13/05/2026
Хүүхэдтэй болсны дараах аавуудын гутрал (Paternal Postpartum Depression)
Ээжүүдэд төрсний дараах гутрал тохиолддогтой адилхан, хүүхэд төрснөөс хойш 3-6 сарын дараагаас аавуудад мөн сэтгэл гутрал тохиолддог гэдгийг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ. Ээжүүдэд шинж тэмдэг тод явагддаг бол аавуудад илүү далд хэлбэртэй, аажмаар гутралтай болдог байна.
Шалтгаанууд нь:
-Удаан хугацаанд нойр дутуу явах нь мэдрэлийн системийг туйлдуулж эхэлдэг.
-Санхүүгийн дарамт ба хариуцлага нэмэгдэх ба гэр бүлээ авч явах, хүүхдийнхээ ирээдүйд санаа зовох гэх мэт стрессүүд мэдрэгдэнэ.
-Эхнэр нь сэтгэл гутралтай байвал нөхөр нь гутралд орох магадлал 24-50% аар өсдөг.
Дараах шинжүүд илэрч болно:
* Уур уцаартай, амархан бухимдах
* Гэр бүлээсээ хөндийрөх
* Хүүхэдтэйгээ холбоо үүсгэхэд хэцүү байх
* Эхнэртэйгээ зөрчилдөх нь ихсэх
* Ядаргаа, эрч хүчгүй болох
* Нойр өөрчлөгдөх (хэт их эсвэл бага)
* Ажилдаа төвлөрч чадахгүй байх
* Архидалт болон тамхины хэрэглээ нэмэгдэх
* Түгшүүр, “би хангалттай аав биш” гэсэн бодол мэдрэмж төрөх
* Сэтгэл хоосон, утгагүй мэт мэдрэмж
* Бэлгийн дур буурах
* Анхаарал төвлөрөл муудах
Гэр бүлд үзүүлэх нөлөө:
Аавуудын сэтгэл гутралыг эмчлэхгүй орхих нь хүүхдийн сэтгэц, сэтгэл зүйн хөгжилд сөрөг нөлөөтэй байдаг.
-Хүүхэдтэйгээ тоглох, харилцах нь багасаж, хүүхдийн хэл яриа танин мэдэхүйн хөгжил удаашрах эрсдэлтэй.
-Хүүхэд 3-5 насандаа хэт хөдөлгөөнтэй болох, уур уцаартай болох магадлал нэмэгддэг.
Зөвлөмж:
Хэрвээ аавуудад дээрх шинжүүд илэрч байвал тухайн хүн сэтгэл зүй муутайдаа биш, ямар ч хүн сэтгэл гутралд өртөж болдог гэдгийг санах хэрэгтэй. Мөн гэр бүлийн гишүүн бүр сэтгэл зүйн хувьд эрүүл байх шаардлагатай бөгөөд бусад гишүүддээ нөлөөлж байдаг учраас өөрийн сэтгэл зүйгээ эмчлэх нь гэр бүлдээ анхаарч байгаа хамгийн том хувь нэмэр юм.