26/08/2025
МЭДЭГДЭЛ
Эм хангамжийн байгууллагууд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийг жигд, тасралтгүй ханган нийлүүлсээр ирсэн боловч эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрөө гэрээт хугацаандаа барагдуулаагүйн улмаас он дамжсан авлага үүсэж, одоог хүртэл бүрэн төлөгдөөгүй байгаагийн дээр 2025 оны эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөр нэмэгдэн эм хангамжийн байгууллагуудын хэвийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал үүссэн ноцтой байдалд хүргээд байна. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас авах авлага салбарын эргэлтийн хөрөнгийн 40 хувьд хүрч эм хангамжийн төдийгүй эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ доголдох бодит нөхцөл бүрдлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн өр төлбөрийг барагдуулахыг онцгойлон анхаарч, шийдвэрлэж ажиллахыг шаардсан албан шаардлага, мэдэгдлийг УИХ, Засгийн Газар, Сангийн Яам, Эрүүл Мэндийн Яам болон төрийн эрх бүхий байгууллага, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад удаа дараа хүргүүлсэн боловч үр дүнд хүрсэнгүй.
Эм хангамжийн байгууллагууд амь тэнссэн болон яаралтай тусламжид шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслээс бусад эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдал үүслээ.
Дээрх арга хэмжээнээс шалтгаалан гарах аливаа үр дагаврыг эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн байгууллагууд хариуцах боломжгүйг мэдэгдье.