25/12/2025
ЛУВСАННЯМЫН ЛХАГВА
(1949-2025)
Монгол Улсын Төрийн шагналт, Хүний гавьяат эмч, Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, Академич, доктор, профессор Лувсаннямын Лхагва нь 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Л.Лхагва нь 1949 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрж, 1957 онд сумын бага сургуульд элсэн 1967 онд аймгийн төвийн Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуулийг төгсөж, 1967-1972 онд Анагаах Ухааны Дээд сургуульд Хүний их эмч мэргэжил эзэмшиж, улмаар 1981 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Эмнэлэг-Биологийн асуудлын хүрээлэнд анагаах ухааны дэд эрдэмтэн, 1994 онд Анагаах Ухааны Их сургуульд Анагаахын Шинжлэх Ухааны докторын зэрэг тус тус хамгаалж, 1996 онд дэд профессор, 1998 онд профессор, 2002 онд Академич цол хүртжээ.
Тэрээр 1972-1973 онд мэдээ алдуулаг, сэхээн амьдруулаг судлалын эмч, 1973-1977 онд Анагаах Ухааны Дээд сургуульд багш, 1977-1981 онд ШУА-ийн Физик-Техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан, 1983-1990 онд Эрүүлийг хамгаалах яамны мэргэжилтэн, 1990-1995 онд ШУА-ын Анагаах ухааны бага чуулганы эрдэмтэн, нарийн бичгийн дарга, 1991-1995 онд Хүн судлалын үндэсний төвийн дэд захирал, 1995-2001 онд Анагаах Ухааны Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, 2001-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2010-2018 онд Монос группийн дэргэдэх Эм Судлалын Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, зөвлөх, 2010-2024 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, 2006-2025 онд Монголын анагаах ухааны академийн дэд ерөнхийлөгч зэрэг албыг нэр төртэй хашиж байв.
Монос группийн дэргэдэх Эм Судлалын Хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тэрээр тус хүрээлэнгийн бүтцийг шинэчлэн Эм зүйн сектор, Эмийн химийн сектор, Биологийн идэвхт бүтээгдэхүүн судлалын сектор, Фармакологийн сектор, Эмт ургамлын ботаник цэцэрлэг гэсэн таван нэгжтэйгээр зохион байгуулж, эрдэм шинжилгээний ажилтнуудыг магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг хамгаалахад бодитой дэмжлэг үзүүлэн ажилласан юм. Түүнчлэн үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл 38, патент 20, стандарт 10-ыг удирдан батлуулж, улсын захиалгат инновацын болон шинжлэх ухаан, технологийн таван төслийг амжилттай хэрэгжүүлэн, Монос группийн 30 жилийн ойд зориулсан “Байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа” хэмээх 10 боть бүтээлийг туурвин хэвлүүлсэн байна. Түүний удирдлагын үед Эм Судлалын Хүрээлэн нь МХАҮТ-ын “Entrepreneur” 2013, 2017 оны онцлох инновац нэвтрүүлэгч байгууллагын шагналыг хүртсэн билээ.
Академич Л.Лхагва нь Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа эрдмийн зөвлөлийн гишүүдэд өөрийн шинжлэх ухаанд оруулсан арвин их мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцаж, зөвлөн чиглүүлэхийн зэрэгцээ залуу судлаач багш, оюутнуудад судалгаа, шинжилгээ, эрдэм судлалын талаар үнэтэй сургамж, зөвлөгөө өгч, удирдан манлайлж, үнэлж баршгүй цаг хугацаа, сургаалиа зориулсан бидний хайрт сурган хүмүүжүүлэгч, нэрт эрдэмтэн багш байлаа.
Академич Л.Лхагва нь Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн эмнэлэг-биологийн эрдэм шинжилгээний туршилт, судалгаануудад идэвхийлэн оролцож, Академич Б.Чадраатай хамтран гүйцэтгэсэн Сансрын цогцолбор судалгаа нь бүх ард түмний санал асуулгаар зууны манлай буюу шилдэг нээлт гэж үнэлэгдсэн төдийгүй сансрын тойрог замын “Салют” станцад судалсан “Биоритм” туршилт, судалгаа зэрэг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдад өндрөөр үнэлэгдсэн 650 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисан манай улсын тэргүүлэх эрдэмтдийн нэг байлаа. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллах хугацаандаа шинжлэх ухаан, боловсролын салбарын шилдэг сурах бичиг, шилдэг залуу эрдэмтэн, монгол судлаач гадаадын шилдэг залуу эрдэмтэн зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг анхлан санаачилжээ.
Төр, засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын Төрийн шагнал, Хүний гавьяат эмч цол, Алтан гадас одонгоор тус тус шагнасан юм.
Лувсаннямын Лхагва таны эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, нөр их хөдөлмөр, чин шударга, төлөв даруу зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
МОНОС ГРУПП
ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ