндөр тохиолдолтой холбоотой юм. Мөн түүнчлэн хамгийн сүүлийн судалгаагаар цар тахлын дараагаас Австрали улсад ирж суурьших Монголчуудын тоо 5600-аас 25000 болж нэмэгдэн, Австралийн эрүүл мэндийн тогтолцооны мэдлэг мэдээлэл маш их хэрэгцээтэй болж буйтай холбоотой юм. Хорт хавдрын тархалтын тухай товчхон доор дурдая.
Монгол улс дэлхийд хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт, элэгний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар тэргүүлж байна. Хорт хавдрын өвчлөлийн дэлхийн дундаж 100000 хүн амд 9,3 байгаа бол Монгол улсад энэ үзүүлэлт 93,7 буюу түүнээс 10 дахин их байна. Мөн элэгний шалтгаант нас баралт дэлхийд 100 000 хүн амд дунджаар 8,5 бол манай улс 75,4 байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм. Монгол улсад 2014-2018 онд хорт хавдрын нийт 29397 тохиолдол бүртгэгдсэнээс хамгийн их буюу 40 хувийг элэгний хорт хавдар эзэлж байсан байна (Монгол улсад зонхилон тохиолдох хавдрын оношилгоо, эмчилгээний шинэ технологийн үнэлгээ, судалгаа, Эрүүл мэндийн хөгжлийн яам, 2022).
Хэдийгээр бид Австрали улсад ирээд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдарч буй ч бидний анзаардаггүй, мэддэггүй олон амьдралын зөв хэвшилийг бид төдийлөн суулгаагүй ирсэн байдагтай та бүхэн санал нийлэх бизээ. Шинжлэх ухааны судалгаанд суурилж боловсруулсан олон сонирхолтой аргуудыг Монголчууддаа танилцуулах болсондоо эмч миний хувьд олзуурхаж байгаа юм.
Та энэхүү үнэ цэнэтэй, үнэ төлбөргүй цахим сургалтанд орохыг хүсвэл постон доор +1 гэж бичин, оролцох боломжтой байдаг чөлөөт өдөр, цагаа үлдээнэ үү?
Бүртгэл 7 хоногийн туршид хийгдэх ба хүмүүсийн боломжит цагуудыг харгалзан товыг зарлах юм.
Мөн энэ сургалтыг цааш олон хүнд түгээж, бие биедээ эрүүл, урт удаан амьдралыг бэлэглэхэд өөрийн хувь нэмрээ оруулаарай. Сургалт цахим учир Монголоос, дэлхийн хаанаас ч оролцох боломжтой. Хамрагдалт их байх тусам дараа дараагийн олон сургалтууд зохиогдох гол үндэс болдог юм шүү.
Анхаарал хандуулсанд баярлалаа.