03/10/2025
Фрэнк Остасескийн Таван урилга: Үхэл бидэнд хэрхэн бүрэн дүүрэн амьдрахыг заадаг номын гол сургамжууд
Фрэнк Остасески олон арван жилийн турш хоспaйсийн туршлагадаа тулгуурлан нэгэн гүнзгий парадоксыг харуулдаг - бүрэн дүүрэн амьдрахын хамгийн агуу хичээлүүдийг бид амьдралын төгсгөлд сурдаг. Түүний номонд үхлийг эцсийн зөвлөх, хамгийн том багш гэж үзэж, биднийг илүү гүн утга учир, оршихуйн тайван байдалтай уулзуулах таван чухал урилгыг тайлбарладаг.
Энэхүү бүтээл нь мянга мянган үхэлтэй нүүр тулсан хүмүүсийн туршлагад суурилсан бөгөөд (харамсал, өршөөл, эцсийн үнэлгээ гэх мэт-амьдралынхаа төгсгөлд хийдэг дүгнэлт, тооцоо гэсэн санаа) тэдгээрийн ил тод үнэнээс хүн бүрийн амьдралд хэрэгжүүлж болох таван нийтлэг зарчмыг (урилгыг) тодорхойлдог. Эдгээр урилгууд нь айдас багасгах, оршихуйн үнэнтэй нүүр тулах, мөн амьдралын эмзэг сайхныг хүлээн зөвшөөрөх дадал болон хувирдаг.
Номноос гарсан 10 чухал сургамж, ойлголт
1.Үхэл бол эцсийн багш
Үхэл бол бүтэлгүйтэл биш, харин амьдралыг хүрээлж байдаг тодорхой хязгаар юм. Энэ нь бидний юунд үнэ цэнэ өгөх ёстойг тодруулж, хий дэмий санаа зовнил хэр ашиггүй болохыг харуулдаг. Хайр, холбоо харилцаа, өршөөл, орших агшин бүрийн үнэ цэнэ тодордог.
2.Урилга 1: Хүлээлгүй амьдраарай
Хэрэгтэй зүйлийг маргааш хүртэл бүү хойшлуул. Хайраа илэрхийлэх, уучлал гуйх, мөрөөдлөө хэрэгжүүлэх, зөрчил маргаанаа шийдэх зэрэг чухал зүйлсийг өнөөдөр хийх хэрэгтэй. Амьдралын хэврэг чанар биднийг чухал бүхнээ яг одоо хийж гүйцээхийг уриалдаг.
3.Урилга 2: Бүгдийг угтаж аваарай, юу ч түлхэж бүү хая.
Өвдөлт, гуниг, ичгүүр, айдас зэрэг таагүй мэдрэмжийг няцаах, эсэргүүцэх нь илүү их шаналлыг төрүүлдэг. Юуг ч хүлээн зөвшөөрөх дадал нь жинхэнэ тайвшралд хүргэдэг.
4.Урилга 3: Өөрийгөө бүрэн авчир
Энэ урилга бол үнэнч байдал ба эмзэглэлээ хүндэтгэхийн тухай юм. Бид жинхэнэ холбооог хүсвэл өөрийгөө бүхэлд нь авчрах хэрэгтэй — айдас, эргэлзээ, төгс бус талууд, дотоод зөрчил бүхнээ нуухгүйгээр. Жинхэнэ оршихуй гэдэг нь хамгаалалтын багийг тайлж, баяр хөөр ч бай, гуниг зовлон ч бай, хүн чанараараа бүтнээрээ байж чадсанд оршдог.
5.Урилга 4: Бүхний дунд амрах газраа ол
Амьдралын замбараагүй байдал дунд ч бид өөрийн дотор амар амгаланг олж чадна. Амьсгал, биеийн мэдрэмж, одоо цагтаа төвлөрөх нь сэтгэлийн амрах цэгийг бий болгодог. Энэ нь зугтах биш, ухамсартай байх юм.
6.Урилга 5: Хүлээлтгүйгээр хүлээн зөвшөөр
Энэ урилга нь ямар нэг үр дүнд баригдалгүй байх, хүлээлтээ суллахыг сургадаг. Бид шаналдаг нь бүх зүйл “ямар байх ёстой” гэсэн төсөөлөлд зуурч, баригддагтай холбоотой. Эрүүл мэнд, харилцаа, ирээдүй, бүр бясалгалын мэдрэмж хүртэл. Бид зүйлийг яг байгаагаар нь хүлээн авахад түүнд нуугдсан энэрэл, ухаан бидэнд нээгддэг.
7.Өвдөлт ба шаналлын ялгаа
Өвдөлт бол амьдралын зайлшгүй хэсэг. Бид бие махбод болон сэтгэл зүйгээрээ өвдөлт мэдэрдэг. Энэ нь шууд мэдрэмж, бодит туршлага юм. Харин шаналал нь өвдөлтөөс үүсдэг өмнө,одоо, ирээдүйд болж магад гэх түүх, өөртөө хийсэн элдэв тайлбар, тавьж явуулахгүй байх эсэргүүцэл юм. Өөрөөр хэлбэл, бид өвдөлтийг “ийм л байх ёстой” эсвэл “би үүнийг тэсэж чадахгүй” гэж шүүх замаар шаналлыг бий болгодог.
8.Хатуу хайр бол идэвхтэй оролцоо
Жинхэнэ өрөвдөх сэтгэл гэдэг нь зөвхөн бусдыг өрөвдөхөөс илүү гүнзгий утгатай. Энэ нь өөрийн болон бусдын шаналлыг зоригтойгоор хүлээн зөвшөөрч, түүнтэй нүүр тулж, шаардлагатай бол идэвхтэй арга хэмжээ авахыг хэлдэг. Өрөвдөх сэтгэл нь зүгээр харамсах, хайрлах мэдрэмжээр зогсох бус, бодит оролцоо, үйлдэлд шилждэг.
Жишээ: Хэн нэгэн зовлонгоор шаналж байхад бид зөвхөн “гайхаж, өрөвдөж” суухын оронд, түүний зовлонг ойлгон, дэмжиж, хэрэгтэй бол тусалж, тайтгаруулах үйлдэл хийх ёстой. Ийм идэвхтэй өрөвдөх сэтгэл нь бусдыг дэмжиж, өөрийн сэтгэлийг ч баяжуулдаг.
Энэ нь мөн өөртөө зориулсан хатуу хайр юм. Өөрийн шаналал, өвдөлтийг нээлттэй хүлээн авч, түүнтэй нүүр тулахад бид өөрийгөө илүү гүнзгий ойлгож, амьдралын утга учрыг мэдэрдэг.
9. Дуусгах хүч
Харамсахгүйгээр амьдарсан амьдрал бол бүрэн амьдрал, хийсэн бүхнээ амжилттай дуусгаж, оргилд нь хүрсэн амьдрал юм. Энэ нь зөвхөн хууль эрх зүйн болон санхүүгийн асуудлаа шийдэх төдий бус, харин сэтгэлийн оргилд хүрэхийг хэлдэг: хуучин шархаа эдгээж, хэлээгүй талархлаа илэрхийлж, хайртай хүмүүстээ мэдрэмжээ оройтолгүй ойлгуулж дамжуулах нь чухал. Ийм амьдрал сэтгэлд амар амгалан авчирдаг.
10.Бие бол ариун оршихуй
Бие махбодь бол бидний оршихуйн гол төв бөгөөд одоо цагт байх гол хэрэгсэл. Биеийн мэдрэмж, өвдөлт, тайван байдлаа хатуу шүүлтгүйгээр ажиглах нь дотоод төвөө олох, сэтгэлийн амар амгаланд хүрэх түлхүүр юм.
💐💐💐