27/11/2025
Менингококкт халдвар нь Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг, амьсгалын замын цочмог халдварт өвчин юм.
Тархины зөөлөн бүрхүүл (менингит) болон цусны хордлого (менингококкцеми) хэлбэрээр илэрч болно.
Халдвар нь ихэвчлэн агаар дуслын зам (ханиах, найтаах) харилцаагаар дамжина.
Менингококкт халдварын үед шинж тэмдэг маш хурдан (эхний 24 цагийн дотор) илэрч, хүндэрдэг тул дараах шинж тэмдгүүд илэрвэл цаг алдалгүй түргэн тусламж дуудах буюу эмнэлэгт хандах шаардлагатай:
- Гэнэт өндөр халуурах (38°С-ээс дээш)
- Хүчтэй толгой өвдөх
- Бөөлжих (бөөлжсөний дараа биеийн байдал сайжрахгүй байх)
- Хүзүү хөших (эрүүгээ цээжиндээ хүргэж чадахгүй байх)
- Биеэр тууралт гарах (ихэвчлэн хөл, гуяар, цусархаг, дарахад арилдаггүй тууралт)
- Цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээнд мэдрэг болох)
- Ухаан санаа самуурах (хүүхэд уйлагнах, тавгүйрхэх)
- Ядарч сульдах
Урьдчилан сэргийлэх нь энэ халдвартай тэмцэх хамгийн чухал арга юм.
1. Вакцинжуулалт
Менингококкт халдварын эсрэг вакцин нь хамгийн үр дүнтэй хамгаалалт юм. Өсвөр насныхан болон өндөр эрсдэлтэй бүлэгт хийлгэхийг зөвлөдөг. Вакцины талаар өрхийн эмчээсээ тодруулах хэрэгтэй.
2. Эрүүл Ахуйн Энгийн Аргууд
- Гараа тогтмол угаах: Ялангуяа гадагш гарах, олон нийтийн газарт байсны дараа савандаж, усаар угаах.
- Амны хаалт зүүх: Хүйтэн сэрүүний улиралд болон олон нийтийн газар, битүү орчинд зүүх.
- Хоолой зайлах: Өглөө, оройд хоолойгоо давстай ус, сод, царвангийн уусмал эсвэл бусад цэвэршүүлэх уусмалаар зайлах.
- Агааржуулалт, Цэвэрлэгээ: Өрөө тасалгааг тогтмол агааржуулж, чийгтэй цэвэрлэгээ хийх.
- Хувийн эд зүйлс: Аяга, таваг, халбага, алчуур зэргийг бусадтай хувааж хэрэглэхгүй байх.
3. Дархлаа Дэмжих
- Витаминаар баялаг, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх.
- Улиралд тохируулан хувцаслах (малгай, ороолт, бээлий өмсөх).
- Хамар, хоолойн архаг болон цочмог үрэвслийг цаг алдалгүй эмчлүүлэх.
4. Эрсдэлээс Сэргийлэх
- Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх, ялангуяа бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх.