01/05/2026
⁉️БУЛЧИНГИЙН ЧАНГАРАЛ гэж юу бэ
(Нуруу татах)
⁉️Булчингийн тонус хэвийн бусаар чангарах эмгэгийг булчингийн чангарал гэнэ.
🔸Үүний шалтгаан нь:
Гэмтэл, огцом хөдөлгөөн, хэт ачаалал авч хүнд юм өргөх болон булчингийн тэжээл дутагдах, цусан хангамж буурах зэрэг олон янзын шалтгаануудаас хамааран булчингийн зарим ширхэг агшсаныхаа дараа буцаж сулрахгүй агшсан хэвээрээ үлддэг.
Үүнийг булчингийн чангарал гэж нэрлэдэг бөгөөд, булчингийн өвдөлтийг үүсгэдэг, удвал хатангиртдаг байна.
🔸Шалтгаан:
Ихэнхдээ өөрийнхөө дааж болох жингээс хүнд зүйл хүчилж өргөх, хүнд зүйлийг буруу байрлалд өргөснөөс эсвэл бие халаалт хийлгүйгээр дасгал хөдөлгөөнөөр хичээллэх зэргээр хэт ачаалал гэнэт авснаас, удаан хугацаагаар сууж ажилладаг, ялангуяа буруу байрлалд сууж ажиллаж хэвшсэн хүмүүсийн нуруунд удаан хугацааны туршид байнгын ачаалал ирснээс нурууны булчин чангарахад хүрч, энэ нь өвдөлтөөр илэрдэг байна.
🔸Булчин ихээр чангарч,
энэ нь удаан үргэлжилбэл нурууны нугалмуудын хоорондын зай ойртох, үе хоорондын жийргэвч шахагдах, ачаалал үүрч байгаа жийргэвчинд цүлхийлт үүсэж, яваандаа жийргэвчийн фиброзон цагариг урагдах зэрэг эмгэг өөрчлөлт бий болсноор нуруу өвдөнө.
🔸Нөгөө талаар булчин чангарч байна гэдэг бол хүний бие махбодын хамгаалах урвал явагдаж байна гэсэн үг. Булчин нь нурууг бүсэлж хамгаалах үүрэгтэй байдаг.
Нуруунд ямар нэгэн ачаалал болон буруу хөдөлгөөний улмаас аль нэг хэсэг нь гэмтэх магадлалтай байгаа болохоор илүү осолтой хөдөлгөөн хийхээс хамгаалах зорилготойгоор хүний бие чангарч байгаа хэрэг гэж ойлгож болно.
🔸Шинж тэмдэг :
нуруу чилж хөшиж байгаа мэт өвдөнө.
Нэг байрлалд хөдөлгөөн багатай сууж хэвтсэн үед илүү мэдрэгддэг, харин босож явах хөдөлгөөн хийх үед өвдөлт багасдаг.
Хүзүү хөшнө, нуруу чилнэ, хуян шар ус хөөрнө гэдэг нь хүзүү сэрвээ, нурууны булчингийн чангарлын илрэл юм.
⁉️Булчингийн чангарлын шалтгаан нь голдуу бидний ажил амьдралын буруу дадал хэвшил байдаг.
Тиймээс ч тохирсон эмчилгээнээс гадна ажил амьдралынхаа буруу дадал хэвшлийг засах нь булчингийн чангарлаас салах, улмаар илүү халтай өвчин болж хүндрэхээс сэргийлэх нэг гол нөхцөл юм шүү.
Таны нуруу байн байн давтамжтай, ойр ойрхон чангарч өвдөөд байвал мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.