17/04/2022
👂Та хүүхдээ хэр сайн сонсдог вэ?
Томчууд бидний адил хүүхдүүдэд маань ч өөрийг нь чих тавин сонсож, ойлгох хэн нэгэн хэрэгтэй байдаг. Гэвч энэ сэтгэлзүйн хэрэгцээг нь ээж аавууд бид хэр сайн анзаарч мэдэрдэг билээ. Сонсох нь хайрлахын суурь болдог гэдгийг бид ухаарч мэддэг билүү.
Тиймээс та одоо байгаагаасаа нэг шат ч гэсэн ахиж, хүүхдээ сонсохыг хүсвэл, түүнийгээ илүү ойлгохыг хүсвэл доорхи зөвлөмжийг уншиж, санаа сэдэл аваарай.
🌟 Та өнөөдрөөс эхлээд хүүхдээ илүү ихээр сонсохыг хүсч байвал өдөрт хамгийн багадаа гэхэд хагас цаг, ядаж л 20 минут хүүтэйгээ/охинтойгоо ярилцаж байгаарай. Олон хүүхэдтэй айл бол хүүхэд тус бүрд ярилцах, яриаг нь сонсох цаг гаргах хэрэгтэй.
🌟 Хүүхэдтэйгээ ярилцахдаа нэг түвшинд очих. Тээр өндрөөс хүүхэд рүүгээ харах биш ижил түвшинд очиж, зогсож байсан бол сууж, хүүхдийнхээ дэргэд очин нүд рүү нь харж сонсож, ярилцах. Нүд рүү нь харж ярилцах нь маш чухал юм шүү.
🌟 Хүүхдээ сонсож байхдаа түүнийг ойлгож байгаагаа биеийн хэлэмж, үг яриа, дууны өнгөөрөө илэрхийлээрэй. Хүүхэд өөрийг нь ойлгож байгааг мэдэрмэгцээ сэтгэл нь илүү тайвширдаг. Мөн өөрийгөө хайрлагдсан гэж мэдэрдэг.
🌟 Хүүхдээ сайн сонсох нь хүүхдэд чинь сэтгэл санаагаа илэрхийлэх боломж бололцоог олгож буй маш чухал үйлдэл юм.
🌟 Хүүхэд ээж, аавыгаа өөрийг нь чин сэтгэлээсээ сонсож байгааг харж мэдэрмэгцээ өөрт тохиолдсон эсвэл өөрт мэдрэгдэж буй, бодогдож буй тэр бүх зүйлээ маш их урамтайгаар өөрөөр хэлбэл сэтгэлийн хөдөлгөөнтэйгээр, хөөртэйгээр танд хуваалцах болно.
🌟 Хүүхдээ сонсох, ойлгох энэ үйл явц нь та болон таны хүүхэд хоорондын харилцааны утсыг илүү бат бөх болгохын сацуу эрүүл зөв харилцааны үндэс суурийг бий болгоно. Та босгосон энэхүү эрүүл харилцааны сууриа хүүхдээ улам сайн сонсож, батжуулаарай.
Зөвлөмж маань үргэлжлэх болно...
Таны хүүхдийн сайн сайхны төлөө
"Хүүхэд бүхэн эрхэм."
Arts