16/06/2025
Сэтгэл зүйчийн зөвлөмж:
Хүмүүс сэтгэл зүйн үйлчилгээний үнэ хөлс хэдий хэр байдаг талаар их асуудаг. Тодорхой мэдээлэл байхгүй байгаа болохоор өөрийнхөө багахан зөвлөмжийг хүргэхийг хүслээ.
Сэтгэл зүйчид үнийн хувьд янз бүр байдаг. Цагаар тооцогддог болохоор зарим нь 70, 80,000 зарим нь 100-300,000 байдаг. Дундаж нь 40-50,000 байх нь зүгээр гэж би боддог. Үнэтэй байлаа гээд сайн гэсэн үг биш ээ.
Мэргэжлийн бус хүмүүс зөндөө байгаа. Хэдхэн сар курсэд сураад өөрсдийгөө сэтгэл зүйч гэж зөвлөгөө өгөх гэж дайрдаг хүмүүс их байна. Тиймээс аль болох тохирсон сайн хүнээ олох нь чухал шүү.
Утсаар яриад мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа, аль чиглэлээр, аль насныхантай илүү ажилладаг, өмнө нь энэ чиглэлээр зөвлөгөө өгч байсан талаар асуугаад үзээрэй. Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг олон төвүүд байдаг. Эд нар нь тогтсон үнэтэй гэсэн үг. Зарим сайн сэтгэл зүйчид хувиараа зөвлөгөө өгөх нь ч бий. Мэдээж үйлчилгээ үзүүлж байгаа учраас тодорхой хэмжээний үнэ, хөлстэй байх нь мэдээж.
Үнэгүй зөвлөгөө их хайх юм аа. Энэ нь эрсдэлтэй. Мэргэжлийн бус хүнтэй уулзаж асуудал дээрээ асуудал нэмэх ч магадлалтай шүү. Тиймээс асуудлаасаа хамаарч сэтгэл зүйчээ сонгох хэрэгтэй. Хүүхэдтэй ажилладаг, насанд хүрэгчидтэй ажилладаг, гэр бүл гэх мэт тодорхой чиглэлтэй байдаг. Таны асуудал удаан үргэлжилж биед болон сэтгэл санаанд үзүүлэх нөлөө их байдаг бол сэтгэл засалч болон сэтгэл зүйн төвүүдэд хандаж сэтгэл зүйчтэй давтамжтай уулзах хэрэгтэй. Харин ойрын үеийн мэдрэмжүүд, асуудлаас хамаарч сэтгэл санаа тогтворгүйтэж байгаа бол 1-2 удаа уулзах боломжтой өөрт тохирсон сэтгэл зүйчээ олох нь зөв.
Сүүлд нь хэлэхэд өөрийнхөө асуудалтай нүүр тулж мэргэжлийн хүнд хандах гэж байгаа нь маш зөв алхам бөгөөд таны асуудал шийдэгдэх эхлэл болно. Энэ хүртэл уншсанд баярлалаа.