
07/07/2025
УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
Ж.ЧИНБҮРЭНТЭЙ УУЛЗАВ.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Ганхүү, гүйцэтгэх захирал Д.Тунгалаг нарыг хүлээн авч уулзлаа. МСЭМХ-ны ерөнхийлөгч Ц.Ганхүү эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, ялангуяа сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, санхүүжилтийн байдал, эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааны асуудал, цаашид зарим тусламж үйлчилгээг төлбөртэй болгох чиглэлээр ярилцаж, саналаа танилцууллаа.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбоотой эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн асуудлыг хөндөн, эргэж харах асуудал байгааг дурдаад, хамтын төлбөрийн зарчмын бодлого, чиглэлийг баримтлах, 2027 онд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг 50 хувь нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж ажиллана гэв.
Түүнчлэн Сумын Эрүүл мэндийн төвд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэнд олгодог мөнгөн тэтгэмжид, жолоочийг хамруулах асуудлыг судалж шийдүүлэхээр ажиллана гээд сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх, сумын эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх чиглэлээр тус холбоотой хамтран ажиллахаа илэрхийлэв.