
02/04/2025
Сормуус уртасгах ажилбар нь нүдийг хуурайшуулдаг.
АНУ-ын Integrative and Comparative Biology (ICB) Нийгэмлэгийн судалгаагаар урт сормуус нь нүд рүү чиглэсэн агаарын урсгалыг нэмэгдүүлж, хуурайшилт, тоос шороонд өртөмтгий болгодог болохыг харуулсан байна.
Нүдийг хамгаалахын тулд сормуусны хамгийн оновчтой урт ямар байх ёстой вэ?
Сормуусны хамгийн оновчтой урт нь нүдний нийт уртын гуравны нэгтэй тэнцүү байдгийг судлаачид илрүүлжээ.
Судлаачид амьтдын сормуусны уртыг хэмжиж, сонирхолтой үр дүнд хүрсэн бөгөөд анааш ч бай, зараа ч бай, ямар ч амьтны сормуусны урт нүдний нийт уртын гуравны нэгтэй тэнцдэг болохыг тогтоожээ.
Ердийн нөхцөлд 1/3 харьцаатай сормуус нь нүдний өмнө агаарын зогсонги байдал эсвэл хөдөлгөөнгүй бүсийг бий болгосноор нүдийг хуурайших, бохирдохоос хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна.
Хэрэв үүнээс урт сормуустай бол нүдний урд гадаргуу орчмын агаарын зогсонги бүс байхгүй болно. Учир нь хэт урт сормуус агаарын урсгалыг шууд нүд рүү чиглүүлэх ба нүдний гадаргуу илүү их хэмжээгээр тоосонцорт өртөж, агаарын шууд урсгал нь нүдийг чийглэх үүрэгтэй нулимсан давхаргыг хурдан ууршуулах нөлөө үзүүлдэг байна.
Энэхүү нөлөөлөл сормуус уртасгах ажилбар хийлгэсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох ба тэдний нүд нь хуурайшсаны улмаас илүү олонтоо анивчихыг та анзаарах болно.
Сормуусны будгаар байнга сормуусаа будаж өтгөрүүлдэг эсвэл уртасгадаг олон эмэгтэйчүүдэд нүд хуурайших хам шинж илрэх нь түгээмэл байдаг.
Питтсбургийн их сургуулийн Анагаах Ухааны Их Сургуулийн нүдний эмгэг судлалын дэд профессор Deepinder K. Dhaliwal хэлэхдээ: "Нүд хуурайших нь олон хүчин зүйлээс шалтгаална, гэхдээ нүдний урд гадаргуу орчмын агаарын урсгал ихсэх нь сөрөг нөлөөлөл үзүүлдэг гэдгийг бид мэднэ. Энэ бол маш сонирхолтой судалгаа. Учир нь энэ нь хамгийн оновчтой сормуусны уртын тухайд бөгөөд илүү их агаарын урсгал нь илүү их тоос болон тоосонцорыг нүд рүү авчирдаг болохыг харуулсан" гэжээ.
Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулийн Стейн нүдний хүрээлэнгийн эвэрлэгийн мэс засалч доктор Розалинд Во “Сормуус уртасгах ажилбарын дараа нүдний урд хэсэг орчмын агаарын урсгал өөрчлөгдсөнтэй холбоотой нүд хуурайших нь асуудал байж болох ч энэ нь хамгийн муу үр дагавар биш байж болох юм. Учир нь хамгийн том асуудал бол хиймэл сормуусыг зовхинд наадаг цавуу юм. Цавуу нь формальдегид болон бензойн хүчил агуулдаг бөгөөд аль аль нь нүдний эвэрлэг бүрхүүлд хортой" гэжээ.