
03/09/2025
ТӨГСӨЛТИЙН 20 ЖИЛИЙН ОЙГ НУТАГ ОРОНДОО БҮТЭЭЛЧ АЖИЛ ӨРНҮҮЛЖ БУЙ ХАМТ ОЛОН
Ховд аймгийн Булган сумын 2005 оны төгсөлтийн 20 жилийг ойн хүрээнд "БУЛГАН СУМАНДАА ЭРҮҮЛ МЭНД НЭМЬЕ, БИД НЭГ ҮЕИЙНХЭН 2005" төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, хиймэл оюунд суурилсан зүрхний бичлэгийн аппарат хандивлах арга хэмжээ 9 сарын 10-12 хооронд зохион байгуулагдана.
Ховд аймгийн Булган сумын ард иргэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх гэж алс хол 1500км зайтай Улаанбаатар хотыг зорьдог. Улаанбаатар хотод очоод төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэж хугацаа алдах, оочер дараалал их, мөнгө санхүү зэрэг багагүй чирэгдэл учирдаг билээ. Харин энэ асуудалд бага ч болов тус нэмэр болохоор 2005 оны төгсөлтийн хамт олон төрөлх Булган сумын ард иргэддээ төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хийхээр болжээ. Уг арга хэмжээний үеэр дараах эмч нарт ард иргэд үзүүлэх боломжтой юм.
- Зүрх судасны чиглэлд Ц.Сумъяа (АУ-ны доктор, Зүрх судасны эмч, Зүрх судлалын тэнхим, Анагаах ухааны сургууль, АШУҮИС)
- Сэргээн засах чиглэлд Г.Галт (Сэргээн засахын эмч, Хэвтэн эмчлүүлэх тасгийн эрхлэгч, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв)
- Эмэгтэйчүүдийн чиглэлд Б.Сайнжаргал (Эх барих эмэгтэйчүүдийн эмч, Далд засал нэгдсэн эмнэлэг)
- Дуран, дүрс оношилгооны чиглэлд М.Нямсүрэн (Дүрс оношилгооны эмч, Дүрс оношилгооны тасаг, Ховд бүсийн оношилгоо эмчилгээний төв)
Монгол орны нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчин, тэр дундаа зүрхний шигдээс, хэм алдагдал зэрэг эмгэгийг оношлох хүртээмжтэй шинжилгээний арга бол зүрхний бичлэг юм. Алс суманд хэрэгцээтэй аппаратын нэг бол орчин үеийн хиймэл оюунд суурилсан зүрхний бичлэгийн аппаратыг төрөлх нутгийнхаа ард иргэдэд бага ч болов эрүүл мэнд нэмэхээр Булган 2005 оны төгсөгч нар хандивлахаар болжээ. Ийнхүү сум орон нутагтаа үр бүтээлтэй, чухал ажил өрнүүлж байгаа санаачлагч хамт олонд сумын нийт ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.