09/05/2025
ОЛОН УЛСЫН ХӨХНИЙ ХАВДРЫН ХУРАЛД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
БНСУ-ын Хөхний хавдрын нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг Global Breast Cancer Conference 2025 (GBCC 2025) олон улсын хуралд Монгол Улсын эмч, мэргэжилтнүүд амжилттай оролцлоо.
Энэ удаагийн хуралд дэлхийн 60 гаруй орны 4,000 орчим судлаач, хөхний нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсаас Хөхний Клиник, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Хөхний дүрс оношилгооны нийгэмлэг, Интермед эмнэлгийн нийт 20 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд амжилттай оролцсон юм.
Энэ удаагийн хурлаар Монгол Улсыг төлөөлөн ХСҮТ-ийн Хөхний төвийн хөхний мэс заслын эмч Б.Одбаяр “Монгол Улсын хөхний хавдрын эмчилгээний өнөөгийн байдал” сэдвээр уригдан илтгэл тавьж, олон улсын эрдэмтэн, судлаачдын өмнө улс орныхоо өнөөгийн онцлог нөхцөл байдал, манай улсын хөхний хавдрын өвчлөлийн статистик үзүүлэлт, оношилгооны хүртээмж, эмчилгээний чанар, мэс заслын хөгжил, хүний нөөцийн чадамж зэргийг илтгэлдээ тусган, манай орны хөхний хавдрын салбарын хөгжлийг таниулах чухал үйл явдал боллоо.
Энэхүү илтгэл нь олон улсын нэр хүндтэй эрдэмтэн, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, Монгол Улсад хөхний хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн юм. Үүний үр дүнд гадаадын төлөөлөгчид манай улсын эмнэлгүүдтэй хамтран ажиллах, сургалт, туршлага солилцох, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх сонирхлоо илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам боллоо.
Мөн энэ удаагийн хуралд Хөхний Клиник эмнэлгийн эмч нар залуу эмч нарт зориулсан 3 хоногийн эмнэлгийн сургалт, ажиглалтын хөтөлбөрт амжилттай хамрагдан, олон улсын түвшний туршлага судалж ирсэн байна.
Мөн Хурлын үеэр БНСУ дахь Монгол Улсын Элчин сайд С. Сүхболд Солонгосын Хөхний хавдрын нийгэмлэгийн удирдлагууд болон хуралд Монгол улсаас хүрэлцэн ирсэн эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, хоёр орны эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагаа, эмч мэргэжилтнүүдийн солилцоо, сургалтын талаар санал солилцов.
GBCC нь 2007 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн бөгөөд хөхний хавдрын талаарх дэлхий нийтэд мэдлэг түгээх, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга зүйг түгээн дэлгэрүүлэх, хавдрыг даван туулж буй иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилготой. Тус хурал нь Ази тивдээ хөхний хавдрын чиглэлээр зохион байгуулагддаг хамгийн том олон улсын арга хэмжээний нэг юм.