28/11/2018
ХҮҮХДЭЭ ХӨХӨӨР ХООЛЛОЦГООЁ
Ээж та хүүхдээ хөхөөр хооллож байгаа бол хүүхдийнхээ төлөө хийж байгаа хамгийн сайн зүйл юм. Таны хүүхэд өсч томорсоны дараа дахин ийм сайхан, ийм шим тэжээлтэй, зөвхөн өөрт нь л зориулагдаж зохицсон хоолыг дэлхийн ямарч үнэтэй, ямар ч нэр хүндтэй ресторанаас олж идэж чадахгүй юм. Хүүхдийг 6 сар хүртэл дан хөхөөр хооллон цаашид 2 нас хүртэл нэмэлтээр заавал хөхний сүүгээр хооллохыг эмч, мэргэжилтэнүүд зөвлөдөг нь учиртай.
Хөхний сүүнд хүүхдэд хэрэгтэй маш олон төрлийн уураг, өөх тос, амин дэм, эрдэс бодис, бүр амьд дархлалын эс, эсрэг төрөгч агуулагдаж байдаг ба хүүхэд бүрийн сүү өөр өөр найрлагатай байдаг нь тогтоогдсон зүйл юм. Өөрөөр хэлбэл таны сүү зөвхөн таны хүүхдэд зориулагдсан давтагдашгүй онцлог найрлагатай байдаг гэсэн үг. Жишээ нь дутуу төрсөн эхийн сүү илүү тослог, илүү өтгөн байдаг.
Эхийн сүүнд агуулагдах олон төрлийн шимт бодис, дархлалын бодис нь хүүхдийн дархлал тогтолцоо, тархины үйл ажиллагаа, амьсгалын ба хоол боловсруулах тогтолцоо, ясны тогтолцооны хөгжилд сайнаар нөлөөлж эрүүл чийрэг өсдөг. Бэлэн угжтай сүү уух, хөхөө хөхөх 2 хоорондоо маш их ялгаатай бөгөөд завьж залгиурын булчин сайн ажиллан хүүхдийн эрүү нүүрний хөгжил зөв явагдан шүд зөв ургах, хэлд эрт, зөв орох зэрэг сайн талтай.
Хүүхдээ хөхөөх хооллох нь хөхний хорт хавдараас сэргийлдэг гэдгийг олон судалгаа баталжээ. Мөн түүнээс гадна төрсөний дараа хурдан жин хасах, сэтгэл гутралд өртөхгүй байх, жирэмслэлтээс сэргийлэх, эдийн засгийн хувьд ч ашигтай байдаг. Иймээс ээж нар маань хөхөөр хооллолтын ач тусын тухай ойлголттой байж жирэмсэн үеэсээ эхлэн хүүхдээ хөхөөр хооллохдоо өөрийгөө бэлдэх хэрэгтэй.
Жирэмсэн үед хөхөө хэрхэн арчилж бэлдэх вэ?
Эмэгтэй хүний биед жирэмсэн болсон эхний сараас эхлэн хөхөнд өөрчлөлт орж эхэлдэг. Хөх эмзэг болж томрох, хөхний толгой нөсөөжих нь жирэмсэн үед гарах эхний шинж тэмдгүүд юм. Төрөхийн өмнө хөхөө арчлах нь хамгийн чухал Ялангуяа хөхний толгойг зөв гаргах нь төрсөний дараа ээжүүдэд хүүхдээ зөв амлуулж, зөв хөхүүлэхэд тустай. Хөхөө арчлаагүйгээс болоод хөхний толгой хагарах аюултай. Жирэмсэний эхний саруудад хөхний толгойд иллэг массаж хийж болохгүй. Учир нь жирэмсэний тээлтийн явц болон хөхөнд уураг боловсрох үйл явцад муугаар нөлөөлдөг байна.
Жирэмсэний 36-37 долоо хоногтой үед хөхний товчийг бага зэрэг эргүүлэх, сунгах дасгалыг өдөрт 2-3 удаа хийх бөгөөд өвдтөл нь хийж болохгүй. Жирэмсний сүүлийн 3 сар даруулга зүүхгүй байх, дулаан өрөөнд 10-15 минут 1-2 удаа хөхөө ил гаргаж байх хэрэгтэй.
Төрсөний дараа хөхөө хэрхэн арчлах вэ ?
Жирэмсэн үед хөхөө сайн арчилж хөхний толгой гарсан бол хүүхэд амлуулахад санаа зовох зүйл байхгүй. Хүүхэд хөхүүлэхэд ихээхэн энерги зарцуулдаг тул сайн амарч, шим тэжээлтэй хоол идэх хэрэгтэй. Хөхний толгойн эргэн тойрны булчирхайнаас нян устгах чадвартай шүүрэл ялгарч байдаг тул ариун цэврийн ердийн дэглэмтэй байхад л болно. Харин хөхүүлэхийн өмнө гараа сайн угааж байх хэрэгтэй. Өөртөө аль болох эвтэйхэн байрлалд хэвтэж, сууж ивээс дэрээ бэлдэн хүүхдээ зөв тэвэрч, зөв үмхүүлэн хөхүүлэх хэрэгтэй. Хүүхэд амаа том ангайсан, уруул гадгаш цорвойсон (уруулаа хамт хөхөөд байж болохгүй), доод эрүү хөхөнд шүргэсэн, зөвхөн хөхний товчоо биш хөхний нөсөөт хэсгийг хамт үмхсэн байх ёстой. Хөхүүл үед гарах гол асуудал нь хөхний толгой хагарах, сүүний суваг бөглөрөх, хөхний үрэвсэл 3 юм.
1.Хөхний толгой хагарах - Төрсний дараа бараг эмэгтэй хүн бүр энэ асуудалтай тулгардаг. Хөхний толгой өвчилж эмзэглэснээс болж хүүхдээ хөхүүлэхгүй байвал асуудлыг улам хүндрүүлнэ. Энэ зовиураас хамгийн хурдан салах арга бол сайн хөхүүлэх юм. Мөн хөхнийхөө толгойнд оливын тос түрхэж, аль болох хуурай, ил байлгах хэрэгтэй.
2. Сүүний суваг бөглөрөх - Хөхний аль нэг хэсэгт маш хөндүүр болж, хатуу зүйл мэдрэгдэнэ. Мөн арьс нь улайж, товойсон харагдана. Энэ бол хөхний суваг бөглөрөсөн гэсэн үг юм. Үүнийг нэн даруй эмчлэхгүй бол хөхний халдвар болох аюултай. Хөндүүрлэж буй хөхөө эхэлж хөхүүлэн, сүүг нь сааж, сайн унтаж амран, халуун бүлээн жин тавьснаар хурдан зүгээр болох болно. Үүнээс сэргийлэхийн тулд хүнд юм өргөхгүй, хөхөө чинэрүүлэхгүй, бариу хувцас өмсөхгүй байх хэрэгтэй.
3. Хөхний үрэвсэл - Хөхний сүүний суваг бөглөрч, хөх байнга чинэрээтэй байснаас болж хөхөнд халдвар ороход амархан болдог. Хөх маш их хөндүүрлэн хавдаж, өндөр халуурч байвал хөхний халдвар болсны шинж. Нэн даруй эмчид хандаж тохирсон антибиотик эмчилгээг хийх хэрэгтэй. Мөн хэвтрийн дэглэм сахиж, хөхөө сайн сааж, биеийн эсэргүүцлээ өндөр байлгаж чадвал хэдэн өдрийн дараа зүгээр болно. Хөхний халдвар хүүхдэд ямар нэгэн муу нөлөөгүй тул хүүхдээ хөхүүлэхээ зогсоож болохгүй!
Хөхүүлэх давтамж ямар байх ёстой вэ?
Ангир уураг гэдэг нь жирэмсний 16-22 долоо хоногоос эхийн хөхөнд үүсч эхлэн зөвхөн төрсөний дараах 2-3 хоногт ялгардаг шаргал өнгөтэй өтгөн сүү бөгөөд нэгхэн дусал нь л 1 аяга ердийн сүүтэй тэнцэхүйц хэмжээний шим тэжээлтэй юм. Дөнгөж төрсөн нярайн ходоодны хэмжээ ч хумсны толион чинээ жижигхэн (5-7мл) тул дусал дуслаар гарах ангир уургаа л хүлээж авах боломжтой байдаг юм. Иймээс төрсөний дараах 2-3 хоногт байнга хөхүүлэх хэрэгтэй. Төрсөний дараах 3 хоногтойгоос ангир уураг шингэрч цэхэр өнгөтэй болно. Энэ сүү нь 14 хоног хүртэл уураг ердийн сүү хоёрын завсарын найрлагатай байдаг тул “шилжилтийн сүү” гэдэг. Энэ хугацаанд мөн ойр ойрхон хүссэн үед нь хөхүүлж байх нь ээж, нярай хоёрт хоёуланд нь чухал ач холбогдолтой байдаг. (нярай хөхөж сурна, илчлэг их зарцуулдаг үе тул жингийн алдагдалд орох нь бага, эхийн сав сайн агшина, сүүжих процесс улам түргэсэнэ) Харин 14 хоногоос хойш сүүний найрлага тогтмолждог тул ‘’найрлага тогтмолжсон сүү ’’ гэдэг. Энэ үеэс харин хүүхдийг хэт их хооллох юм бол гэдэс дүүрэх, эх нь хэт ядардаг тул хоногтоо 8-10 удаа л хөхүүлнэ