13/04/2026
Хамгийн дутуу үнэлэгддэг “супер хүнс”
Шар будаа бол зүгээр нэг уламжлалт хоол биш. Сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаануудын дагуу үүнийг “functional food” буюу биеийн үйл ажиллагааг дэмждэг хүнс гэж үзэх болсон.
- Юуны өмнө, шар будааны хамгийн онцлох шинж бол цусан дахь сахарт үзүүлэх нөлөө. Судалгаагаар түүний гликемийн индекс дунджаар 52 байдаг нь цагаан будаа, боловсруулсан гурилан бүтээгдэхүүнээс мэдэгдэхүйц бага. Энэ нь сахарыг огцом нэмэгдүүлэхгүй, харин тогтвортой барихад тусалдаг гэсэн үг. Иймээс Чихрийн шижингээс сэргийлэх болон удирдахад эерэг нөлөөтэй.
- Мөн туршилтын судалгаанд 28 хоног тогтмол хэрэглэсэн хүмүүсийн хувьд цусан дахь сахар болон LDL холестерин буурсан үзүүлэлт ажиглагдсан нь метаболик эрүүл мэндэд давхар ашигтайг харуулж байна.
- Гэдэсний эрүүл мэндийн хувьд шар будаа нь эслэгээр баялаг тул хоол боловсруулах үйл явцыг дэмжиж, өтгөн хаталтаас сэргийлдэг. Цаашлаад гэдэсний ашигтай бичил биетний өсөлтийг дэмжих нөлөөтэй нь тогтоогдсон.
- Зүрх судасны системд ч мөн эерэг нөлөө үзүүлдэг. Магни, полифенол зэрэг антиоксидантууд нь үрэвслийг бууруулж, судасны уян хатан байдлыг дэмждэг.
- Олон улсын судалгааны тоймуудад шар будааг “safe cereal for gluten-free diet” гэж ангилдаг. Целиактай хүмүүсийн хооллолтод өргөн хэрэглэж болох үр тариа гэж зөвлөдөг.
- Өглөөний цайнд сүүтэй шар будаа бүх насныханд тохиромжтой шим тэжээллэг хоол болж чаддаг. Бор хоолонд орж буй хүүхэд, ахмад настай хүмүүст шар будааг зутан болгоод өгөхөд тохиромжтой ходоод, гэдэсний үйл ажиллагаанд тустай шингэц сайтай хоол юм.
Ийм олон талын нөлөөнөөс шалтгаалан шар будаа нь зөвхөн энерги өгөхөөс гадна архаг өвчнөөс сэргийлэхэд оролцдог “идэвхтэй хүнс” гэж үзэж байна.
⚠️ Шар будаа хэрэглэхдээ анхаарах шаардлагатай хүмүүс
Шар будаа нь ихэнх хүмүүст аюулгүй, шим тэжээлтэй үр тариа боловч дараах тохиолдолд хэмжээг тохируулах эсвэл эмч, хоол зүйчтэй зөвлөх хэрэгтэй:
1. Гипотиреозтой хүмүүс
Бамбайн үйл ажиллагаа сул үед, иодын дутагдалтай хооллолт давхар байвал
❗️Маш их хэмжээгээр, тогтмол хэрэглэхэд болгоомжлох
2. Ходоод гэдэсний шархлаатай
Шар будаа эслэгийн агууламж өндөр тул шархлаат колиттой хүмүүс “Flare up” буюу сэдрэлийн үед, мөн эслэг хязгаарлах заалттай бусад ходоод гэдэсний өвчний үед
3. Бага насны хүүхэд:
1 нас хүрээгүй хүүхэд суулгалттай үед эслэгийг хязгаарлах шаардлагатай.
4. Бөөрний өвчтэй хүмүүс
Шар будаа нь эрдэс (фосфор, кали) агуулдаг тул бөөрний архаг өвчтэй бол хэмжээг тохируулах шаардлагатай
Эх сурвалж:
Anitha S, et al. (2021). Glycaemic index of millets: A systematic review and meta-analysis. Frontiers in Nutrition.
Ugare R, et al. (2014). Glycemic index and significance of barnyard millet in type 2 diabetes.
Naik R, et al. (2025). Millets and metabolic health: A systematic review.
Taylor JRN, Emmambux MN. (2008). Gluten-free foods and beverages from millets.
Saleh ASM, et al. (2013). Millet grains: Nutritional quality and health benefits.
Chandrasekara A, Shahidi F. (2012). Bioactive compounds and antioxidant properties of millets.
Хоол зүйч Уянга