21/11/2019
АНТИБИОТИК
( номын хэсгээс)
Бага насны хүүхэдтэй эцэг эхийн хувьд хүүхдээ антибиотикоор эмчлэх нь амьдралын хэвшмэл зан үйл болсон.
Антибиотик эмийн жор бичих тоо цөөрсөн ч антибиотикийн хэрэглээ хэт өндөр байсаар байна.
Антибиотик бактерийг устгадаг.
Антибиотик хэрэглэх болгонд уг хэрэглээг дагалдах сөрөг нөлөөний улмаас голчлон бактериас бүрдэх микробиот хүчтэй хэлмэгддэг. Найрсгаар БУУДАХ гэж нэрлэе. Өөрийн ашигтай бактерийг ийнхүү санаатай бус БУУДАЖ хөнөөх нь ойрдоо ч, ирээдүйд ч эрүүл мэндэд сөрөг үр дагавартай.
Хүүхэд нэмэлт хоолонд шилжих даруйд микробиотод багтах бактерийн төрөл зүйл эрчимтэй олширдог болохыг нярайн микробиотын судалгаа харуулсан. Гэтэл антибиотик хэрэглэвэл бактерийн төрөл зүйлийн тоо өсдөггүй.
Антибиотик хоёр үндсэн замаар микробиотыг хөнөөдөг болохыг судалгаагаар тогтоожээ.
Нэгдүгээрт, антибиотикийн үйлчлэл дор гэдэсний микробиот маш олноор, тэр даруй үхдэг байна.
Хоёрдугаарт, хэдийгээр антибиотик эмчилгээ дууссаны дараа бичил биетүүд сэхэх боловч олонлогийн хувьд, экосистемийн хувьд микробиот хэзээ ч бүрэн сэргэдэггүй.
Үхэр, хонь, тахиа, мөн гахайнд бага тунгаар антибиотик хэрэглэвэл тухай амьтны жин 15 хүртэл хувиар нэмэгддэг болохыг фермерүүд мэддэг болоод хэдэн арван жил болж байна.
Махыг жигнэж худалддаг учир ийнхүү жин нэмснээр фермерийн ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Антибиотикийг амьтанд хэдий нас бага байхад хэрэглэнэ төдий чинээгээр жин нь илүү нэмэгддэг.
Энэ бүхнийг бодож үзээд, хүүхдийг нялх байхад антибиотикоор олон удаа эмчлэх нь цаашид жин нэмэгдэх байдалд хүргэдэг юм биш биз гэж эрдэмтэд эмзэглэх болсон.
Англи улсын 11 мянган хүүхдийг антибиотик эмчилгээ хийлгэсэн болон эс хийлгэснээр ангилж харьцуулан судалж үзэхэд тэд хоорондоо жингийн маш их ялгаатай байгаа нь ажиглагдсан байна.
Нялх байхад нь (6 сар хүртэл) антибиотикоор эмчилсэн хүүхдийн дундаж жин, мөн насанд антибиотик хэрэглээгүй хүүдийнхээс илүү байжээ. Жингийн энэ ялгаа 3 нас хүртэл ажиглагдсан байна.
Нэг ойгоос хоёр ой хүртэл насанд антибиотик хэрэглэсэн хүүхдийн жинг дундажлаад хяналтын бүлгийн мөн насныхны жинтэй харьцуулж үзэхэд антибиотик эмчилгээ хийлгэснээс хойш бүтэн таваас зургаан жилдээ мөн л илүү жинтэй байдаг нь тогтоогдсон байна.
Антибиотикийн довтолгооны дараа урт хугацаанд өөхлөн, жин хэт нэмэгддэг болох нь илт болж байна.
Энэ бол сэтгэл түгшээх мэдээ юм. Өөрөөр хэлбэл архаг өвчлөлөөр өвдөх хүмүүсийг бага наснаас нь эхлэн өсгөсөөр байна.