
16/03/2025
Зүрхний дутагдлын оношилгоо -proBNP
📌 Бусад нэршил: Тархины гаралтай натриуретик пептид, proBNP, Натриуретик пептид
📌 Үндсэн нэршил: N-Terminal pro b-type Natriuretic peptide буюу N-төгсгөлт про/урьтал/ B-төрлийн Натриуретик пептид
⁉ Яагаад NT-proBNP гэж ⁉
Зүрхний эмгэг, тэр дундаа зүрхний архаг дутагдалыг илрүүлэх, оношлох мөн зарим тохиолдолд тухайн эмгэгийн явцыг үнэлэх зорилгоор энэхүү шинжилгээг хийдэг.
⁉ Хэзээ шинжилгээ өгөх вэ ⁉
Амьсгаадах, ядарч сульдах, хэвлий, шагай ба шилбээр хавагнах зэрэг шинж тэмдэгүүд /✅зүрхний дутагдлын шинжүүд/ илэрч байгаа тохиолдолд, ✅зүрхний шигдээсээр өвдсөний дараа болон ✅зүрхний эмгэгийн эмчилгээ хийлгэж байх үедээ хяналтын зорилгоор өгнө.
⁉ Яаж сорьц өгөх вэ ⁉
Венийн судсанд хатгалт хийж цус өгнө.
⁉ Ямар нэгэн урьдчилсан бэлтгэл шаардлагатай эсэх ⁉
Ямар нэгэн бэлтгэл шаардлагагүй /өлөн байх, өглөө өдрийн цагаар өгөх, ямар нэгэн хүнс хориглох г.м ямар ч бэлтгэл шаардлагагүй/
❓ Юуг шинжилж байгаа вэ ❓
BNP дааврыг анх тархины эдэд нээн илрүүлсэн тул тархины натриуретик пептид гэж нэрлэсэн. Гэвч энэхүү даавар нь зүрхний зүүн ховдолд байх эсүүдэд голлон үүсдэг болохыг хожим нь тогтоожээ. Зүрхний зүүн ховдол бол зүрхний гол шахуурга бөгөөд биеийн бүх хэсгүүдэд хүчилтөрөгчөөр баялаг цусыг түгээх үүрэгтэй. Зүүн ховдол нь цусны эзэлхүүн болон даралтаас нягт хамааралтайгаар ажиллах ба цусыг бүх л биеээр түгээхэд шаардлагатай зүрхний ажиллах хүчийг зохицуулж байдаг.
📌 Үүсэлтийн механизм 📌
Pro-BNP гэх урьтал даавар нь маш бага хэмжээтэйгээр зүрхэнд тасралтгүйгээр үүсч байдаг бөгөөд зүрх хүчтэй ажиллах /ачааллах/ шаардлагатай болсон үед их хэмжээгээр чөлөөлөгддөг байна. Ийнхүү цусанд чөлөөлөгдсөний дараагаар Корин гэх нэртэй энзим нь Pro-BNP-г хоёр хэсэгт хувааж, үйлдлийн идэвхитэй BNP болон үйлдлийн идэвхигүй үлдэгдэл хэсэг болох NT-proBNP-г үүсгэдэг.
✅ BNP гэдэг нь нэгэн төрлийн пептид (энгийн бүтэцтэй уураг) даавар
✅ NT-proBNP бол BNP-тэй нэгэн зэрэг үүссэн задралын бүтээгдэхүүн /мөн адил пептид бүтэцтэй/
📌 Дааврын үүрэг, ач холбогдол 📌
Энэхүү даавар ялгарснаар биеэс шингэнийг гадагшлуулж /шээс хөөж/, цусны даралт нэмэгдүүлэгч дааврууд болох ренин болон алдостероны үүсэлтийг дарангуйлж, захын судсуудад тэлэлт үүсгэдэг.
📌 Шинжилгээний ач холбогдол 📌
Зүрхний зүүн ховдол цус шахаж биеэр түгээхэд хүндрэлтэй байгаа тохиолдолд цусанд агуулагдах BNP болон NT-proBNP –н хэмжээ нэмэгддэг. BNP эсвэл NT-proBNP ихсэх нь зүрхний эсүүдийн ачаалал их байгааг буюу биеийг хүчилтөрөгчөөр баялаг цусаар хангах зүрхний чадал нь буурсаныг илтгэдэг. Гэвч энэхүү шинжилгээгээр ямар эмгэг жамаар нөхцөлдсөн буюу суурь эмгэг нь яг ямар өвчин бэ гэдгийг илрүүлэх боломжгүй. Энэ нь зүрх судасны тогтолцооны маш олон өвчин эмгэгүүдийн үед тохиолдох боломжтой.
Тэр дотроос, цусан дахь BNP болон NT-proBNP-н агууламжийг тодорхойлох нь зүрхний дутагдлыг илрүүлэх болон үнэлэх боломжийг олгодог. Энэ 2 шинжилгээний хариу нь өөр өөр утгатай гарах тул хооронд нь шууд харьцуулах боломжгүй боловч нэгэн зэрэг хийх шаардлагагүй юм. /1 үзүүлэлтийг нь сонгож үзүүлж байх/
🔬 Шинжилгээний хариуг дүгнэх 🔬
Шинжилгээний хариу хэвийнээс их хэмжээнд гарах нь зүрхний дутагдал ямар нэгэн хэмжээнд үүссэн байж болохыг илтгэдэг. Мөн цусанд агуулагдах NT-proBNP –н түвшин нь зүрхний дутагдалын хүнд хөнгөний зэрэг /явц/-г илтгэж байж болох юм. Хэдий чинээ их гарна, төдий чинээ хүнд зэргийн зүрхний дутагдал үүссэн байх магадлалтай.
Шинжилгээний хариу хэвийн хэмжээнд гарах нь дээр дурдсан эмнэлзүйн шинж тэмдэгүүд болон зовиурууд нь өөр нэгэн шалтгааны улмаас үүдсэн байх магадлал ихтэйг харуулна. /Уушигны гаралтай эмгэг г.м/
📌 Ерөнхийдөө NT-proBNP-н түвшин 200pg/ml-с бага байгаа тохиолдолд зүрхний дутагдалтай байх магадлал тун хомс. Харин 50-с доош насныханд 450 pg/ml-с их, 50-с дээш насныханд 900pg/ml-с их байгаа тохиолдолд зүрхний дутагдал үүссэн байх магадлал өндөр байна.
Гэвч энэхүү үзүүлэлт нь судалгаа шинжилгээний дүнд гаргасан ерөнхийлсөн үзүүлэлт учир, тухайн хувь хүнд тохирсон нарийн үнэлгээг зөвхөн эмчлэгч эмч тань гаргана гэдгийг битгий мартаарай.
📌 Мөн NT-proBNP-н түвшин зүрхний дутагдалын эмчилгээний үр дүнд буурдаг. Иймээс эмчилгээний үр дүнг хянах зорилгоор энэ шинжилгээг түлхүү ашиглаж байна.
NT-proBNP цусанд их хэмжээгээр агуулагдаж байгаа нь ихэнхи тохиолдолд илүү хүчтэй эмчилгээ шаардлагатай байгааг илэрхийлдэг. Гэвч зүрхний архаг дутагдалтай зарим цөөн тооны хүмүүсийн хувьд эмчилгээний үр дүнгээс үл хамааран NT-proBNP-н түвшин өндөр хэвээр байсаар байж болох тул энэхүү шинжилгээгээр эмчилгээний үр дүнг үнэлэх боломжгүй байж болдог.
📍 БЗД 22-р хорооБЗД-ийн автобусны арын буудалын 16давхар орон суудны чанх ард /
утас :9971-7881, 8930-0666