10/03/2026
https://www.facebook.com/share/p/1X1yEZEXPk/?mibextid=wwXIfr
ДЭЛХИЙН ГЛАУКОМЫН ӨДӨР 2026.03.09-03.14
Дэлхийн глаукомын өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 2 дахь долоо хоногт тэмдэглэдэг. Нэгдсэн эмнэлгийн Поликлиник -2 тасгийн нүдний эмч С.Оюун зөвлөмж хүргэж байна.
НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ (ГЛАУКОМ) НЬ НҮДНИЙ ӨВЧНИЙ ДОТРООС ХАРАА МУУДУУЛАХ ТАЛААРАА ДЭЭГҮҮР БАЙР ЭЗЭЛДЭГ ОСОЛТОЙ ӨВЧИН.
Нүдний даралт ихсэх өвчин ямар нэг дагалдах өвчингүй биеэ даасан хэлбэрээр гарч ирвэл анхдагч глауком гэнэ. Харин өөр нэг өвчний дараа даралт ихэссэн бол хоѐрдогч глауком гэдэг.
🔸Анхдагч глаукомаар гол төлөв хижээл насны хүмүүс өвчлөнө. Энэ өвчний үед нүдний доторх шингэний эргэлт саатаж, дотоод бүрхүүлүүд нь уурагт бүрхүүлээр хүчтэй дарагдсанаас торлог ба харааны мэдрэлийн тэжээл хямарч хараа эрс муудна.
✅Нүдний даралт үүсэх шалтгаан:
Глаукомыг үүсгэдэг шалтгаан нь зонхиолон дотоод шүүрлийн булчирхай болон төв мэдрэлийн үйл ажиллагааны хямрал, сэтгэл санааны шаналгаа нөлөөлнө. Иймд глауком нь зөвхөн нүдний өвчин төдийгүй бүх бие махбодын өвчин юм. Зарим үед нүд чинэрч өвдөх, хараа бүдгэрэх, лаа чийдэнгийн гэрэл солонго татан харагдах ба нүдээ арчихад арилахгүй байна. Нүдний дотоод даралт ихсэх тутам дээрх байдал байнгын болж хараа муудан харах талбай багасна.
✅Нүдний даралтын шинж тэмдэг:
Нүдний дотоод даралт гэнэт ихсэхэд нүдний уг руу маш хүчтэй өвдөхөөс гадна шанаа, дух, шүд рүү дамжин өвдөнө. Мөн дотор муухайрах, огиулах, бөөлжүүлэх шинж илэрч болно. Нүдний зовхи хавагнаж, алим, зовхины салст бүрхүүл хөөн судсууд нь өргөсч, эвэрлэг бүрхүүл хэвийн байдлаа алдаж бүдгэрэх,, хүүхэн хараа өргөсч гэрэлд цочрохоо болих, хараа нь эрс муудсан байна.
Глаукомын энгийн хэлбэрийн үед нүдний өмнөд хэсэгт өөрчлөлтгүй байдаг. Зарим үед нүдний дотоод даралт ялимгүй ихсэх буюу тогтворгүй байх, хараа бага зэрэг муудахаас өөр онцын зовиур мэдэгдэхгүй учир эмчид хожуу үзүүлэх явдал байдаг.
Мэдрэлийн тогтолцоо, нүдний дотоод даралтын хэмжээнээс нь хамаарч хүн бүрд өвөрмөц эмчилгээ шаардагдана. Глауком өвчтэй хүний зөвхөн нүдийг эмчлэхээс гадна бусад эрхтний үйл ажиллагаанд хяналт тавих болдог. Глауком өвчтэй хүмүүс аль болох тайван байх, хэт ядрахгүйг хичээх хэрэгтэй.
Тамхи татах, аагтай цай, кофе, ялангуяа архи уухыг цээрлэвэл зохионо. Өдөрт уух шингэнийг 4-5 аягаар бага болгоно. Хоолондоо цагаан идээ, ногоо зонхилон хэрэглэвэл тохиромжтой. Өндөр дэртэй унтах нь сайн. Харанхуй бүрэнхийд удаан ажилласнаас нүдний хүүхэн хараа өргөсөж цаашид даралт ихэсдэгийг анхаарвал зохионо. Ер нь өвчтэй хүн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу зохих эмчилгээг тасралтгүй нарийн дэглэмтэй хийлгэх нь энэ осолтой өвчний үед удаан хугацаанд хараагаа муудуулахгүй байхын үндэс болно.