25/04/2024
Хөвгүүд охидоос хожуу хэлд ордог нь үнэн. Гэхдээ хэдхэн сараар л (3-4 сар) хоцорч хэлд ордог байна. Харин 2 нас хүрчихсэн мөртлөө нэг ч үг хэлэхгүй байгаа бол хэл ярианы хоцрогдолтой байна гэж үзнэ. Тиймээс эрэгтэй хүүхэд хожуу хэлд ордог гээд зөнд нь орхиж болохгүй шүү.
Үүнд дараах 2 байгалийн хүчин зүйл чухал нөлөөтэй.
1. Ген:
FOXP2 гэгддэг ген нь хэл ярианы хөгжилд чухал үүрэгтэй. Энэхүү "Хэлний ген" нь эмэгтэйчүүдэд илүү өндөр байдгийг зарим нэг судалгаагаар тогтоосон байна. Илүү их судалгаа хийх шаардлагатай байгаа ч эрдэмтэд энэ ген нь хэл ярианд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэдэгтэй санал нийлж байгаа юм байна.
2. Гормон:
Охид, хөвгүүдийн мэдрэлийн болон танин мэдэхүйн ялгаа, ялангуяа хэл ярианы хөгжилд бэлгийн дааврууд үүрэг гүйцэтгэдэг эсэх талаар олон судалгаа хийгдсэн байдаг. Эмэгтэй даавар болох эстроген нь хэл ярианы болон нийгмийн харилцааны чадварыг сайжруулж, хэл ярианы хөгжилтэй шууд холбоотой тархины зарим хэсгийн өсөлтийг дэмждэг бол тестостерон нь хэлний төв, ялангуяа хүүхдийн нийгэм, хэл ярианы хөгжилд эсрэгээр нөлөөлдөг байна.
Мөн дараах гадны хүчин зүйлүүд нөлөөлдөг
Үүнд
1. Тоглох хэв маяг болон харилцааны байдал:
Хөвгүүд ихэвчлэн машинаар,өрдөг тоглоомоор ганцаараа бусдаас хамааралгүйгээр тоглох дуртай байдаг. Харин охид хүүхэлдэй, чихмэл тоглоомоо бүүвэйлж, хооллож, дүрд орж, аав ээжийгээ дуурайж хамт тоглох дуртай байдаг. Ингэж охид тоглоомоо нэрлэж, ялгаж, үйл явдлыг дуурайж үйл үгс сурч, танин мэдэх чадвар нь илүү хөгжиж байдаг.
Тэгвэл хүүгийнхээ хэл ярианы хөгжилд хэрхэн анхаарах вэ?
1. Хамт тоглох:
Хүүгийнхээ дуртай тоглоомоор хамт тоглох. Хүүгээ яаж тоглож байгааг ажиглан хажуунаас нь тайлбарлаж өгөх. Амьтдын чимээ үйл хөдлөлийг дуурайн хүүхдийг хөгжөөх.
2. Ном уншиж өгөх:
Өдөр бүр насанд тохирсон номыг уншиж өгөх нь яриа, хэл ярианы хөгжилд маш чухал нөлөөтэй.
3. Аль болох их ярих:
Хүүдээ утас, дэлгэц бага үзүүлж аль болох нийгмийн харилцаанд их оруулахыг хичээх. Үүнд түүнийг насанд тохирсон гэрийн ажилд оролцуулах. Хүүхдийг ойлгодог, ярьдаг байх эсэхээс үл хамааран үргэлж хүүхэдтэйгээ ярих.