Сэтгэл зүйн зөвлөгөө

Сэтгэл зүйн зөвлөгөө Сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэх хуудас, сэтгэлээ анзаархуй 😇

Номын тэмдэглэл 📚📖Сэтгэл засалчийн нууц тэмдэглэл — Гари Смолл, Жижи ВорганЯрих нь эдгэрэх эхлэл номын гол санаа энэ гур...
13/07/2025

Номын тэмдэглэл 📚📖
Сэтгэл засалчийн нууц тэмдэглэл — Гари Смолл, Жижи Ворган
Ярих нь эдгэрэх эхлэл номын гол санаа энэ гуравхан үг
Сэтгэлд хүрсэн үгс биднийг анагаадаг
Энэ номыг уншаад нэг л мэдэхэд сэтгэл дотор олон жижиг хөдөлгөөн, намуухан түрлэг адил бодлууд сэргэж эхэлсэн. Эхэндээ “зүгээр л ном” л байлаа. Харин төгсгөх үед, энэ бол хүний дотоод ертөнц рүү чиглэсэн уучлал, ойлголт, анзаарлын аялал болсон байлаа.
Номын дунд хэсэгт яагаад ч юм би номыг уншаагүй ном надад ярьж буй мэт гайхалтай санагдсан.
Хүн гэдэг сэтгэлээрээ амьдардаг. Харин тэр сэтгэл нь үг-урам, анхаарал, хүлээн зөвшөөрөлтөөр тэтгэгддэг.
“Хүн гэдэг үгээр эдгэрдэг амьтан юм байна...” — гэх бодол миний дотор улам гүн сууж өгсөн.
Номын олон хэсгээс хамгийн их надад нөлөөлсөн нь “Хүүхэдтэй болох хүслэн” хэмээх бичвэр. Анзаарагдахгүй ч, бидний дотоод хүслүүд амьдралд маш хүчтэй нөлөө үзүүлдэг юм байна. Тэр хүслийг анзаарахгүй удвал, бид заримдаа “хувь тавилан минь ийм л байна” гэж өөрийгөө шүүж, өөртөө зохицох амьдралаас татгалзаж байдаг ч юм шиг. Гэтэл үнэндээ бид “ямар байхыг хүсч байгаагаа” л өөрсдөөрөө илэрхийлж явдаг. Мөн нэг санаа нь хүн хүсэж байгаагаа биш ямар байгаагаа л авдаг юм байна.
Дотоод хүслээ танихгүй байх нь зовлонгийн нэг эх үүсвэр.
Харин таньсан мөчөөсөө эхлээд бид өөрийгөө хүлээн зөвшөөрч эхэлдэг. Энэ бол эдгэрэл.
Номын туршид нэг зүйл дахин дахин мэдрэгддэг:
Сэтгэл нь өвдөж байгаа хүн бүр гэмтээгүй. Зүгээр л ярьж чадахгүй байгаа. Сонсогдоогүй, ойлгогдоогүй сэтгэл.
Сэтгэл зүйч эмчийн өгүүлсэн бүхэн бол “сургаал” бус — амьдралын ажиглалт, хүнийг хүнийх нь хувьд ойлгохыг зорьсон тун чиг гүн гүнзгий тэмдэглэлүүд. Сэтгэлийн хат, хүн рүү чиглэсэн итгэл, үгний эмчилгээ, хүлээн зөвшөөрөх ухаан бүгд энэ номд байгаа нь гайхалтай. Амьдалын олон өнгө хүний сэтгэлийн олон урсгал гайхалтай.
Дараагын нэг илэрхийлэх гол санаа бол
Хүлээн зөвшөөрөх чадвар = Сэтгэлийн хат.
Энэ нь бууж өгсөн хэрэг биш. Харин өөрийгөө хайрласан эхний алхам юм.
Шаналж буй хүнтэй уулзвал, түүн рүү зөвлөмж бус, анхаарал өгдөг хүн байя.
Бид хэн нэгнийг бүрэн анагааж чадахгүй байж магадгүй. Гэхдээ үе үе “би чамайг ойлгож байна” гэж хэлэх үгээр бид нэгнийгээ бага багаар тэтгэж чадна. Ном надад үүнийг ойлгуулсан бөгөөд энэ үг дахин дахин бодогдох төдийд л ямар нэгэн гоё зүйл хийсэн мэт. Надад хамгийн их хүрсэн зүйл бол:
Сэтгэл гутрал, айдас, донтолт, хоосрол зэрэг сэтгэл зүйн асуудал нь ихэвчлэн “өвчний нэр” гэхээсээ илүү амьдралын утгаа гээсэн хүний хариу үйлдэл байдлаар дүрслэгддэг өөрөөр хэлбэл, хүн гэмтээгүй, буруугүй, харин зүгээр л “өгүүлж чадаагүй” зовлонтой байдаг.
Сэтгэл засалчийн нууц тэмдэглэл энэ номыг уншаад сэтгэл дотроо жижигхэн эмчилгээ хийлгэсэн мэт мэдрэмж төрсөн. Хэний ч дотор эдгэх хүсэл, өөрчлөгдөх ухаарал оршдог гэдгийг мартахгүй. Хуваалцаж буй энэ тэмдэглэл нь өөр хэн нэгний дотоод аялалд жижиг ч атугай гэрэл болно гэж итгэж байна.
Ярих хэцүү гэхдээ дуугүй байх бүр ч хэцүү

👥Бүлгийн сэтгэл засал бол хүн өөрийгөө таних, бусдыг ойлгох, харилцааны ур чадвараа хөгжүүлэх орон зай юм. 🫂Хүн хүнтэйгэ...
14/06/2025

👥Бүлгийн сэтгэл засал бол хүн өөрийгөө таних, бусдыг ойлгох, харилцааны ур чадвараа хөгжүүлэх орон зай юм.
🫂Хүн хүнтэйгээ холбоотой байх үед л эдгэрэл эхэлдэг — бүлгийн сэтгэл зүй үүнийг дэмждэг.
💛Ижил асуудал туулж буй хүмүүсийн дунд хуваалцах нь ганцаардлыг багасгаж, сэтгэл зүйн дэмжлэг болдог.
#СэтгэлЗүйнДэмжлэг
#БүлгийнСэтгэлЗасал

28/04/2025

Бидний хамгийн том айдас бол бусдад таалагдахгүй байх. Гэтэл та бүх хүнд таалагдахыг хичээх тусам, өөртөө бүр их худал хэлж эхэлдэг. Бусдын хүлээлтэд нийцүүл...

📚 Номын тэмдэглэл: Морритой өнгөрүүлсэн мягмар гаргуудЗохиолч: Митч АльбомМитч Альбомын “Морритой өнгөрүүлсэн мягмар гар...
19/04/2025

📚 Номын тэмдэглэл: Морритой өнгөрүүлсэн мягмар гаргууд
Зохиолч: Митч Альбом
Митч Альбомын “Морритой өнгөрүүлсэн мягмар гариг” бол амьдрал, үхэл, хайр, уучлал, дурсамж, утга учрын тухай ном. Унших бүртээ сэтгэлээ, бодлоо гүнзгийрүүлж, өөрийнхөө амьдралыг нэг алхам ухрааж хармаар санагдсан. Энэ номыг хүн бүр уншаад, дотогшоо өнгийж, өөртэйгөө уулзаасай гэж хүсэж байна.
Номын гол дүр — Морри Шварц, Митчийн коллежийн багш. Тэр булчин задрах өвчний улмаас бие махбодын хувьд доройтсон ч, сэтгэл оюун, амьдралыг хайрлах хандлага нь улам гүнзгийрсээр байсан. Морри долоо хоног бүрийн мягмар гарагт Митчид амьдралын тухай "хичээл" заасан. Эдгээр хичээлүүд нь үнэн хэрэгтээ хүн болж төрсний утга учрыг тунгаах аялал байлаа.
Надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн санаа бол:
"Бид харж байгаадаа бус, мэдэрч байгаадаа итгэх хэрэгтэй."
Энгийн боловч асар гүн гүнзгий утга агуулгатай. Бид ихэвчлэн харагдаж буй зүйлд дүгнэлт хийж, гаднах дүр төрхөд анхаарч амьдардаг. Гэтэл амьдралын утга учир бидний дотоод мэдрэмж, сэтгэл зүрхэнд оршдог юм байна.
Морригийн ухаалаг, хайр дүүрэн, амгалан байдал нь надад амьдралыг илүү мэдрэх, бусдад сэтгэлээ нээх, өөртөө илүү үнэнч амьдрах хэрэгтэйг сануулсан. Тэр зөвхөн үнэнийг хэлээгүй, харин өөрийн амьдралаараа, биеэрээ мэдэрч, дамжуулж байсан нь л хамгийн үнэ цэнтэй.
"Хайр бол үйлдэл" гэж хэлсэн нь миний хувьд шинэлэг, гэгээлэг ухаарал байлаа. Урьд нь хайр зөвхөн мэдрэмж юм шиг санагддаг байсан бол, үйлдэл гэж харах нь илүү бодит, илүү утга учиртай мэт. Хайрыг бид өгч сурах ёстой, бас авч сурах хэрэгтэй энэ хоёр бол амьдралдаа тасралтгүй үйлдэх зүйл.
Бас нэг гүн сэтгэл хөдлөл төрүүлсэн нь:
Хүн үхлээс бус, мартагдахаас хамгийн их айдаг юм байна.
Бид бүгд хэн нэгний дурсамжид амьдрахыг, онцгой харилцаанд дурсагдахыг хүсдэг. Морри Митчийн амьдралд “мягмар гаригийн хүн” болон дурсагдаж үлдсэн шиг. Заримдаа хүн амьд байгаа хэр нь хэнд ч анзаарагдахгүй, хэнд ч дурсагдахгүй байх мэдрэмжид автах нь бий. Энэ бол зүгээр нэг ганцаардал биш. Энэ бол оршихуйгаа үгүйсгэмээр харанхуй мэдрэмж төрүүлдэг. Үнэхээр л үхлээс айхаасаа илүүтэйгээр, оршин байгаагаа хэн нэгэнд мэдрүүлж чадахгүй байх нь биднийг “өөрийн амьдралаас зугтах” бодол руу хөтөлдөг юм билээ. Энэ ном надад амьдрал болон үхлийг шинэ өнцгөөс, илүү гүн мэдрэмжээр харах боломж өгсөн.
Тэгээд би өөртөө хэлсэн:
“Завтай цагтаа бус, зав гаргаж бусдыг дурсаарай.” Энэ бол миний хувьд хайрлаж байгаа хүмүүсээ дотроосоо тэвэрч байгаа нэг хэлбэр.
Номын төгсгөл гунигтай байсан ч зугтах биш тэврэх мэт таатай гуниг амгалан, зөөлөн, гэрэлтэй гуниг байв. Амьдралын үнэнтэй эвлэрч, өөрийгөө илүү ухаарч, бусдыг илүү үнэлж амьдрах ухаан энэ номоос хүчтэй мэдрэгдсэн.🥰

Тэнэглэл, түүний хуулиудНомын тэмдэглэлКарло М. Сиполлагийн "Тэнэглэл, түүний хуулиуд" хэмээх нимгэн хэр нь гүн утгатай ...
11/04/2025

Тэнэглэл, түүний хуулиуд
Номын тэмдэглэл
Карло М. Сиполлагийн "Тэнэглэл, түүний хуулиуд" хэмээх нимгэн хэр нь гүн утгатай ном нь хүний зан чанарыг шүүмжлэлтэй, хошигнолтойгоор өгүүлдэг сонирхолтой бүтээл юм.
Эхэндээ би зүгээр нэг хошигнолтой эсээ шиг хүлээж авсан. Гэтэл хэдхэн хуудсыг эргүүлсний дараа энэ ном миний өдөр тутмын амьдралтай, хүрээлж буй хүмүүстэй, бүр өөртэй минь ч холбоотой гүн гүнзгий үнэнийг хэлээд байгаа нь анзаарагдсан. “Тэнэглэлтэй тулгарсан минь” гэж хэлэхэд ч хилсдэхгүй.
Энэхүү номд “тэнэг” гэдэг үгийг энгийн доромжлол биш, харин өөртөө болон бусдад үр ашиггүй, хохиролтой үйлдэл хийдэг хүмүүсийн сэтгэлзүйн тогтсон шинж чанар гэж үздэг. Сиполлагийн хамгийн гайхалтай дүгнэлт бол — тэнэг хүмүүс хаа сайгүй байдаг, тэднийг таних амаргүй бөгөөд тэдний үйлдэл аливаа нийгмийн хөгжилд ноцтой саад болдог гэдгийг тайлбарласан явдал юм.
Сиполлагийн таван хууль анх харахад хошин мэт боловч үнэндээ маш хүнд бодол төрүүлдэг. “Хүн бүр тэнэг хүмүүсийн тоог дутуу үнэлдэг” гэсэн эхний хууль яг л миний олон удаа орхигдуулж байсан үнэн байлаа. Заримдаа би бусдын болчимгүй, логикгүй үйлдлийг “зүгээр л тохиолдол” гэж боддог байсан ч үнэндээ энэ нь тэнэглэлийн зүй тогтол байсан гэдгийг ойлгосон.
Номыг унших явцдаа би өөрийнхөө ч тэнэглэлтэй нүүр тулгарсан. Нэг удаа өөртөө ч хэрэггүй, бусдад ч хор хөнөөлтэй шийдвэр гаргаж байсан нь Сиполлагийн “гурав дахь хууль”-д яг таарч байв. Тэр үедээ би өөрийгөө ухаалаг гэж бодсон ч эргээд харахад өөрийнхөө ч, бусдын ч ашигт нэмэр болоогүй үйлдэл байжээ.
Энэ ном надад өөрийгөө болон бусдыг хянаж харах нэгэн “шүүлтүүр” өгсөн юм. Хүн бүр ийм шүүлтүүртэй байвал нийгмийн маань хөгжлийг сааруулагч далд хүчин болох тэнэглэлийг бага ч болов таньж чадна гэж бодож байна.
Хэдий хошин өнгө аястай ч, энэхүү ном бол хувь хүний хандлага, нийгмийн харилцаанд гүн гүнзгий сургамж өгөхүйц бүтээл юм. Заримдаа хамгийн аюултай дайсан бол мэдлэггүй хүн биш, харин ухаалаг гэж андуурсан тэнэг хүн байж болохыг энэ ном сануулдаг.
Магадгүй та энэ номыг уншихаас зугтаж, өөрийн тэнэглэлтэй нүүр тулахаас айж ч болох юм. Гэхдээ насаараа зугтаж байснаас нэг удаа өөрийн тэнэглэлийг хөндлөнгөөс хараад үзээрэй.

🧠 Өөртөө итгэх итгэл бол оршихуйн эхлэл.Хүн бүр амьдралынхаа утга учрыг гадны хүчин зүйлсээс хайх нь элбэг. Гэвч экзисте...
11/04/2025

🧠 Өөртөө итгэх итгэл бол оршихуйн эхлэл.
Хүн бүр амьдралынхаа утга учрыг гадны хүчин зүйлсээс хайх нь элбэг. Гэвч экзистенциалист үзэл санааны гол утга нь — бидний оршихуй, үнэ цэнэ, зорилго нь гагцхүү өөрийн дотоод ухамсар, итгэл, сонголтоос үүдэлтэй гэдэгт оршдог. Жан-Поль Сартрын хэлснээр, бид өөрсдөө утга учрыг бүтээдэг бөгөөд энэ замналын хамгийн анхны алхам нь өөртөө итгэх итгэл юм. #ДотоодХүч #ӨөртөөИтгэ #Экзистенциализм #ЖанПольСартр #АмьдралынУтгаУчир

"Хайрлагдсан эмэгтэйн зурвас"❤Номын тэмдэглэл 📚📖Энэхүү ном нь эмэгтэй хүний хайрлагдах, хайрлахуйн мөн чанар, амьдралын ...
10/04/2025

"Хайрлагдсан эмэгтэйн зурвас"❤
Номын тэмдэглэл 📚📖
Энэхүү ном нь эмэгтэй хүний хайрлагдах, хайрлахуйн мөн чанар, амьдралын утга учрыг эргэцүүлсэн ном. Зохиолч өөрийн амьдралын туршлага, ухаарал, мэдрэмжийг хуваалцаж, эмэгтэй хүн ямар үнэ цэнтэй, хайр гэдэг ямар гүн гүнзгий утгатай болохыг дүрсэлсэн.
Миний тодорхойлсноор номын гол утга санаа:
Хайр бол хувь хүний үнэ цэнийн хэмжүүр биш – Хүн зөвхөн хайрлагдаж байгаагаараа бус, өөрийн оршихуй, амьдралаар үнэ цэнтэй.
Өөрийгөө хайрлах нь хамгийн чухал – Өөрийгөө танин мэдэж, өөртөө итгэж, өөрийн үнэ цэнийг ойлгосон хүн жинхэнэ хайр, аз жаргалыг мэдэрдэг.
Гуниг, алдаа, уйтгар ч амьдралын нэг хэсэг – Эмэгтэй хүний сэтгэлийн эмзэглэл, баяр баясгалан бүгд амьдралын нэгэн чухал аялал гэдгийг ойлгуулахыг хичээсэн нь гүн мэдрэмж төрүүлэм бөгөөд уншигч бүсгүйд урам зориг өгөхөөр байлаа.

❤Хамгийн их сэтгэлд хүрсэн нь эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, амьдралаас аз жаргалыг олж харах ёстой гэсэн санаа байлаа. Өөрийгөө бусдын хайраар тодорхойлох биш, өөрийн оршихуйгаар үнэ цэнтэй гэдгийг ойлгуулах нь энэ номын гол үнэ цэн гэж бодогдсон.
Сэтгэл зүйн талаас авч үзвэл:
"Хайрлагдсан эмэгтэйн зурвас" ном нь эмэгтэй хүний хайрлах, хайрлагдах сэтгэлзүйн онцлогийг мэдрэмжтэй, уран өгүүлсэн байна. Эмэгтэй хүний хайрыг мэдрэх болон илэрхийлэх байдлыг тодорхойлон гаргасан нь залуу хосуудад гэр бүлээ төлөвлөх,, залуу охид маань уншихад илүү тохиромжтой санагдсан.
Эмэгтэй хүний хайрыг мэдрэх байдал.
Хайртай хүн нь түүнийг анхаарч, ойлгож, хүндэтгэж байгаагаар дамжуулан эмэгтэй хүн хайрлагдаж байгаагаа мэдэрдэг. Өдөр тутмын жижиг үйлдлүүд (халамж, анхаарал, сайшаал) нь гүн гүнзгий мэдрэмж төрүүлдэг.
Эрэгтэйчүүд голчлон үйлдлээрээ хайраа илэрхийлдэг бол эмэгтэйчүүд үгээр, мэдрэмжээр, сэтгэлийн гүн холбоогоор хайр мэдэрдэг. Нээлттэй ярилцах, ойлголцох, дотно байдал үүнд чухал үүрэгтэй. Сэтгэл зүйн хувьд хамгаалагдсан, итгэлтэй мэдрэмж авах үед эмэгтэй хүн жинхэнэ хайрыг мэдэрдэг. Энэ нь зөвхөн гадаад нөхцөл байдлаас биш, сэтгэлзүйн тогтвортой байдлаас хамаардаг.
Эмэгтэй хүн хайрыг хэрхэн илэрхийлэх байдал
Ихэнх эмэгтэйчүүд хайртай хүндээ халамж тавьж, санаа зовж, жижиг зүйлсээр баярлуулж, өөрийнхөө сэтгэлийг илэрхийлдэг. Эмэгтэй хүн хайраа үгээр илэрхийлэхдээ илүү сайн байдаг. Өдөр тутмын харилцаандаа эерэг үгс, урамшуулал, магтаалаар хайраа илэрхийлдэг. Эдгээрээс хамгийн чухал нь эхнэр хүн, ээж хүн хайртай хүмүүстэй чанартай цагийг өнгөрүүлэх, түүнд анхаарлаа хандуулах нь эмэгтэй хүний хайрын том илэрхийлэл болдог.
Номыг залуу охид, залуу хосууд хамтаар унших нь үр дүнтэй бөгөөд өөрийгөө ойлгох, мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх, харилцааны эрүүл хандлагыг ойлгоход туслах болно. Энэ ном зөвхөн романтик харилцаа бус, өөрийгөө хүндэтгэх, хайрлахын мөн чанарыг ч харуулж байна.
Ажиглалт 💡
Уншаад зарим зүйлс нь таагүй сэтгэгдэл төрүүлж байсан. Энэ л ном зохиол байхын нэр учир таагүй сэтгэгдлээ ч мөн хуваалцах нь зүйтэй гэж бодлоо.
Номонд хайр, эмэгтэй хүний үнэ цэнийг маш уянгын, гоёмсог байдлаар дүрсэлсэн нь уран сайхны хувьд сайхан боловч зарим уншигчдад бодит амьдралаас тасарсан романтизм мэт санагдаж магадгүй. Жишээлбэл, хайрлагдах нь эмэгтэй хүний хамгийн чухал зорилго гэсэн хандлага давамгайлах хэсгүүд байгаа. Энэ эмэгтэй хүнийг хайр халамжаар тэтгэгдэж, бусдаас хамааралтайгаар дүрсэлсэн нь өөрийгөө хайраар тодорхойлох, бусдаас хайр хүлээх, бусдад өгөх сэтгэл зүй давамгайлах нь орчин үеийн эмэгтэйчүүдийн бие даасан байдлын үзэлтэй зөрчилдөж болох юм гэсэн бодол байна.

Хайрыг ихэвчлэн гаднаас хүлээн авах, бусдын мэдрэмжээр буюу хүүхэд- аавын харилцаагаар тодорхойлогдох байдлаар дүрслэгдсэн нь өөрийгөө хайрлах, өөрийгөө бүтээх үзэл санааг сулруулж, өөрийгөө зориулах үргэлж ухаалаг ээж байхыг хичээх мэт санагдсан. 😊😇

Номын тэмдэглэл 📚"Газар доороос бичсэн тэмдэглэл" – Ф.М. ДостоевскийНомын ерөнхий танилцуулга Фёдор Михайлович Достоевск...
09/04/2025

Номын тэмдэглэл 📚
"Газар доороос бичсэн тэмдэглэл" – Ф.М. Достоевский
Номын ерөнхий танилцуулга
Фёдор Михайлович Достоевскийн Газар доороос бичсэн тэмдэглэл хэмээх бүтээл нь хүний дотоод сэтгэл, ухамсар, зөрчилдөөн зэрэг сэтгэл зүйн нарийн төвөгтэй асуудлыг гүн гүнзгий тусгасан роман юм. Энэ зохиол нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт зохиолчийн дотоод бодол, философи үзэл санааг өгүүлдэг бол хоёрдугаар хэсэгт түүний бодит амьдрал дахь туршлага, бусадтай харилцах байдал дүрслэгддэг.
Үйл явдал нь цар хүрээгээрээ том биш ч хүний сэтгэлийн гүнд нэвтэрч, өөрийгөө хэрхэн таньж мэдэх, өөрийгөө үнэлэх, нийгэм дэх байр сууриа олох гэсэн тэмцлийг маш нарийн, гүн гүнзгий өгүүлсэн нь энэ бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг.
Миний хувьд энэ номыг уншихдаа ихээхэн цаг зарцуулж, үг нэг бүрийг алдахгүй хичээн уншиж, утга санааг нь тунгаан тэмдэглэж байлаа. Харин дуусгаад тэмдэглэлээ нэгтгэн бичих нь хүнд ажил мэт санагдаж, бүр “хүн өөрөө уншаад ойлгох биз дээ” гэж залхуурч байв. Гэсэн ч бичихээр шийдсэн. Учир нь өнөөгийн нийгэмд бид "яагаад?", "юуны тулд?", "ямар зорилгоор?" гэх мэт асуултыг байнга тавьдаг болсон бөгөөд өөрсдөө ч мэдэлгүй оршихуйн хямралд автдаг. Тиймээс энэ номыг уншсанаар хэрэгтэй зүйлээ олж, өөрийгөө илүү гүн ойлгоход тус болно гэж итгэж байна.
Гол баатрын сэтгэл зүй
📎Дотоод зөрчил: Баатар өөрийгөө үргэлж үгүйсгэж, зөрчилдөж байдаг. Тэрээр нэг талаараа өөрийгөө ухаантай, онцгой хүн гэж үздэг ч нөгөө талаараа өөрийгөө үл бүтэх нэгэн гэж жигшинэ.
📎Оршихуйн хямрал: Түүний сэтгэл санаа хувьсах бөгөөд хайр, хүсэл, уур хилэн, гомдол зэрэг мэдрэмжүүдийн дунд савчдаг.
📎Нийгэм, бусадтай харилцах байдал: Тэрээр хүмүүсийг үзэн яддаг ч өөрөө тэднээс хайр, хүлээн зөвшөөрөлтийг хүсдэг. Энэ нь түүний зан авирын хямралыг улам тодотгоно.
📌Орчин үеийн сэтгэл судлалын үүднээс тайлбарлах нь
Өөрийгөө хорлох зан төлөв: Түүний үйлдлүүд өөрийгөө гэмтээх, бусдаас улам холдуулах байдлаар илэрдэг. Энэ нь өнөө үеийн сэтгэл зүйд "self-destructive tendencies" буюу өөрийгөө устгах зан үйл гэж тодорхойлогддог.
Хувь хүний эмгэг төлөвшил: Гол дүрийн зан чанарыг "avoidant personality disorder" буюу зайлсхийх хэв шинжтэй хувь хүний эмгэгтэй харьцуулж болно.
гол дүрийн зайлсхийх хэв шинжийг ээнэгшлийн онолоор тайлбарлах боломжтой. Жишээлбэл:
Ээнэгшлийн онолын үл тоомсорлох хэв маяг (avoidant attachment style): Гол баатар бага насандаа эцэг, эхээсээ дулаан харилцаа, сэтгэл хөдлөлийн баттай холбоог авч чадаагүй байх магадлалтай. Үүний улмаас тэрээр насанд хүрсэн хойноо бусдаас зай барих, өөрийгөө тусгаарлах хандлагатай болсон.
Баталгаагүй харилцаанаас зайлсхийх нь: Тэрээр бусдад ойртохыг хүсдэг ч ойртсон хойноо тэднийг үл ойшоож, зөрчилдөж эхэлдэг. Энэ нь ээнэгшлийн онолын "зайлсхийх-ойртолтын зөрчил" гэж тайлбарлагдана.
Хайр, хүлээн зөвшөөрөлтийг хүссэн мөртлөө татгалзах: Тэрээр хүмүүсийн анхааралд багтахыг хүсдэг ч тэднийг үл тоох, доромжлох замаар өөрийгөө хамгаалахыг оролддог. Энэ нь ээнэгшлийн онолын дагуу "эмзэглэлээс хамгаалах зан үйл" гэж тайлбарлагдана.
Сэтгэл гутрал ба түгшүүр: Түүний бодлын урсгалд гутранги байдал, сэтгэлийн зовнил давамгайлах нь олон хүмүүст танил мэдрэмж төрүүлэх болов уу.
💙Сэтгэлд хүрсэн эшлэлүүд
"Хүн зөвхөн аз жаргалтай байх гэж амьдардаггүй, харин зовлонгийн утга учрыг ч мөн эрэлхийлдэг."
"Хэрэв хүнийг зүгээр л ухаантай байх ёстой гэж үзвэл тэр золгүй нэгэн болно."
"Бидний хамгийн том асуудал бол өөрсдийгөө ухаантай гэж бодож, харин үнэндээ бол тийм биш байх явдал юм."
"Би яагаад үүнийг хийж байгаагаа ч мэдэхгүй, гэхдээ яг л хийх ёстой мэт санагдаж байна."
"Аз жаргал бол оршихуйн төгс төгөлдөр байдал бус, харин өөрийгөө ойлгож, хүлээн зөвшөөрөх явдал юм."
📎Газар доороос бичсэн тэмдэглэл нь хүний сэтгэл зүйг маш нарийн, гүнзгий судалсан зохиол бөгөөд хувь хүний дотоод зөрчил, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүслэн, өөрийгөө ойлгож танин мэдэх, өөрийгөө хайх гэсэн дотоод үйл явцыг онцлон харуулдаг.
Энэхүү бүтээл нь зөвхөн XIX зууны Оросын нийгэм төдийгүй, өнөө үеийн сэтгэл судлал, философийн үндсэн асуудлуудтай уялдаж, хүний мөн чанарыг эргэцүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлдэг хэвээр байна. Хүн төрөлхтөн технологийн хөгжилд урагшилж байгаа ч сэтгэл хөдлөл, дотоод тэмцэл, өөрийгөө ойлгох гэсэн хүсэл нь ямар ч цаг үед ижил хэвээр оршиж байдаг гэж би боддог. Энэ утгаараа уг зохиолын үнэ цэнэ цаг хугацааг даван оршсоор байна.

🫂🩵
30/03/2025

🫂🩵

Address

Баянгол
Ulaanbaatar

Telephone

+97699649251

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйн зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category