30/09/2022
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЦЭВЭРШИЛТИЙН ХАМШИНЖИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ
Тодорхойлолт
Эрэгтэй хүнд нас ахихын хэрээр бэлгийн дааврын хэмжээ буурч үүнтэй хамааралтайгаар бие махбодид болон сэтгэл санааны хувьд өөрчлөлтүүд гарахыг цэвэршилтийн хам шинж гэнэ.
-Андропауз
-Эрэгтэйчүүдийн менопауз
-Тестостерон дааврын дутагдлын далд хам шинж
-Хожуу үүсэх эр бэлгийн дааврын дутагдал
-Насжиж буй эрчүүдийн андроген дааврын дутагдлын хамшинж гэх мэт олон янзын нэршилээр хэвлэлүүдэд бичдэг.
Эрэгтэйчүүдэд 40-45 наснаас эхэлж төмсөгний Лейдигийн эсээс ялгарах эр бэлгийн даавар-андрогений хэмжээ буурснаас бэлгийн дуршил буурах, бэлэг эрхтний хөвчрөх болон дур ханах чадвар буурах өөрчлөлтүүд гарна. Бие махбодид ерөнхий өөрчлөлтүүд гарч ядрах, сульдах, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, гутрах, булчингийн эзлэхүүн багасах, яс сийрэгжих, зүрх судасны өвчнүүдээр өвчлөмтгий болох буюу даралт ихсэх, өөх тосны солилцоонд өөрчлөлт орох зэрэг шинжүүд илэрнэ. Сийвэнгийн тестостерон хэвийн хэмжээнээс бага зарим тохиолдолд хэвийн байхад ч эрэгтэйчүүдийн цэвэршилтийн хамшинж явагдаж болно.
Гэхдээ эмэгтэйчүүдийн биеийн юм зогсдогтой ижил цэвэршилтийг илэрхийлэх заагч шинж гэж байхгүй.
Эрэгтэйчүүдийн цэвэршилт аажим явагдана. Эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн хоргүй болон хортой хавдар бас энэ үед тохиолдоно. Түрүү булчирхайд гарсан өөрчлөлтүүдээс шээсний доод замын эмгэгүүд, шээсний замын халдвараар өвдөх нь олон.
Эрчүүдэд настай нь уялдан сийвэнгийн эр бэлгийн даавар цусанд багассантай (нийт тестостероны хэмжээ* 8 nmol/L [300 ng/dl]-ээс бага, эсвэл чөлөөт тестостерон 180 pmol/L [52pg/ml] бага), холбоотой бэлгийн үйл ажиллагаа дур хүсэл бууран, ой тогтоолт танин мэдэх чадвар, еренхий биеийн эрч хүч буурах, стрессд амархан өртөх, булчингийн хүч ба жин багасах, цусан дахь өөх тос, чихрийн солилцоонд өөрчлалт орох, ясны эрдэсжилтийн нягтаршил буурах хамшинжийг эрэгтэйчүүдийн цэвэршилт гэнэ.
(ОУ-н Андрологийн нийгэмлэг, ОУ-н насжиж буй эрэгтэйчүүдийг судлах нийгэмлэг, Европын Урологийн холбооноос гаргасан удирдамж)
Эрт илрүүлэлт (Оношлогоо)
Асуумж :
Дараах зовуурь, шинжүүд илэрнэ.
-Бэлгийн дур сонирхол буурна.
-Бэлгийн чалх буурна.
-Амархан ядрамтгай болно.
-Төвийн байрлалтай таргална.
-Амьдралын идэвх багасна.
-Голдуу уур, уцаартай байна.
-Анхаарал муу төвлөрч, ой тогтоолт, санах чадвар муудна.
-Хөнгөн гэмтлээс яс амархан хугарна.
-Зүрх судасны эмгэгүүдээр өвчлөмтгий буюу даралт ихсэж байгаа эсэхийг тодруулна.
Эх сурвалж: Андрологийн тусламж үйлчилгээний гарын авлага.