04/05/2026
Тархины уйланхайт өөрчлөлт (Cyst) гэж юу вэ?
Тархины уйланхай буюу цист гэдэг нь тархин дотор үүссэн, дотроо шингэн агуулсан уут юм. Ихэнх тохиолдолд эдгээр нь хоргүй бөгөөд аюул багатай байдаг ч, уйланхайн байрлал, хэмжээ болон доторх агууламжаас шалтгаалан эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Уйланхай дотор тархи-нугасны шингэн, цус, эд эс эсвэл ховор тохиолдолд хавдрын эсүүд агуулагдаж болно.
Уйланхай ямар асуудал үүсгэж болох вэ?
Хэдийгээр уйланхай нь хавдар биш боловч дараах хүндрэлүүдийг үүсгэж болно:
* Тархины даралт: Том хэмжээтэй уйланхай тархины эдийг шахаж, толгой өвдөх, хараа муудах, дотор муухайрах шинж тэмдэг үүсгэдэг.
* Нярайн нэмэлт зовиур: Нярай хүүхдүүд шалтгаангүйгээр уйлах, тайван бус болох хэлбэрээр зовиурлана.
* Тархины усжилт: Уйланхай нь тархины шингэний эргэлтийг хааж, тархины усжилт (гидроцефали) үүсгэх эрсдэлтэй.
Оношилгоо
1. Зулайн ЭХО: Ихэвчлэн нярай хүүхдэд зовиур илэрсэн үед ЗУЛАЙН ЭХОГ-оор оношилдог. Гэвч шинж тэмдэггүй уйланхайнууд хожуу оношлогдож, хүндрэх тохиолдол байдаг тул хүүхдийг эрт үед нь урьдчилан сэргийлэх зорилгоор зулайн эход харуулах нь чухал юм.
2. Жирэмсний үеийн хяналт: Зарим уйланхай ургийн хөгжлийн шатанд үүсдэг бөгөөд жирэмсний үеийн эхогоор оношлогдох боломжтой.
3. Нэмэлт шинжилгээ: Шаардлагатай тохиолдолд MRI эсвэл КТ (CT) шинжилгээгээр нарийвчлан тогтооно.
Эмчилгээ
Эмчилгээний тактик нь уйланхайн хэмжээ, байрлал болон хүүхдэд илэрч буй шинж тэмдгээс хамаарна:
* Ажиглалт ба хяналт: Хэрэв уйланхай жижиг, томрохгүй, ямар нэгэн зовиур өгөхгүй байвал заавал мэс засал хийх шаардлагагүй. Энэ тохиолдолд мэдрэлийн эмчийн хяналтад байж, тогтмол ЭХО-гоор хянуулна. (Жишээ нь: Хажуу ховдлын доторх жижиг уйланхайнууд).
* Мэс заслын эмчилгээ: Уйланхай томорч тархины эдийг дарах эсвэл тархины усжилт үүсгэж байвал (Жишээ нь: Коллоид уйланхай) мэдрэлийн мэс заслын эмч яаралтай хагалгаа хийх шаардлагатай болдог.
Эх сурвалж:
https://www.healthline.com/health/choroid-plexus-cyst
https://www.cedars-sinai.org/.../diseas.../b/brain-cyst.html
Анжел хүүхэд, нярайн эмнэлэг
88661958, 88651958