11/10/2024
Үнэлэмж...
Олон жилийн өмнө манай ажилд нэг шинэ залуу орлоо. Толгой сайтай, хэл усандаа ч сайн, нягт нямбай, ярианы чадвар нь ч өндөр хөгжсөн. Тэрний тэр харилцагч нартай харилцаж байгаа, судалгаа шинжилгээ хийсэн байдал, бичгийн боловсрол гээд л бүгд мундаг. Нэг өдөр газраараа баяр тэмдэглэх болоод гарсан чинь нөгөөх маань халамцчихаад нилээн далжгар зан гаргаж байна шүү. Тэрнээс хойш тэрнийг үнэлэх үнэлэмж навс унасан даа...
Зарим хүнийг дагаж байхад ухаантай ухаантай пост бичээд, овоо юмуудаа гээд бодож байтал эм үгийн “ий” бичих үгэнд шууд эр үгийн “ы” бичсэн байгааг нь хараад шууд үнэлэмж навс унадаг даа...
Биеэ их гоё дэгжин авч явдаг эгч байлаа. Нуруу туруу нь цэх гэж жигтэйхэн. Санаандгүй тохиолдлоор гэрт нь очтол тавилга хогшил нь сонин тухгүй, байр нь бүүр дээр үеийн засвартайгаа, том өрөөнийх нь гэрлийн шил бүрхүүл ч байхгүй байсан гээд бод доо. Тэр өдрөөс хойш тэр эгч надад гоё харагдахаа ч больсон...
Ажилдаа их чадвартай, хариуцлагатайгаараа алдартай нэг эгч байдаг юм. Юуг ч амархан амжуулдаг байрын. Ямар ч хэцүү асуудал гарсан, өө энийг ингээд зохицуулчихна, тэрийг тэгээд болоо гээд л. Ямар ч төрлийн бизнесийн харилцагчтай уулзсан мэдэхгүй мэдээлэл, чадахгүй харьцуулалт гэж байхгүй. Нэг удаа хүүхнүүдээрээ юм ярьж сууж байгаад санаандгүй гурил зуурч чаддаггүй, тэр байтугай бантангийн гурил багсарч үзээгүй гэдгийг нь сонсоод тэр эгчийн тухай үнэлэмж маань навс унасан...
Ийм яриа, дүгнэлтүүдийг эргэн тойрондоо, өөрийнхөө дотроос хэр олон сонсож байв даа?
Бусдыг дүгнэх амархаан, нээх чухал ач холбогдол өгөхгүй л хялбархаан дүгнэчихнэ, ярьчихна, тэгээд болоо. Юу нь муу гэж? Үнэн юм чинь!!! гээд л...
Харин энэний цаана өөрийнхөө ямар хандлагыг хөгжүүлж байдгийг мэдэх үү? Шүүмжлэх сэтгэлгээ, сайн сайхныг нь олж харахыг хүсэхгүй байх тэр сэтгэлгээ. Зүгээр л нэг ганц хоёр сул талыг нь харчихлаа, дүгнэчихлээ, болоо. Аягүй бол тэр дүгнэлтэндээ өөрөө итгэнэ, тэгээд бараг дургүй болчихно. Дахиж уулзахгүй, бараг ярихгүй гэж шийдэж ч магадгүй.
Өөрт чинь юу ч алдагдахгүй байгаа юм шиг санагдаж байна уу?
Үгүй шүү, хамгийн эвгүй нь үүнтэй зэрэгцээд өөртөө яг адилхан ингэж хандаад явж байдаг юм аа. Тархи угаасаа тэгж л ажилладаг. Өөртөө нөхцөл тавиад, өөрийгөө шүүмжлээд, өөрийнхөө сайн сайхан талуудыг олж харж, хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байх тэр сэтгэлгээ сууж байдаг.
Би ч ялгаагүй, эмэгтэй хүн байж, боловсролтой хүн байж, эх хүн байж, санхүүгийн хүн байж, айлын бэр байж, залуу хүн байж, заримдаа бүр Иогийн багш байж .... энэ олон “байж”-уудыг бусдад болон өөртөө тавихаа болихыг байгаагаар нь хайрлах гэж нэрлээд байгаа юм.,
Бясалгал хийх үед хүний дотоод хайрын мөн чанар сэргэж, байгаагаар нь хайрлахыг суралцдаг. Суралцаад байх юу байхав, бүгд чадна л даа. Хэзээ нэгэн цагт хэн нэгнийг байгаагаар нь хайрлаж байгаагүй хүн байхгүй л байх.
Гэхдээ гол нь дадал болгодогт байгаа юм шүү. Энэ гайхалтай чанараа дадал болгохгүй, хэрэггүй юманд дадаад байна шүү манайхаан 😅