09/09/2025
Зинт клиникт 9-р сарын 7-нд БНСУ-ын Bundang Jesaeng эмнэлгийн хүүхдийн мэдрэлийн эмч Пён Сон Хуан бидний хүсэлтээр ирж хамтарсан үзлэг хийсэн билээ. Түүний өгсөн зөвлөгөөнөөс тоймлон хүргэж байна.
1. Дараах хамшинж нь таталттай тун төстэй тул ялган оношилгоог сайтар хийх шаардлагатай. Үүнд:
• Startle Reflex буюу цочих рефлекс
• Sleep Myoclonus буюу нойрондоо татваганах хамшинж
• Breath with holding Spells буюу уйлахдаа амьсгалаа түгжих хамшинж (Монголчууд ээрэх гэдэг)
• Nocturnal paroxysmal events буюу унтах эсвэл сэрэх үед гэнэтийн цочмог хөдөлгөөн хийх
Эдгээрийг таталттай андууран буруу оношилж таталтын эм уулгах явдал байдаг тул нойрны бичлэг, тархины цахилгаан бичлэг хийлгэх нь маш чухал.
2. Уналт таталтын өвчний (Epilepsy/эпилепси) үед хүүхдэд 2-3 эмийг нэг дор хавсруулан хэрэглэхээс илүүтэйгээр тохирсон 1 эмийг олох ёстой. Уналт таталтын эмийг ердийн тунгаар уулгаж эхлээд үр дүнгүй байвал тунг таталтгүй болтол аажмаар нэмж зөвшөөрсөн дээд түвшинд хүргэнэ. Хамгийн өндөр тунгаар уулгаад нэмэргүй бол уг эмийг зогсоож өөр эмээр солих арга хэмжээ авдаг. Энэ эмийнхээ тунг мөн л бага багаар нэмж үр дүнгүй бол 3 дахь эмээр солих мэтээр таарах нэг эмийг олно.
Absence Seizures буюу Абсанс уналт (гөлийх)-ын эмчилгээнд карбамазепин хэрэглэхгүй. Учир нь энэ төрлийн таталтыг улам дордуулдаг.
Ардын уламжлалт эмчилгээнүүд нь ямар нэгэн үр дүнгүй.
3. Gelastic seizures гэдэг нь гэнэт, ямар нэг шалтгаангүйгээр богинохон хугацаанд инээмсэглэх, инээх, хөхрөх шинжээр илэрдэг бөгөөд дийлэнхдээ өнчин тархины хоргүй хавдрын шалтгаантай байх тул юуны түрүүнд тодруулагчтай MRI хийх заалттай.
4. Энцефалит буюу тархины үрэвсэл нь шалтгаан, хүүхдийн нас, цаг алдалгүй зөв эмчилгээ хийсэн зэргээс хамааран бүрэн эдгэрэхээс авахуулаад саа саажилт үүсгэх, нас барах эрсдэлтэй өвчин юм. Дархлаажуулалтын ачаар хемофилус инфлуэнза, стрептококк зэрэг нянгаар үүсгэгдсэн энцефалит тохиолдох нь ховор болж харин вирусийн болон аутоиммун шалтгаан зонхилох болсон. Вирусээс херпес вирус, энтеровирус зэрэг нь энцефалитын шалтгаан болох нь элбэг байна. Өвчтөн сэхээний тасагт энцефалитын хүнд шинж тэмдэгтэй хэвтэнгүүт шууд антибиотик, ацикловир, гормоныг тариагаар судсаар тарьж эхэлдэг. Үүний дараа шинжилгээ авч шалтгааныг тодруулан эмчилгээнд шаардлагатай өөрчлөлтийг хийнэ. Эхэлж шинжилгээ аваад хариуг хүлээж эмчилгээ эхлэх нь хугацаа алдаж өвчтөний тавиланд муугаар нөлөөлдөг.
5. Аутизм оношийг тэр бүр 2 настайд тавих боломж байдаггүй. Дийлэнх тохиолдолд 3-4 насанд, заримдаа 5 нас хүрч байж оношлох ч тохиолдол бий. Тэр болтол шаардлагатай бол удамшлын болон бодисын солилцооны шинжилгээ хийлгэн эмчийн хяналтад хэл засал, хөдөлгөөн засал зэргээр хүүхдээ хөгжүүлж байгаад давтан үзүүлээд байх хэрэгтэй. Ямар ч шалтгаантай байлаа хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг аль болох эрт хөгжүүлэх, нийгэмшүүлэх нь чухал.