10/04/2026
- Хүний амьдралын уртыг юугаар хэмжих вэ? гэж гуравдахь хуврагаас асуухад "Амьсгалаар" гэж хариулав.
- “Зүйтэй. Чи зам мөрийг ойлгосон байна” гэж Будда хэлжээ.
Буддад уг хувраг ‘пранагаар’ гэж хариулсныг англи орчуулганд ‘амьсгалаар’ (by breath) гэж буулгажээ. Прана бол амьсгалаас илүү гүн утгатай. ‘Амьсгал’ гэснээс ‘сүлд хийморь’ (spirit) гэж орчуулбал үнэнд дөхнө. Пранаг эхлээд ойлгож байж дээрх ярианы утгыг ухаарна. Эс бөгөөс гүехэн санагдах вий.
Чи өөрийгөө эрвээс эхлээд биеэ олж үзнэ. Бие цогц бол гадаад хүрээ. Удаах нь сэтгэлийн тойрог. Тэгээд энэ хоёрыг холбож буй гүүрийг анзаар. Тэр бол амьсгал буюу прана. Энэ гүүрээр чи сүнстэйгээ холбогддог. Хүүхэд төрүүтээ хийдэг анхны зүйл нь амьсгал. Амьсгалаар бие, сүнс хоёр холбогддог. Тэгвэл нас барах үед хийх сүүлчийн үйлдэл нь амьсгал хураах. Тэгснээр бие, сүнс хоёр салдаг.
Хүн хоол идэхгүйгээр олон хоног амьдарч чадна. Усгүйгээр олон цаг байж чадна. Харин амьсгалахгүйгээр хэдэн хором ч тэсэхэд бэрх. Амьсгал бол матери хийгээд ухамсар, дүрс хийгээд дүрс-үгүй, ертөнц хийгээд бурхан гэхчлэн ямар ч нэр томьёогоор илэрхийлж болох тэрхүү хоёр туйлыг холбогч гүүр юм. Энэ гүүр ямар чанартай, яаж амьсгалж байгаагаас маш их зүйл шалтгаалдаг.
Ажиглаад үз. Тайван байхдаа чи нэг янзаар, уурлаж байхдаа өөр янзаар амьсгалдаг. Амьсгалын хэм, агуулга нь харилцан адилгүй. Уурлах үеийн амьсгал хэмнэлгүй, донсолгоотой байна. Түүнчлэн хүсэл тачаалд автах үед амьсгал халуурч хөөрсөн байдалтай. Хүсэл ч үгүй, хорсол ч үгүй амгалан ахуйд амьсгал уян намуун болно. Нигүүлсэл хайраар бялхах үед аялгуут бүжиг мэт айзам төгөлдөр байна. Анзаарч байсан уу? Хорсол, тачаалд автахад амьсгал чинь эвгүй үнэртэй болдог бол амарлингуй үед анхилуун тансаг болдог. Төрөлх гэр, дотоод байгальдаа оршиж байгааг чинь амьсгал тийнхүү илтгэнэ. Гүн бясалгалын үед амьсгал бараг зогсдог. Бараг гэж хэлье. Үнэн хэрэгтээ зогсохгүй. Гэхдээ барьж тэмтрэх аргагүй намуун болсон байна. Хамартаа толь тулгаж үзвээс түүнийг мэдэх. Энэ бол гэгээн амгаланд ууссан хором.
Бүх иог бясалгалын систем амьсгал дээр ажилладаг. Учир нь, амьсгалаар чи биеэс биегүйд шилжинэ. Амьсгалаар өөрийн дотоод цөмд хүрдэг. Хүний амьдралыг хэрхэн амьсгалж байгаагаар нь цэгнэх ёстой гэж хуврагийн хэлсэн нь зөв. Айдас түгшүүр, уйтгар шаналалд автах үед амьсгал өөрчлөгдөнө. Сэтгэлийн төлөв бүхнийг тэрээр тусгадаг. Чамайг хаана оршиж, юу хийж байгааг тодорхой харуулдаг. Амьсгалаа ажиж чадах юм бол чи дотоод уур амьсгалын өөрчлөлтийг оношилж сурна.
Ошо: Агнистын гэгээ