02/07/2024
***Нурууны өвчлөл үүсэх шалтгаан:
-Өвчтөний насжилт, багахан хувьд нь удам
-Гаднаас ирж байгаа механик хүчин зүйл болон гэмтлүүд
-Хөдөлгөөний дутагдал, суугаа ажил, бас жингийн илүүдэл
-Хүнд юм гэнэт өргөх, цаг уурын байдал /хүйтэн байх/ зэрэг хүчин зүйл нөлөөлж болно..
Үүнээс гадна, 40-45-аас дээш насныханд нуруу нугасны, нурууны үений жийргэвчүүд хатуурах, үе холбоос хоорондын холбоосууд хатуурах, шохойжих, яс ургах, ясны сийрэгжилт давхар явагдаж байдаг. Тиймээс зовуурь илэрч байвал мэргэжлийн эмчид үзүүлээд тухай бүрд нь оношоо тодруулах хэрэгтэй. Учир нь дийлэнхдээ нуруу хүзүүний үе диск эргэшгүй өөрчлөлтөд орчихдог. Нэгэнт эргэшгүй өөрчлөлтөд орохоос өмнө өөрийн оношийг олоод урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
***Нурууны дискний цүлхийлтийг заавал мэс заслын аргаар эмчилдэг эсэх:
-Нурууны диск цүлхийсэн бол заавал хагалгаа хийнэ гэсэн заалт байхгүй. Тодорхой үнэлгээнд хүрсэн бол хагалгаа хийнэ гэсэн үг. MRI-н шинжилгээгээр диск цүлхийгээд мэдрэл нугасаа дарчихсан, нугас болон ёзоор дарагдлын шинжүүд тод илэрч, маш зовууртай буюу физик болон эмийн гэх мэт ямар нэгэн эмчилгээ үр дүнгүй байвал хагалгаа хийнэ үү гэхээс зөвхөн цүлхийсэн, өвдөлттэй төдий үед хагалгаа хийдэггүй. Эхлээд эмийн эмчилгээ, физик эмчилгээ, нөхөн сэргээх, хөдөлгөөн засах эмчилгээ, тарилга хийнэ. Үр дүн байхгүй, өвдөлттэй бол мэс засал хийдэг.
***Нуруу татаад хүзүү, нуруу хөдөлж болохоо больчихлоо гэдэг юунаас болдог вэ?
-Маш хурц хэлбэрээр өвдөлт мэдрээд, булчин маш хүчтэй чангарснаас үүсэж байгаа өвдөлт юм. Улмаар хөдөлгөөн хязгаарлагдана. Тэр нь үе холбоосын өөрчлөлт болон мэдрэлийн цочролын шинж байна гэсэн үг.
Мэдрэлийг цочроож байна гэдэг нь цаанаа үе холбоосууд, дискүүд мэдрэлийг цочроогоод, цочирсноос болоод хэсэг газар маш хүчтэй хурцаар булчин чангарч байгаа явдал юм. Түүний цаана мэдрэл, цочролын шинж болон үе холбоосын өөрчлөлтүүд явагдсан байх магадлал өндөр. Тийм учраас тэр үед нь эмчид үзүүлэх хэрэгтэй. Диск нь урагдсан, цүлхийчихсэн үед хамаагүй бариа болон блок гаргавал илүү эрсдэлтэй.
***Бариа заслыг ямар үед хийлгэх зөв бэ?
-Бариа засал нь эмчилгээний зориулалттай нурууны булчин суллах массаж, физик эмчилгээндээ ордог. Үндсэн үйлчилгээ нь өвдөлттэй байгаа, хатуурсан чангарсан булчинг суллаж өгдөг.
Бариа нь хэсэг газрын цусан хангамжийг сайжруулж өгдөг. Ингэснээр өвдөлт буураад, булчин сулраад ирэхээр нуруунд орсон юм гаргачихлаа гэж ярьдаг. Физик эмчилгээ, эмийн эмчилгээ бүгд л мэдрэлийн цочрол, өвчин намдаагаад хэсэг газрын үрэвслийг бууруулж, цусан хангамжийг сайжруулан, булчинг суллаж, зовуурь багасгаж, хөдөлгөөн сэргээх үндсэн үүрэгтэй. Яг үнэндээ нуруунд орсон өөрчлөлтийг төдийлөн засахгүй, харин шинж тэмдэг, булчин чангарсныг суллаж, үр дүн өгнө. Нэгэнт диск эргэшгүй өөрчлөлтөд орвол эргээд зүгээр болдоггүйтэй адил хичнээн бариа хийсэн ч нурууны диск, өөрчлөлтүүд засагдаад байдаггүй. Шинж тэмдэг, зовуурыг нь л намдаадаг. Нурууны үндсэн эмчилгээнд эмийн болон физик эмчилгээ багтдаг. Физик эмчилгээнд бариа засал, зөөлөн массажууд бүгд ордог. Алийг нь сонгох вэ гэдгийг нарийн мэргэжлийн эмчээс асуух хэрэгтэй.
***Нуруугаа хэрхэн хайрлах вэ?
-Тэгш цэх явах, зөв суух, хүнд юм өргөхдөө биеээ халаагаад зөв өргөх.
-Болгоомжтой байх, хүнд юм өргөдөг бол багасгах, боломжгүй бол нурууны хамгаалах бүсээ зүүгээд өргөх зэргээр урьдчилан сэргийлэх.
-Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн зөв арга.
-Нэгэнт диск өөрчлөлтөд орчихсон, нэг бол үений хугаралтай бол дасгал хийвэл улам өвдөх учир мэргэжлийн эмчид хандан эмчлэх.