02/05/2026
Cудалгааны тэмдэглэл 2:
🌸🌸🌸Зэнгийн эх орон Япон орон гайхалтай юм. Маш сайхан хүнлэг, аюулгүй нийгмийг, хөгжил дэвшлийг бүтээж чаджээ. Азийн бар улс ялангуяа Ази дахь Америк юм байна гэж харлаа. Гэхдээ хэтэрхий чөлөөтэй ил задгай хүний эрхийн дор юу ч хийж болно. Бусдыг үл хүндэтгэх байдлаар айдас төрүүлдэг барууны ардчилал соёлоос тэс өөр ажээ. Энэ бүхэн нь дорно дахины уламжлалт соёл ялангуяа дотоод оюун санааны хүч чадал гэгээрэл уламжлалаа таслалгүй авч үлдэж тэрхүү хүн байхуйн суурин дээрээ өнөөдрийн Ази дахь толгой улсыг бүтээжээ. Энэ хүч бол Энэтхэгээс Хятад, Хятадаас Солонгос, Солонгосоос Япон эсвэл шууд хятадаас Японд дамжсан Чан буддизмын уламжлал бөгөөд Японд Зэн гэх олон хэмжээст шууд гэгээрлийг зааж сэнхрүүлдэг ер бусын оюун санааны хүч бүрэлдэн тогтжээ.
Японд олон сүм хийдээр орлоо. Ихэнх сүм хийд нь орж үзэхэд мөнгө төлж ордог музей ч юм шиг үзвэрийн газар болжээ. Зарим хийд нь засал ном уншиж өгдөг халимаг үстэй гэр бүлтэй ч улс байх аж. Иймэрхүү л юм байлгүй дээ айхтар адислал хүч бага л байна даа гээд бодоод явж байтал Ишикава мужийн ФҮКҮЙ аймагт орших ДОГЭН ЗЭНЖИ гэгээнтний үүсгэн байгуулсан ЭЙХЭЙЖИ зэнгийн сүм болох сото зэнгийн урсгал чиглэлийн МӨНХИЙН АМАР АМГАЛАНГИЙН СҮМ-д очсон юм. Энэ сүмд Догэн Зэнжи (1200-1253) гэгээнтний ринсрэл шүтээн залаатай байдаг юм байна. Сүм бүхэлдээ дээд хэмжээсний адислал гэрэл бурхдын хот мандалд залаатай маш их сүр хүчийг хадгалж агуулсан байдалтай байсан. Япончууд сүм хийдээ эвдэж нураалгүй, лам нараа үгүй хийж амь насанд нь хүрээгүй юм уу гэж харлаа. Тийм учраас хэдэн зуун жилээр дамжиж ирсэн өв соёл оюун санааны маш нандин хүч нь одоо ч амьд юм шиг оршиж байгаа бизээ. Шашин соёлын хамгийн чухал дархлаа хөгжлийн суурь болсон шүтээндээ үнэхээр хүндэтгэлтэй хандаж хөндөлгүй авч үлдэж чадсан үндэс угсаа, хэл соёл, уламжлал бүхнээ юунаас ч илүү гаднын хэнээр ч хөндүүлэлгүй авч явдаг ард түмэн юм байна. Тийм ч учраас гаднын лам ринбочэ нар тэнд байхгүйн зэрэгцээ дураараа дургиж чаддаггүй бололтой. Ийм дархлааг маш хатуу байлгадаг нь Зэн буддизмтай нь холбоотой аж.
Непал, Энэтхэг, Төвөдийн олон зуун сүм хийдээр аялан явахад адислал уламжлал нь асгаран байдаг хийд байгаагүй юм чинь Японд мөн ижил байхгүй л болсон биз, зэнгийн уламжлал нь тасарсан л болов уу даа гэж бодож очтол үгүй ажээ. 100% гэж хэлэхгүй ч ямартай ч 20-30%~ийн авшиг дамжлага увдис нь байсанд гайхаж бас баяссаныг хэлэх юун. Азийн олон сүм хийдээр зочилсон бөгөөд авшиг уламжлал нь бол 5% л байх шиг байсан. Бусад Азийн орнуудад бурхдын авшиг уламжлал үндэс нь бараг л тасарсан харагдсан. Сахиусны бага зэргийн л холбоос үлдсэн байсан. Энэ нь шашны бүлэглэлүүд хүний итгэл үнэмшлээр тоглосон, хэт улс төртэй хутгасны л түйтгэр л дээ. Өнөөдөр дэлхийд Зэн уламжлал түүний арга барилаар увдис нь уламжлагдаж хэн нэгэн дээд гэгээрэлд хүрэхийг хүсвэл чухамдаа Зэнгээр л гэгээрч байгаа юм байна. Миний бие 13 жил Зэн л бясалгаж ирсэн. Энэ мэдрэмж хөгжил минь тэнд дахин батлагдлаа. Энэхүү Эйхэйжи Зэнгийн сүмийн лам нар нь цовоо сэргэлэн, маш ухаалаг, гялалзсан нүдтэй хөнгөн шингэн яг л лам хүн ийм л байх учиртай даа гэж хармаар лам нар байлаа. Лам нар нь яг л бурхан багш, Бодидарма, Догэн гэх эртний бурхдын уламжлалаа ягштал баримталж мах, загас, өндөг идэхгүй цагаан хоолтой байх ажээ. Мөн лам болж өдөр шөнөгүй бясалгал гэгээрэлд л зорих ёстойгоо чинхүү ухамсарласан гэгээн хүмүүс байлаа. Яах гэж лам болдог вэ гэвэл гэгээрэх ганцхан л зорилготойгоор лам болдог л доо. Энд тийм л байлаа.
Ер нь Азийн буддист уламжлалт лам сүсэгтэн нараас хавь илүү дээд түвшний лам нар бол Японд л байгаа юм байна гэж харлаа. Битгий гомдоорой энд авшиг уламжлал гэж нандин юм бий. Түүнийгээ л сэвтээлгүй таслалгүй өнөөдрийг хүртэл Япончууд хадгалж авч ирсэнд л учир нь байгаа юм. Догэн Зэнжи гэгээнтний үүсгэн байгуулсан СҮМ бол үнэхээр бишрэм байсныг давтан хэлье. Төвөд, Монголын буддизмаас Японы Зэн чиглэл нэлээд өөр л дөө. Манай Ноён хутагтын баримталж байсан чиглэл болох Ловонбадамжунайн урсгал чиглэл Зэнгийн үзэл баримтлалтай маш ойролцоо бараг л ижил гээд хэлчихэд зөрөхгүй байх. Тэгэхлээр Ноён хутагт Данзанравжаа Зэн уламжлалын хүн байсан гэж шууд ойлгож болно. Өөрөөр хэлбэл Зэн Мастер байсан.
Догэн Зэнжи гэгээнтний үүсгэсэн сото зэнгийн чиглэл бол их хөлгөнд харьяалагддаг Махаяна урсгал чиглэл гэж явдаг юм байна. Япон лам нар бол маш даруу үзэл сургаал нь ч тийм учраас чимээ багатай л байдаг юм. байна.
Бодидхарма: "Хариуг дотроосоо ол”
Догэн: "Хайх хэрэггүй — сууж байгаа чинь өөрөө хариу” гэгээрэл юм гэх үндсэн сургаалд хураагддаг байна. Өөрийгөө шууд хүлээж авах шууд гэгээрэхүйг сэрэхүйг зааж дамжуулдгаараа үтэр гэгээрэхүйг номлодгоороо ялгарна. Өөрийгөө нүгэлтэй хүн, мунхаг хүн гэж саналгүй, багшийн увдисаар үтэр түргэн сэрэх үйл явцыг л заадгаараа Зэн уламжлал онцлогтой.
Өнөөдөр Дэлхий дээр сор болон гэгээрсэн гэгээнтнүүд бүгд Зэн уламжлалаар сэрсэн бололтой байна. Өнгөрсөн цагийн мянга мянган будда нар ч Зэн уламжлалаар сэрсэн байдаг. Өнөө цаг үед сая сая будда Зэнгээр л гэгээрэлд хүрч байна. Хожимын мянга мянган жилд Зэн уламжлалаар л олон бурхад мэндлэх биз ээ. Ошо багш өнөөдөр дэлхий дээр цорын ганц эвдэгдээгүй үлдсэн шашин бол ЗЭН гэж хэлсэн байдаг. Бурхан буддагийн уламжилсан дияаны нь Зэн гэх өвөрмөц дээд оюун санааны уламжлалаар дэлхий дахинаа сая сая хүнийг хамаг амьтдыг зовлон гачлан, мөнхийн нойрноос нь сэрээсээр л байна. Гэтэлсэн Гэгээнтэн мэргэд дэлхийг минь улам гэрэлтүүлэн зөөллөж гийгүүлэхүй болтугай.
2026.05.02 | Жэдагбу🌸