25/01/2021
ЭМЧИЙН ӨЧИЛ 🙏
Хайран залуус ажлаа гүйцэтгэж явж байгаад амиа алдлаа гэсэн чинь хурдтай яваад л тэгж байгаа юм, яах гэж бөөнөөрөө явдаг юм, зугаалж яваа л биз, эмч нарын үхэл бидэнд ямар хамаатай юм гэх хүмүүс цөөнгүй байгаа нь харамсалтай. Бусдын амийг аврах гэж үхэлтэй уралдаад л тэр шдээ. Дуудлага аваад хурдаа сааруулаад удаж очсон бол юу гэх байсан бол?
Яагаад бяцхан үрс эндэж, нийтээрээ халдварт болон хавдарт бус өвчинд нэрвэгдээд байгаа юм?
Өдий хүртэл улсын хэмжээндээ цэвэрлэх байгууламж, эрчим хүчний станц, дулааны шугамын ч асуудлаа шийдэж чадахгүй улс байна гэдэг ичмээр.
Хөрс нь аймшгийн бохирдолтой. Зундаа өмхий агаартаа, өвөлдөө хорт утаандаа хордоно. Эргэх зайгүй, нар үзэхгүй, хүүхдийн талбайгүй, стандартад нийцэхгүй байшин барилга бариулаад л байгаа болохоор хүүхдүүд нэг бол тоглох гэж гараад нэг бол барилгын төмрөнд цохиулаад эндээд байна.
Нэг өдрийн настай зам барьсныхаа төлөө асар их ашиг олно тэрнээс нь болж зам тээврийн осолд дайнтай орноос дутахааргүй нас харгалзахгүй, олон хүний амь эрсдэж байна.
ЖДҮ зээлээ өөрсдөө аваад дундаж давхаргынхнаа шахаж амжиргааг нь тартагт нь тулгачихсан. Баян ядуугийн ялгаа нь тэнгэр газар шиг ялгаатай болохоор эмээ аваад уучхаж чадахгүй, эмнэлэгт ч очиж чадахгүй өвчнөө хүндрүүлээд ар гэр өнчрөх явдал их байна.
Бүс нутаг, засаг захиргааны нэгжийн хөгжил болон бас бус зориулалтаар хот, хөдөө орон нутаг, дүүрэг сумдад дэд бүтэц, зам, эрчим хүч, барилга байгууламж, хашаа хорооны хаягжилт, хүн амын төвлөрөлт, төлөвлөлтийг зохицуулахад зориулж төсөв баталж өгдөг. Удирдлага нь хүн амаа бодоод санаачлаад хийж болох атал ганц салбар луу бүх дутагдлыг чихээд ард нь нуугдах юм. Наад зах нь л тэр аймаг, сумын наадмын төсөв, шавар хөшөө байна.
Муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг хүн амын өвчлөл, нас баралт гэнгүүт эрүүл мэндийн салбарт хамаг бурууг тохдогоо болих хэрэгтэй. Ер нь манайхан ямар улсад амьдарч байгаа билээ гэдгээ бодох хэрэгтэй. Улсын төсөв ойрын хэдэн жилдээ улам л танагдана. Эрүүл, аюулгүй, хүүхэд, хөгшдөд ээлтэй нийгмийг бий болгоё гэвэл бүгдээрээ л эрвийх дэрвийхээрээ ажлаа хийх ёстой. Салбарууд хоорондоо уялдаж, засаг захиргааны удирдлагууд өөрийн мэдлийн хүрээнд төсвөө зөв, ухаалгаар, үр дүнтэй зүйлд захиран зарцуулдаг баймаар байна.
Эмч, эмнэлгийн ажилчид санаатайгаар өвдүүлээд, замын цагдаа, онцгой байдал нь осол гаргаад, гал тавиад яваад байгаа юм биш шүү дээ.
Тэд ч бас татвар төлдөг, тэд ч бас иргэд. Тэд өвддөг, зовдог, тэдний ч бас эрх зөрчигддөг.
Уулын мод урттай богинотой, хүний олон сайнтай муутай гэдэг алдаа гаргасан цөөн хүнээс болж олон олон чадварлаг мэргэжилтнүүдийн ажиллах урам зоригийг бүү мохоогоорой.
Үзэн ядалт, уур хорслоор сэтгэлээ дүүргэхэд амьдрал богинохон шүү. Нэгнээ амьд дээр нь хайрлаж, дэмжиж, тусалж явцгаая 🙏
Энэ хэцүү цагийг хэдүүлээ хүнлэг зангаа алдалгүй, жаахан тэвчээр гаргаад аливаа юмны учрыг олж хужрыг нь тунгаан бие биедээ итгэж хамтдаа давъя!
Anudari Serjmyadag
#ХамтдааДавна