26/02/2013
Украины ерөнхийлөгчийг хордуулсан бодисоор Монголчууд амьсгалж байна
2013 оны 2-р сарын 26
Украины ерөнхийлөгчийг хордуулсан бодисоор Монголчууд амьсгалж байна
“Бидний Украин” намын дарга Виктор Ющенко 2005 оны нэгдүгээр сарын 23-нд Украин улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр 2004 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Виктор Януковичтай өрсөлдсөн. Уг сонгуулийн кампанит ажлын үед Виктор Ющенко төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон оройн зоогийн үеэр диоксинд хордож, хлорын гэх хэзээ ч эдгэшгүй аймшигт өвчтэй болсон юм. Түүний цусан дахь диоксины хэмжээ эрүүл хүнийхээс 6000 дахин их гарсан байна.
Хордсоных нь дараа Ющенког үхсэн хэмээн цуурч байлаа. Гэнэт хөгширч, нүүр нь барзайсан Виктор Ющенког Ерөнхийлөгчийн тангараг өргөснийх нь дараа ч Украины олон иргэн таниагүй. Тэр байтугай эмч хүн хүртэл “Энэ бол жинхэнэ Ющенко биш” хэмээж, генетикийн шинжилгээ хийлгэхийг шаардаж байсан юм.
Диоксин хүүхдийг хамгийн их хордуулдаг
Украины Ерөнхийлөгчийг ийм болгосон диоксин нь байгальд өөрөө үүсдэг, удаан задардаг органик бохирдуулагч (УЗОБ)-ийн нэг юм. Олон хлорт, уг органик бодисын хүчил төрөгчийн хоёр атомаар холбогдсоныг нь диоксин, нэг атомаар холбогдсоныг нь фуран гэдэг. Манай гариг дээр химийн 60 сая бодис байдгийн 70 мянгыг нь хүн өөрөө үйлдвэрлэн, хэрэглэж байна. Харин диоксин, фураныг үйлдвэрлэдэггүй. Юм шатаах, түймэр гарах зэрэг хүний үйл ажиллагаа, байгалийн үзэгдлийн нөлөөгөөр өөрөө аяндаа бий болдог.
Диоксин хөрсөнд 10-12 жил, агаарт 32 хоног, хүний биед 3-20 жил болж байж хагас задарна. Тэгэхэд хүний биед орсон мөнгөн усны тал нь 58 хоногт гадагшилдаг, натрийн цианид 20-60 минутад хагас задардаг гээд харьцуулаад үзээрэй. Диоксин тосонд сайн, усанд муу уусдаг тул хүн, амьтны биеийн өөхлөг хэсэгт хуримтлагдаж, дэндүү олон жилийн турш хордуулдаг. Онцгой хортой, үүссэн газраасаа салхи, агаараар дамжин асар хол тархдаг ийм бодисоос хүн төрөлхтөн, эх дэлхийгээ хамгаалах зорилгоор улс орнууд Стокгольмын конвенцийг баталжээ. Энэ конвенциор 22 бодисыг устгах, хязгаарлахаар улс орнууд санал нэгдсэний нэг нь диоксин.
Цахилгаан станц, гэр хорооллын айлууд нүүрс, мод түлэх, хог шатаах, түймэр гарах, чандарлах, тамхи татах, цемент, шохой үйлдвэрлэх, бүх төрлийн төмөрлөгийн үйлдвэрлэл зэрэг бүхий л шатах процессын үед диоксин үүсэж, үнс хөө тортогтой хамт агаар, хөрсийг бохирдуулна.
Хөрсөнд үлдсэн диоксин өвс ургамлаар дамжин мал, амьтныг хордуулна. Малын сүү, мах өөхөнд хуримтлагдсан нь хүнийг хордуулна. Хоол тэжээлийн энэ гинжин хэлхээний төгсгөлд нь байдаг хүн хамгийн их хорддогийг эрдэмтэд илрүүлжээ. Энэ хорт бодис эхийн сүүгээр ялгар даг тул хөхүүл хүүхэд ээжээсээ илүү хорддог байх юм. Гадаа шороон дээр тоглож, тоос шороо иддэг, амьсгалдаг болоод ч тэр үү том хүнтэй харьцуулахад хүүхэд их хорддогийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоожээ.
Дэлхий дээрх хамгийн хортой бодис
Хорт хавдар үүсгэдэг бодис олон бий. Тэдгээрээс диоксин хамгийн хортой нь болохыг Хавдар судлалын олон улсын агентлаг тогтоож, хавдар үүсгэгчийн нэгдүгээрт бичжээ. Эрдэмтэд ч шинжлэх ухаанд одоогоор мэдэгдэж байгаа хамгийн хортой бодис гэж тодорхойлсон. Химийн зарим бодис маш бага тунгаар хүний биед нэвтрэхэд аюулгүй байдаг бол диоксинд ийм түвшин байхгүй. Диоксинд хордсон хүмүүсийн 90 хувь нь мах, сүүн бүтээгдэхүүн, загас, өндөг, хөхний сүү зэрэг хоол хүнс болон тамхинаас, бусад нь агаар, хөрснөөс авсан байдаг аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг өдөрт авахыг зөвшөөрч болох диоксины тунг 1-4 пикограмм/биеийн жин гэж 1998 онд тогтоосон. Пикограмм гэдэг нь нэг граммыг их наядад хуваасантай тэнцэх нэгж юм.
Улаанбаатарчуудыг хамгийн их хордуулж байгаа хэмээн бидний ад үздэг хүхэрлэг хийнээс диоксин 100 сая дахин их хортой. Нэг дор их хэмжээний диоксинд хордоход арьс харлан, хлорын тууралт арьсан дээр гарч, элэг шууд хордоно. Харин удаан хугацаанд бага багаар хордоход дархлаа суларч, уушги, элэг, ходоод, бөөр, хөх, чөмөг, тунгалгийн шингэний хорт хавдар үүсэн, мэдрэл муудан, үргүйдэл, төрөлхийн гажигтай хүүхэд төрөх, үр зулбах, дутуу төрөх, хүүхдийн өсөлт зогсох, удаашрах, харшил, чихрийн шижин зэрэг олон өвчин үүсдэг нь нэгэнт тодорхой болжээ.
Дэлхийд сүүлийн 50 жилд хөхний хорт хавдар 26 хувиар, чөмөгний болон тунгалгийн зангилааны Хожкины бус хорт хавдар тус бүр гурав дахин, хүүхдийн хорт хавдар 13 хувиар өссөнийг олон улсын эрдэмтэд диоксин, фурантой холбон тайлбарлаж байна.
Тэгвэл манай улсад элэг, уушги, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний хорт хавдар зонхилон тохиолдож буйг Хавдар судлалын үндэсний төвийн судалгаа харуулна. Өвчлөгсдийн тоо ч нэмэгдсээр буй. 2006 онд 136 хүн хорт хавдраар өвчилж, 114 нь нас барсан бол 2008 онд 165 хүн бүртгэгдэж, 117 нь нас барсан байна. 2010 онд 160 хүн бүртгэгдэж, 117 хүн хорвоогоос хальжээ. Одоогоос хоёр жилийн өмнө хорт хавдартайгаа мэдсэн хүмүүсийн 38 хувь нь элэг, 14 хувь нь ходоод, найман хувь нь уушги, зургаан хувь нь улаан хоолой, хоёр хувь нь бөөр, гурван хувь нь хөхний хорт хавдартай байв. 2011 онд 100 мянган хүн тутмын 63 нь элэгний хорт хавдар тусаж, 51 хүн үүний улмаас нас баржээ. Диоксин элэг, уушги, ходоод, бөөр, хөх зэрэг эрхтэнд хамгийн түрүүнд нөлөөлж, хорт хавдар үүсгэдгийг дээр өгүүлсэн.
Хорт хавдартай Монголчуудын олонхийнх нь ийм эрхтэн өвчилсөн байгаа нь Монголчууд диоксинд хэдийнэ хордоод эхэлсний нотолгоо биш гэж үү.
ХСҮТ-ийн эмч нар хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэгдүгээрт, хүнс, агаарын бохирдлыг нэрлэж байна. Гэхдээ манай улс Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн агаарт байгаа хорт бодисын найрлагыг нэг бүрчлэн тогтоож, зарлаж чадахгүй байгаа. Тиймээс яг диоксиноос болоод хорт хавдар ихсэж байгаа гэж эмч нар хүлээн зөвшөөрч, бас үгүйсгэж чадсангүй. 2011 онд ЭМЯ-наас гаргасан Орчны эрүүл мэндийн төлөв байдлын тайлангаас үзвэл 2001 оноос хойш амьсгалын тогтолцооны өвчин улсын хэмжээнд 1.5 дахин, Улаанбаатар хотод 1.4 дахин, гуурсан хоолойн багтраатай хүн 2000-2009 онд гурав дахин, гуурсан хоолойн багтраатай хүүхэд 5-15 дахин нэмэгджээ.
Хорт хавдраар өвчлөгсөд 2000 оноос 1.5 дахин, нас баралт 1.3 дахин ихсэж, уушгины хорт хавдартай хүний 40 хувь нь Улаанбаатарт амьдарч, энэ өвчнөөр жилд 100 гаруй хүн хорвоог орхиж буй. Төрөлхийн гажгийн улмаас 1997 онд эндсэн нярайн тоог 2010 оныхтой харьцуулахад 6.5 дахин, харшлын гаралтай арьсны өвчин 2007 оноос хойш 1.5 дахин нэмэгдээд байна. Төрөлхийн гажигтай мэндлээд, эндсэн нярайн тоо жилээс жилд өсөж байна. Энэ бүх өвчин бидний амьсгалж буй агаар бохир, түүнд диоксин, фуран зэрэг онцгой хорт бодис байгаатай шууд холбоотой гэхэд үгүйсгэх хүн гарахгүй болов уу.
Нийслэлд 1990-2004 онд ийм 341, 2005- 2008 онд 336 хүүхэд төрсөн байна. Мянган хүүхдийн нэг нь гаж хөгжилтэй төрдөг байснаа сүүлийн жилүүдэд хоёр болж өссөн муу мэдээ бас бий. Ийм хүүхдэд зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, төв мэдрэлийн тогтолцооны гажиг их үүссэн байдаг нь нэгийг хэлээд байна бус уу.
ЭМЯ-наас энэ онд “Хот суурин газрын агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа” хийхээр төлөвлөжээ. ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль уг судалгааг хийхээр шалгарсан байна. Уг сургуулийн захирал О.Чимэдсүрэнтэй уулзахад “Судалгааг ирэх тавдугаар сард АНУ-ын Бюрклийн их сургуультай хамтарч хийнэ. Гэхдээ диоксин, фураныг судлах эсэхээ төлөвлөөгүй байгаа” гэсэн хариулт өглөө.
1962-1971 онд өрнөсөн Америк, Вьетнамын дайны үеэр ойд бүгсэн партизанууд, тэднийг хоол хүнсээр хангаж байсан тариачдын эсрэг Америкийн арми хог ургамал устгах зориулалттай 76 сая литр эйжинт оранж гэдэг бодис цацсан байна. Энэ бодисын найрлагад диоксин байсныг хожим тогтоожээ. Үүний уршгаар 4.8 сая хүн хордож, 400 мянган хүн нас баран, 500 мянган хүүхэд төрөлхийн гажигтай төрсөн гашуун түүх бий. Уг бодисын хорт нөлөө одоо ч арилаагүй байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр.
Улаанбаатарын хөрс диоксиноор бохирдсоныг тогтоожээ
Диоксин, фураныг манай улс тогтоож, илрүүлж чадахгүй байгаа. Агаар, хөрсөн дэх диоксин, фураныг шинжилдэг хийн хроматограф-масс спектрометр хэмээх багажийг манай улс авах гэж байна. Шинжилгээний багаж нь 260 мянга, дээж авдаг багаж нь 40 мянган ам.долларын үнэтэй аж.
Энэ жил Монгол Улс үүнийг тогтоох лабораторитой болохоор 2013 оны төсөвт 400 сая төгрөг суулгажээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор, профессер Л.Жаргалсайхан ”Полихлорт бефенолыг судлахаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтарч лаборатори байгуулсан. Үүндээ түшиглэн диоксин, фураныг шинжлэх лабораторио байгуулна. Диоксин, фураныг шинжилдэг олон төрлийн ба гаж байдаг ч маш үнэтэй. Хамгийн хямдыг нь манай улс авахаар төлөвлөсөн. Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж буй диоксин, фураныг шинжилдэг багаж хамгийн үнэтэй нь. Бид одоогоор хөрс, агаарт шинжилгээ хийх тул авах гэж буй багажийн үзүүлэлт, хүчин чадал боломжийн.
БОНХЯ-наас диоксин, фураны тооллого хийж байгаа. Канадын лабораторийн мэргэжилтнүүд өөрсдөө ирж, диоксин, фуран их хэмжээгээр ялгаруулдаг үйлдвэрүүдээс шинжилгээний дээж авч явсан. ДЦС-4-өөс гэхэд фильтерийн тоос, үнснээс шинжилгээнд авсан. Манайх дээж авах багажгүй учраас гадаадын мэргэжилтнүүд өөрсдөө багажаа авчирч, дээжээ авдаг юм. Энэ оны 6-7 дугаар сард шинжилгээний хариуг Канадаас ирүүлэх учиртай” гэж ярилаа. 2002 онд Японы эрдэмтэн Камо Ёшайки нийслэлийн Сүх баатар дүүргийн хөрсөнд диоксин, фураны шинжилгээ хийж, нэг грамм хөрсөнд 740 пикограмм диоксин, 550 пикограмм фуран байгааг тогтоожээ. Гэсэн ч энэ судалгаа, шинжилгээний дүн диоксин, фуран хэмээх аюулт бодисын талаар мэддэг, мэргэжлийн цөөн хүмүүсийн чихэнд хүрээд өнгөрсөн байна. Цардмал зам гэх юмгүй, агаар шүүгч мод ургамлаа устгачихсан Улаанбаатарчууд шороотой гудамж талбайгаараа тоос бужигнуулан алхахдаа шороотой хамт ямар гээчийн хор ам, хамраар нь орж буйг зүүдлээ ч үгүй биз. Түүнээс хойш 11 жил өнгөрч, хор үйлдвэрлэгч яндан, хогоо ил задгай шатаагчдын тоо нэмэгдсээр байгаа тул нийслэлийн хөрсөн дэх онцгой хорт бодисын агууламж нэмэгдсэн үү гэхээс буураагүй.
2005 онд тухайн үеийн Байгаль орчны яамныхан зургаан газраас шинжилгээний дээж авч, шинжлүүлжээ. Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвийн хог хаягдал шатаах зуухны үнсэнд 2040, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс 1010, орон нутгийн цэвэрлэх байгууламжийн бохир усанд 7.23, ДЦС-4-ийн филтерийн тоосонд 0.715, үнсэнд нь 0.167, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн тоосонцорт 0.169 пикограмм диоксин, фуран байсан аж. Эмнэлгийн хог хаягдал шатаах, хаягдал хар төмрийг дахин боловсруулах үед их хэмжээний хорт бодис ялгардгийг уг судалгаанаас харж болно. Гэтэл манай улсын ихэнх эмнэлэг хог хаягдлаа гаднаа шатаадаг, үйлдвэрийн газрууд хүн ам олонтой хот, сууриндаа төвлөрсөн.
Үргэлжлэл бий.
Х.Болормаа
by www.gogo.mn