19/05/2024
Эмнэлзүйн шинжлэх ухааны ноён оргил болсон Дотрын шинжлэх ухааны нэгэн томоохон төлөөлөл, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Академич, АШУ-ны доктор, профессор Бат-Өлзийн Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлалын Улсын гуравдугаар олимпиад” 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо АШУҮИС-ийн төв сургуулийн Оюутны соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү олимпиадыг АШУҮИС-ийн АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим, Анагаах ухааны хүрээлэн, АУС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн дэргэдэх Хепато-Гастроэнтерологич оюутны клуб, Академичийн үр хүүхдүүд хамтран зохион байгуулсан. Тус олимпиадад АШУҮИС, “Ач” АУИС, “Этүгэн” их сургуулийн 100 гаруй оюутнууд оролцож, Хоол боловсруулах эрхтэн судлалын талаарх мэдлэг оюун, ур чадвараараа өрсөлдлөө.
Энэ удаагийн олимпиадын онцлог нь академичийн 80 насны ойд зориулан зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Монголын анагаахын мэргэд” цувралын 38-р боть “Дотрын хэмээн алдаршсан их багштан, академич Бат-Өлзийн Цэрэндаш” ном хэвлэгдэн гарсан явдал юм. АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга, АУ-ны доктор, дэд профессор Д.Оюунбилэг, АШУҮИС-ийн АУС-ийн ХБЭС-ын тэнхимийн эрхлэгч, МЯЭ-ийн дурангийн тасгийн эрхлэгч, АУ-ны доктор Ц.Бямбажав нар олимпиадыг нээж, АШУҮИС-ийн зөвлөх, академич Ц.Лхагвасүрэн “Монголын анагаахын мэргэд” цувралын 38-р боть “Дотрын хэмээн алдаршсан их багштан, академич Бат-Өлзийн Цэрэндаш” номын тухай, Анагаах Ухааны хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, профессор Л.Тулгаа “Академич Б.Цэрэндашийн элэг судлалын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр” сэдвээр, АШУҮИС-ийн МЯЭ-ийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Н.Бира “Академич Б.Цэрэндашийн анагаахын боловсрол судлалд оруулсан хувь нэмэр” сэдвээр лекц уншлаа. Олимпиадад Монгол улсын төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын эмч, академич, АУ-ны доктор, профессор Н.Баасанжав, Монгол улсын ардын багш, хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Х.Гэлэгжамц, Монгол улсын ардын багш, эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, академич, АШУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, Монгол улсын хүний гавъяат эмч Г.Занаа, Монгол улсын хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор Т.Эрхэмбаатар, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, АУ-ны доктор, профессор Г.Чойжамц, нарын эрдэмтэн, докторууд хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэхүү үйл ажиллагаанд академич Б.Цэрэндаш тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан Дотор өвчин судлалын 2-р тэнхмийн багш нар, хамт олон нь оролцлоо.
Олимпиадыг ЭМЯ-ы Дотрын Анагаах судлалын салбар зөвлөлийн дарга, АУ-ы доктор, дэд профессор Ц.Сарантуяа, “Ач” АУИС-ийн Эм судлалын тэнхмийн эрхлэгч АУ-ы доктор, дэд профессор Ц.Гүндэгмаа, АШУҮИС-ийн МЯЭ-ийн зөвлөх АУ-ы доктор, профессор Н.Бира, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхмийн багш, АУ-ы магистр Г.Эрдэнэбал, АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхмийн багш, АУ-ы доктор Г.Сарантуяа нар шүүн тунгаалаа.
Шалгарсан багууд:
🥇 Янзага 41.2 оноо
🥈 Universe 33.3 оноо
🥉 Z-coming 31.3 оноо
🏅Тусгай байр 1: MDA 30.2 оноо
🏅Тусгай байр 2: Senzu 30 оноогоор тус тус шалгарлаа.
Олимпиадын үеэр академич Б.Цэрэндашийн бүтээлийн үзэсгэлэн гарч, хэвлүүлсэн, редакторласан зарим бүтээлийг дэлгэн үзүүлэв.
Олимдиадын үеэр оюутнууд юу сурч мэдсэнээ багш нартаа тайлагнаж, олимдиадын явцад гастроэнтеролог, гепатологийн чиглэлээр өргөн цар хүрээтэй мэдлэг олж авлаа.
Олимпиадыг зохион байгуулагчид, шүүгчид, оролцсон оюутнууд, хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.