27/12/2025
Монгол хүн идсэнээ биш явснаа ярьдаг гэдэг, идэхээсээ явахыг чухалд үздэг нүүдэлчин сэтгэхүйгээс тэр байх. Оны сүүлээр явснаа жаахан саная.
Ууланд яваад 20 жил болжээ. Анх 2006 онд хайкин клуб гээд тогтмол алхаж эхлэхэд хайкин гэдэг үгийг хүмүүс мэддэггүй байв. Одоо түгээмэл үг. Эверестэд гарснаас хойш 13 жил болжээ, манайхнаас хамгийн өндөр настай гарсан эрэгтэй байх. Мөн 8000-т 3 оргилд гарсан, хоёрын оргилд нь 8 хоногт. Багаж хэрэгсэлтэй техникийн авиралт хийгээд 8 жил болжээ. Энэ жил олон янзын замаар авирсан. Шинэ юм сурах, бэлтгэх сайхан. Ер нь альпинизм сонирхдог бол багаж хэрэгсэл, хувцас тоноглол, аялал авиралтанд багагүй мөнгө зарцуулдаг. Гол нь авсан юмаа хэрэглэж сурах. Мөн нэг мэдэхэд хэрэглэдэг, хэрэглэдэггүй олон янзын юмтай болчихсон байдаг. Хэрэгтэй хүнд нь хямд өгнө.
Энэ жил Франц, Шотланд, Итали, Америкт авирчээ. Очсон газрын тэнгэр сайхан таарлаа. Хаана, юуг боломжоороо төлөвлөнө, аль буудлын хажууд ямар хоолтой, менютэй гэхчилэн ... илүү мөнгө зарчихгүй байхыг хичээнэ. Мөнгө зүгээр олдохгүй. Гуч гаруй жилийн эмчийн ажлын үр өгөөж, дэвсгэрт болгоноос хөдөлмөр үнэртэнэ. Очих газраа урьдчиллаж судлах, төлөвлөх тэр процесс нь өөрөө сайхан. Эдинбургд орой харанхуйд буугаад буруу жолоотой машин бариад анх удаа буруу хөдөлгөөнтэй нарийхан замаар, цутгах борооноор 3 цаг гаруй давхиж нэг уулын аманд очих зам янзын байсан ... Италийн Доломитын өндөр уулсаар дээш доош мушгиралдан 5 өдөр давхих мөн мартагдашгүй. Сорапис уулын яг оргилд нь хүрч чадаагүй буусан, тэрийгээ гүйцээмээр байна. Хэн нэгэнтэй уралдах, хэн нэгнийг ялан дийлэх, хэн нэгнийг ялагдагч болгох угаас дургүй. Тэгэхээр альпинизм бол уламжлалт ойлголтоор спорт гэж хэлэхэд хэцүү. Ямар ч үзэгчгүй. Ихэвчлэн ганцаараа. Байгаль, цаг агаараас гадна өөрөө өөртэйгээ, өөрийн айдастайгаа, итгэлгүй байдалтайгаа тэмцэж байдаг.
Уулзаагүй удсан 10 жилийн партны найзтай ертөнцийн нэгэн гайхамшгийг үзээд давхиж явах бас сайхан. Вайомин муж бол тусдаа сэдэв, ноднин Devil's Tower -д авираад л их таалагдсан, газар зүй бараг Монгол гэж болно. Энд кантри сонсоод давхиж явах үнэхээр сайхан.
Мөн Монголдоо өмнө нь олоогүй тайгаруу хэдэнтээ явсан хайрханаа олж авираад "Залаат Хайрхан" гэж нэрийтлээ. Түүний оргил дээрээс хойд нутгийн ой тайга, өндөр уулсын үзэсгэлэн төгөлдрийг харан зогсох мөн ч сайхан. Өмнийн их говиос арын их тайга хооронд л явж байдаг хүн. Ноднин Энэтхэгийн Хималайн нурууны хэн ч гараагүй 6000-т оргилд гарч "Нархажид" гэж нэрлээд ирсэн. Агуу альпинист Юрий Кошеленкогийн багт орох аз таарсан. Манайд альпинизм хөгжөөд өөрсдөө ингээд явж байдаг цаг удахгүй ирэх байх.
Багын хоёр найзын насны ой гээд Англи хоёр явлаа. Лондон гоё. Хамтдаа хар багын алдарт Битлз Ливерпул үзэж зад авсан, сайхан.
"Эмэгтэйчүүд эрүүл бол үндэстэн эрүүл" гэж зүтгээд мөн 20 жил болжээ. Төлбөртэй, төлбөргүй умайн хүзүүний хавдраас сэргийлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллалаа. Хамгийн сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлж, нэгэн зорилгын төлөө ажиллацгаадаг мэргэжлийн хамт олонтой олон зуун Монгол эмэгтэйг хавдар үүсэх эрсдэлээс сэргийллээ. Баярлалаа гэсэн олон зуун ээж, эмэгтэйчүүдийн сэтгэлийн эрчим долгион зам засаж өгдөг байх. Гэхдээ дандаа ажиллана гэж юу байхав, сарын хагасыг өөр юм хийж өнгөрүүлэхийг хичээнэ. Өдөр болгон ажиллаад ямар яах ч биш. Өдийд өөртөө цаг гаргах. Хорин насанд хүмүүс юу гэж бодох бол гэдэг, дөчин насанд хүмүүс юу ч бодсон яаадаг юм гэнэ, жаран насанд хүмүүс чамайг боддоггүй юм гэдгийг ойлгоно.
Гэр бүл бол амар амгалан байх чухал, аав ээжтэй агаарт гарч хооллоод суух сайхан, намайг хүлээж байгаа хүмүүсрүү давхиж явах бас сайхаан.
Энэ жил туслаж дэмжсэн бүх хүмүүст их баярлалаа!🙏
Хамаг олсоо угаачихлаа. Цэвэрхэн олсоор цэвэрхэн авирах сайхан.
Ирж буй 2026 онд өөртөө болон миний постыг хардаг хүн болгонд мөрөөдлийн замаараа аялах, өөр өөрийн хүссэн оргилдоо амжилттай хүрэхийг хүсэн ерөөе!👏