08/09/2022
2022.09.08 Дэлхийн хөдөлгөөн засалчдын өдөр тохиож байна.
Эмнэлгийнхээ сэргээн засах эмчилгээний тасгийн хөдөлгөөн засалч нартаа болон нийт хөдөлгөөн засалчиддаа дэлхийн хөдөлгөөн засалчдын өдрийн мэнд хүргэе.
Хөдөлгөөн засал эмчилгээ нь тархины харвалтын дараа хийгдэх хамгийн чухал эмчилгээ юм. Манай эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасаг нь хөдөлгөөн засал эмчилгээг байнга хийж байна.
Хөдөлгөөн засалч бол цус харвасан, гэмтэж бэртсэн, тэр ч бүү хэл хөдөлгөөний дутагдалтай холбоотойгоор хүний бие махбодын чухам аль хэсэгт хөдөлгөөн, үйл ажиллагааны алдагдал үүссэнийг оношилж, цус харвалт, тархины саажилт, нуруу, хүзүүний өвдөлт, тулгуур эртхэн тогтолцооны буюу үений эмгэг, өвдөг, түнхний үе солиулах хагалгааны дараа гэхчлэн өргөн хүрээтэй тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
Тархины харвалтын сэргээн засах эмчилгээ нь тархины харвалт гэж оношлогдсон хугацаанаас хойшхи цочмог үеэс буюу эмнэлэгт хэвтэж байх үеэс эхлэнэ. Эрт үеийн сэргээн засах эмчилгээг цаг алдалгүй хийснээр дахин харвалт, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Харвалтын дараах сэргэлт нь хүн болгонд харвалтын хэмжээ байршил, өвчтөний биеийн байдал нас зэргээс хамааран өөр өөр байдаг.
Харвалтын дараа хөдөлгөөн засалч танд хэрхэн туслах вэ?
• Харвалтын дараа хөдөлгөөн засалч эхлээд таныг үзэж үнэлгээ хийж танд тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж харвалтын дараа үүсч болох эрсдэлээс сэргийлнэ
• Харвалтын дараах хоёрдогч хүндрэл үүсэх. Жишээ нь: (үений контрактур, ясны сийрэгжил, хэвтрийн цооролт, гүний венийн тромбоз ) урьдчилан сэргийлэх.
• Хөдөлгөөн, үйл ажиллагаа (ариун цэвэр сахих, хувцсаа өмсөх, шатаар өгсөх уруудах, алхах) зэрэг алдагдалыг эргэн сэргэхэд нь сургах
• Тэнцвэрийг сайжруулж хэрхэн яаж алхахыг тань зааж туслана
• Шаардлагатай бол тэргэнцэр дээр хийх дасгалыг зааж өгнө
• Гэр бүлийн гишүүдэд хэрхэн асрах, яаж зөв байрлалд хэвтүүлэх
• Хэн нэгнээс хараат бус байх чадварыг дээшлүүлэх
• Ажил мэргэжилдээ эргэн орох боломжийг олгох
• Нийгмийн харилцаанд эргэн оруулах зэрэг болно.