Монголчуудын 4 улиралын идээ ундаа

Монголчуудын 4 улиралын идээ ундаа Монголчууд хоол ундаа өөрийн махбодь, нас, улирал, газар нутгийн онцлог, өдрийнхөө цаг уурт тохируулан хэрэглэж ирсэн уламжлалтай.

Өглөөний цайгаа заавал уугаарай...Монголчууд "Өглөөний цайгаа өөртөө" гэдэг. Монголын нууц товчооны 124. Чингис хаан бол...
21/02/2022

Өглөөний цайгаа заавал уугаарай...
Монголчууд "Өглөөний цайгаа өөртөө" гэдэг. Монголын нууц товчооны 124. Чингис хаан болоход Өнгүр, Сүйхэтү чэрби, Хадаан-Далдуурхан гурав "Өглөөний зоогийг Өнөд осолдохгүй Үдийн ундыг Үүрд тасалдахгүй гүйцэтгэж байя" гэсэнд буурч (тогооч) болгов гэсэн байдаг. Өглөөний цай уухын ач тусыг таньж чухал ач холбогдол өгсөөр ирсэн байна. Хүний биеийн хийний цаг өглөө байдаг. Биед хий зай ихэдвэл бүх өвчин үүсэх гол үндэс болдог. Иймд өглөө цай ууж бие болон ходоодныхоо хийг зайлшгүй дарах шаардлагатай. Мөн өглөө эрт элэг сэрж идэвхждэг. Монголчууд өглөөний цай уухаа “Өлөн элгээ тайлах” гэж ярьдаг. Өлөн элгээ тайлж цай уухад шөнийн турш цөсний хүүдийд хуримтлагдаж өтгөрсөн цөс нэг хэсэг нь сувгаар дамжиж нарийн гэдэсрүү шахагдаж өөх тос задлахад оролцдог бол нөгөө хэсэг нь цусруу шахагдан орж цусыг шингэлэн түүний эргэлтийн хурдыг эрчимжүүлж өгдөг гэж үздэг. Цусны эргэлт эрчимжсэнээр эргээд цусыг шүүх элэгний үйл ажиллагаа дэмжигдэнэ. Цөс шингэн, цусны эргэлт сайн байснаар дархлаа сайжирч, нүдний гал нэмэгддэг. Харин цөс өтгөн байвал дархлаа сулрах цаашлаад цөсөнд чулуу үүсэх, элэг хатуурах гэх мэт сөрөг нөлөө бий болдог. Хүн өглөөний нарыг харж, биеэ ээхэд боргоцой булчирхайнаас серотонин ялгарч аз жаргалыг мэдэрч тархи, оюун ухааныг сэрээсэнч цай уугаагүй ходоод хоосон бол бие дэх биохимийн урвалууд идэвхждэггүй. Өглөөний цай биологийн биеийг идэвхжүүлдэг. Тиймээс өглөөний цайгаа тогтмол ууж хэвших хэрэгтэй. Өглөөний цай хэмжээ ихгүйч уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис зэргийг бүгдийг агуулж байх шаардлагатай.
Өглөөний цай ууснаар сэтгэл санаагаар өөдрөг, эрч хүчтэй, идэвхтэй, ажлын ачаалал даахдаа сайн,бүтээмж өндөр, ядралт багатай байх боломжтой. Харин өглөөний цайгаа уугаагүй хүмүүс сэтгэл санаа тогтворгүй болох, дархлаа сулрах, толгой өвдөх, ядрах, эрч хүч амьдралын идэвх сулрах, ажлын бүтээмжгүй болох зэрэг сөрөг шинж тэмдэг илэрдэг. Цаашид удаан явснаар ой тогтоолт муудах, мартамхай болох, ходоодонд хий тогтох, тархины хатингаршилт үүсэх эрсдэлтэй.

Ус уухад учир бийМонголчууд усыг “Чандмана эрдэнэ” хэмээн эрхэмлэж ирсэн. Ус нь "шингэн" төлөвтэй боловч -1°C хэмд мөс б...
16/02/2022

Ус уухад учир бий
Монголчууд усыг “Чандмана эрдэнэ” хэмээн эрхэмлэж ирсэн. Ус нь "шингэн" төлөвтэй боловч -1°C хэмд мөс буюу хатуу, +100°C хэмд уур буюу хий төлөвт ордог. Ингэж 3 төлөвт шилждэг болохоор ийнхүү нэрлэжээ. Усан орчинд бүх амьд биет үүссэн гэж үздэг. Хүмүүс бид ч эхийнхээ алтан хэвлийд усан орчинд бий болдог. Бидний эцэг өвгөд усны амьд чанарыг эрт үеэс танин мэдэж нуур, цөөрөм, гол, мөрөн, горхи, булаг, шанд зэргээ “амьдралын эх булаг” гэж хайрлан бохир зүйл оруулахгүй, улаан, цагаан зүйл дусаахгүй түүний эзэн нь ЛУС (эЛ УС) гэж байдаг хилэгнэнэ хэмээн ариун тунгалаг байдлаар нь ЧАНДын чанддаа МАНАж иржээ. Гэсэн хэдий боловч ус хар идээнд орох бөгөөд монголчууд шимгүй идээ хэмээн үздэг. Сүүлийн үед усыг байнга уух тэр ч байтугай зарим нь өглөө босоод, орой унтахдаа хүртэл уух талаар зөвлөгөө өгч байх юм. Энэ бол буруу зүйл юм. Манай орны эрс тэс ширүүн цаг уурт зохицохгүй. Хэдий биеийн бохирдлыг гадагшлуулах шингэн нөхөж байгаа боловч цусаар зөөвөрлөгдөж байгаа шимт бодисыг хамт угааж гадагшлуулдаг. Уламжлалт анагаах ухаанд "өвчний анхдагч нь эс шингэх өвчин, эмийн анхдагч нь буцалгаж ширгээсэн ус" гэж хэрэглэдэг. Эсвэл рашааныг тодорхой заалт, хугацаа, хэмжээтэйгээр эмчилгээний журмаар ууж хэрэглэдэг. Мөн тарваганы хэт халуун чанартай махны араас хүйтэн ус ууж шингээлтийг сайжруулахад хэрэглэнэ. Бусад нөхцөлд төдийлөн хар ус уугаад байдаггүй. Бага насны хүүхэд унтахын өмнө ус уухаар нэхэхэд "Шөнө ам цагаан хулгана амандаа ус зууж авч ирж өгнө" хэмээн өгдөггүй. Мөн " Унтах хүнд ус хэрэггүй, Үхэх хүнд үг хэрэггүй" гэж зүйр цэцэн үг ч бий. Шимгүй ус их уух нь ходоодны галын илчийг бууруулж хоолны шингэлтийг муутгах, бөөрөнд ачаалал үүсгэн хавагнуулах, үе мөч өвтгөх, биенд хий үүсгэх, биеийг тамирдуулж сульдаах зэрэг сөрөг нөлөөтэй. Монголчууд усыг буцалган дээр нь идээ хийж бор цай болгох юмуу сүү хийж хярам эсвэл тараг, айраг хийж цийдэм хийх байдлаар хэрэглэдэг. Мөн хүйтэн сэрүүнд хоолыг орлох "Таван тансагт цай" хийж хэрэглэнэ. Монголчууд усан дээрээ сүүгээ хийдэг билэгдэл зүй нь сайн нь муугаа, зөв нь буруугаа, үнэн нь худлаа, цагаан нь хараа дийлдэг гэж үздэгтэй холбоотой.

ЦайМонголчууд “Идээний дээд цай, Эдийн дээд хадаг” гэдэг. Цайг улирал харгалзахгүй хэрэглэдэг тул идээний дээд гэдэг.  Ц...
15/02/2022

Цай
Монголчууд “Идээний дээд цай, Эдийн дээд хадаг” гэдэг. Цайг улирал харгалзахгүй хэрэглэдэг тул идээний дээд гэдэг. Цай нь биеийн алжаал ядаргааг тайлдаг. Идээ ундаагаа хар, цагаан, ногоон, улаан, шар таван өнгөөр билэгддэг. Таван тансагт цай гэдэгт ус, сүү, давс, хужир, цайны идээ, борц, тос зэргийг хийдэг. Эдгээр нь ус, давс, хужир нь хар идээг, сүү нь цагаан идээг, цайны идээ нь ногоон идээг, борц банш зэрэг нь улаан идээг, тос зөөхий өрөм зэрэг шар идээг тус тус төлөөлдөг.
Монголчууд цай чанах нь ястан тус бүрд өвөрмөц онцлогтой бөгөөд бүс нутаг улиралын онцлогтоо тохируулж таван хошуу мал, сарлаг, цаа буга зэргийн сүүгээр сүлж давс, хужир болон зарим нутагт шар тос, борц, гурил гэх мэт цайны хийцүүд нэмж аль болох тосорхог, тэжээллэг хийдгээрээ бусад үндэстний хэрэглэдэг цайны төрлөөс ялгаатай бөгөөд ингэж чанасан цай зөвхөн ундааны төдийгүй хоолны үүрэг гүйцэтгэх тал ч бий. “Муухан хоолноос сайхан цай дээр” гэж ярьдаг. Цайтай холбоотой маш олон соёлуудтай. Цай чанаж байгаа айлд орж таарвал тухайн ирсэн гийчнээ “ Мортой явж байна” хэмээн билэгшээдэг. Мөн ирсэн хүн нь “ Буусан айл маань баян болог, Буцалсан цай тань бурам болог” гэж ерөөдөг.

10/02/2022

Хүнс гэж юу бэ?
Хүнс гэдэг нь хүний биеийн эд эсэнд шаардлагатай эрчим энергийг нөхөн өгч, бие бялдрын болон оюун санааны дээд чадамжаар илрэхэд шаардагдах хүчин зүйлүүд юм байна. Монголчуудын хүнс гэдэг нь их өргөн ойлголт байжээ. “Алтан Дээд ГэрИЭ”-нд 1000 күнсч мөргүншил гэж байдаг. Үүнээс үзэхэд 1000 хүнстэй байжээ. Өнөөгийн бидний нийтлэг ойлголтоор хоол хүнс, хүнсний бүтээгдэхүүн гэж нэрлээд идээ ундааны зүйлээр хязгаарлаж ойлгоод байдаг. Гэтэл хүнсэнд нар, сарны гэрэл эрчим, агаар, ус, нойр, бодит мэдлэг, идээ ундаа, орон гэр, хувцас зэрэг ордог байна. Идээ ундаа нь хүнсэндээ багтдаг хүнснийхээ нэг хэсэг болдог байна.
Нар, сар, сүүн эхт хүнснүүд, бодит мэдлэг нь бидний амин, үржихүй, өсөхүй, мэлмийн хүрдэнгүүдийн эрчимт эх нь болж өгдөг. Бидэнд агаар эгшин тутамд, ус өдөр тутамд шаардагдаж байдаг чухал хүнсүүд юм. Харин байгалын гаралтай материалаар хийгдсэн хувцас, гэр зэрэг нь энерги долгион дамжуулдаг, хүний биеийг дулаан хуурай байлгах чадвартай чийг гадагшлуулж дулаанаа барьж тэтгэдэг байна.

09/02/2022

Монгол орон цаг уурын хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай бөгөөд эдгээр нь дараах хүчин зүйлүүдээс нөлөөлдөг.
1. Далайн төвшнөөс дээш 526,7 метрээс 4374 метр өндөрт өргөгдсөн байдал. Далайн төвшнөөс дээшлэх тусам агаарын даралт багасаж агаар сийрэг болж дулаанаа алддаг. Тиймээс далайн төвшнөөс дээшлэх тусам агаарын температур хүйтэн болдог байна.
2. Далай тэнгисээс алслагдсан байдал. Монгол орон том далайнуудаас хол тул зөөлөн, дулаан, чийглэг уур амьсгал орж ирдэггүй. Ус нь шингээлт хамгийн өндөртэй тул экватор орчмын далайн ус нь нарны гэрлийн нөлөөгөөр өдөртөө халж тухайн бүс нутаг ойр орчимдоо чийглэг дулаан цаг уурыг бүрдүүлдэг. Далай тэнгисээс алслагдсан эх газрын уул, хад чулуу, шороо далайн усыг бодвол дулаан шингээлт бага байдаг. Иймээс халах хөрөх нь хурдан байдаг тул далайгаас холдох тусам эрс тэс уур амьсгал үүсдэг.
3. Эх газрын уур амьсгал. Баруун хойт зүгээс Евроазийн өргөн уудам эх газрын уур амьсгал орж ирдэг. Тиймдээ ч баруун хойт зүгийн салхи ноёлдог.
4. Сибирийн антициклон. Евроазийн зүүн хойт хэсэгт Байгаль нуураас хойш асар их хүйтэн хуурай агаар хуримтлагдаж байдаг байна. Үүнийг Сибирийн антициклон гэж нэрлэдэг бөгөөд өвлийн саруудад хүрээгээ тэлж монголруу орж ирдэг .
5. Монгол орны газар нутгийн тодорхой хэсэг нь доороо цэвдэгтэй. Эдгээр хүчин зүйлүүдээс шалтгаалж хоногийн температурын зөрүү 15-20 С°, жилийн температурын зөрүү 80-100 С° болдог байна. Ийм нөхцөлтэй дөрвөн улиралд тохирсон идээ ундаа хэрэглэх нь эрүүл амьдрах, урт наслах гол үндэс болно. "Алтан дээд ГЭР ИЭ"-г тайлсан Баяраа багшийн тайлалаар монголд жилийн 4 улиралд 40 үеийн шилжилт явагддаг байсан байна гэж үзсэн байдаг.
Улирал Хон Үе Нийт
Хавар 7 11 77
Зун 9 11 99
Намар 12 9 108
Өвөл 9 9 81
40 365
Бид өвлийн улиралд 9 хоногоор 9 үе шилждэгийг нь мэддэг боловч бусдыг нь төдийлөн мэддэггүй. Тухайлбал хавар гэхэд 7 хоногоор 11 үе шилждэг болохоор монголчууд олон зантай хаврын тэнгэр шиг гэж ярьдаг. Харин намар 12 хоногоор 9 үе шилждэг болохоор намар урт налгар сайхан болдог байна.

09/02/2022

Монголчууд хоол ундаа өөрийн
1. Махбодын онцлог
2. Насны онцлог,
3. Улирлын онцлог
4. Бүс нутгийн онцлог
5. Хүйсийн онцлог зэргээ харгалзан тухайн өдрийнхөө цаг уурт нийцүүлэн хэмжээг нь тохируулан хэрэглэж ирсэн уламжлалтай байдаг.
Мөн Монголчууд идээ ундааг өнгөөр нь цагаан, улаан, ногоон, шар, хар гэж 5 өнгөөр ялган хэрэглэж иржээ.
1. Цагаан идээнд сүү, сүүн бүтээгдэхүүнээр хийсэн идээ ундаа
2. Улаан идээнд таван хошуу малын болон зэрлэг ан амьтны гаралтай мах махан бүтээгдэхүүнээр хийсэн идээ ундаа
3. Ногоон идээнд таримал болон зэрлэг жимс жимсгэнэ, ногоон өнгөтэй ургамалын гаралтай идээ ундаа
4. Шар идээнд тос тослог идээ ундаа
5. Хар идээнд ус, рашаан, архи зэрэг ордог байна.

Address

Ulaanbaatar

Telephone

+97694443355

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголчуудын 4 улиралын идээ ундаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Монголчуудын 4 улиралын идээ ундаа:

Share