17/11/2025
АШУҮИС-ийн Эм Зүйн Сургуулийн удирдлага, багш нар Монос группийн харьяа Эм Судлалын Хүрээлэн, Монос Эмийн үйлдвэр, Монос Косметик ХХК, Монос Хүнс ХК-ийн үйл ажиллагаа, лабораторийн чадавх болон үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэлтэй танилцлаа.
Хөтөлбөрийн нээлтийн үеэр Монос Эмийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал М.Одгэрэл инновацийн цогцолборын бүтэц, зорилт, хөгжлийн чиглэлийн талаар танилцуулж, эрдэмтэн судлаачдыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч буйгаа илэрхийлэв.
АШУҮИС-ийн Эм Зүйн Сургуулийн захирал, профессор Д.Даваадагва Монгол Улсын эм зүйн салбарын хөгжил, үндэсний эмийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд их дээд сургуулиудын хамтын ажиллагаа болон эрдэм шинжилгээ–инновацийн уялдаа чухал байр суурь эзэлдэг гэдгийг дурдав. Тэрээр энэ удаагийн уулзалт нь цаашдын хамтын бүтээл, судалгааны төслүүдийн үндэс суурь болж буйн ач холбогдлыг онцоллоо.
Үргэлжлүүлэн Эм Судлалын Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал, доктор Р.Лхаасүрэн Монос Групп болон түүний охин компаниудын үйл ажиллагааны чиглэл, судалгаа-үйлдвэрлэлийн уялдаа холбоо, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, фармакологийн судалгааны гол чиг хандлагыг дэлгэрэнгүй танилцуулж, их сургуулийн профессор, доктор багш нарын эрдэм мэдлэг, туршлагыг эм, бэлдмэлийн судалгаа, инновацийн хөгжүүлэлтэд идэвхтэй татан оролцуулах нь сургалт–судалгааны чанарыг эрс дээшлүүлж, салбарт бодит нөлөө үзүүлэх шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүн бий болгох бат бөх суурийг бүрдүүлэх ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Мөн ЭЗШУИС-ийн гүйцэтгэх захирал, профессор Л.Уламбаяр хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь эрдэм шинжилгээ, инновацийн үр дүнг нэмэгдүүлэхээс гадна эм зүйн салбарын ирээдүйн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой болохыг тодотгон хэллээ.
Уулзалтын хүрээнд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн эрдэмтэн багш нар болон Эм Судлалын Хүрээлэнгийн судлаачид дараах сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага солилцов. Үүнд:
ЭСХ-ийн судлаач, ЭШДэдА Р.Мөнх-Эрдэнэ: “Гүргэм (Carthamus tinctorius L.) ургамлаас гарган авсан тарилга эмийн фармакологийн зарим хоруу чанар болон зүрхний хэм алдалтад үзүүлэх идэвхийн судалгаа”
АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш Ж.Баатарболат: “Ялтас эмийн хэлбэр бэлтгэх технологи”
Ц.Маралмаа: “Азийн жамьянмядаг (Trollius asiaticus L.) ургамлын цэцгээс хоолойн үрэвсэл болон гүйлсэн булчирхайн үрэвслийг анагаах хүлхмэл эмийн технологийн судалгаа”
Эдгээр илтгэл, хэлэлцүүлэг нь уламжлалт эмийн ургамлыг ашиглан шинэ хэлбэрийн эм бэлдмэл боловсруулах, фармакологийн идэвхтэй нэгдлүүдийг судлан шинжилж үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, судалгааны үр дүнг практикт ашиглахад чухал хувь нэмэр орууллаа.
Ийнхүү зохион байгуулсан туршлага солилцох уулзалт нь их сургууль–эрдэм шинжилгээний байгууллага–үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, цаашдын инновацийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон хамтарсан эрдэм шинжилгээний бүтээл туурвих үйл ажиллагааг эрчимжүүлэх чухал алхам болсон юм.
Khurelbaatar Luvsan
Lkhaasuren Ryenchindorj
#эмзүй #инновации #Монос
#судалгаахөгжүүлэлт
#МоносГрупп #АШУҮИС
#эмсудлал #Монос35