17/04/2024
Эрдэнэсийн хүрд (Manipura)
Бэлгэдэл амьтан нь буга. Шар дошатай холбоотой. Арван дөрвөөс хорин нэг нас хүртэл бүрэлдэж тогтдог хүрд. Эрэгтэйн эрчим хүч илд, эмэгтэйнх бамбай лугаа адил. Наран сүлжээнд байрлах ба ходоод, элэг, цөс, нойр булчирхай, нарийн гэдэс удирддаг. Аюурведын тежа буюу амьдралын цог золбоо энэ хүрднээс сацрана.
Хүн өөрийнхөө “би”-г бусдаас тусдаа, өөр гэдгийг мэдэх, эго бүрэлдэх, амьд явахын төлөө хар амиа хичээх, эрх мэдэлд зүтгэхэд гол хөдөлгүүр болж өгдөг хүрд. Хүрдний хямрал эрх мэдэл эсвэл ямар ч мэдэлгүй байх, лут хүн болох эрмэлзэл эсвэл урам хугарч зориг мохох, эз дийлэх эсвэл элэг бариулах, өөрийгөө хэт үнэлж сагсуурах эсвэл өөрийгөө доорд үзэх зэрэг дандаа хоёр эсрэг тэсрэгийн тэмцлийн чанартай байна.
Орчин үеийн хүн хүний мөн чанарыг эх байгалиас нь тасралтгүй
холдуулж ирсэн абрахамын шашинтны бүхнийг сайн муу, хар цагаан, үнэн худал, эрүүл солиотой гэж хуваадаг хоёрдмол сэтгэхүйн үлэмж нөлөөн доор амьдарч буй. Амьдралыг тулааны талбар гэж үздэг.
Багын травма буюу бие сэтгэлийн шарх эрдэнэсийн хүрд ба үндэс хүрдний харилцааг гүнзгий үймүүлнэ. Инстикт доройтуулж мөн өөрийнхөө амьд явааг мэдрэх чадварыг муутгаж үхээнц болгодог. Ийм тохиолд хүн сахилга бат, тэсвэр хатуужил, өөртөө эзэн болох чадваргүйгээс арчаагүй байдалд унана. Амьдралд хувь заяаны цохилт тохиолдож болно, тэглээ гээд сөхрөөд унах биш өөрийнхөө хүчээр хөл дээрээ босох ёстой гэсэн сэтгэлийн тэнхээ байхгүй.
Эсрэг тохиолд бусдыг эз дийлж, дарлаж дээрэлхдэг, хүчтэй
нь хүчгүйгээ, дийлэх нь дэлдийхээгээ гэгчээр ханддаг, энэ нь байгалийн жам, эволюцийн хууль гэж үзнэ. Нийгэм соёлоос тухайн хүнд туссан дарамт шахалт ийм хариу үйлдэл өдөөх нь бий. Гэтэл юуны төлөө яах гэж амьдарна вэ гэсэн байнгын эргэлзээтэй тул дандаа эрх мэдэлтэй, нэр нөлөө ихтэй, гаргууд, шилдэг хүмүүсийг дагаж, тэднийг дуурайхыг хичээдэг хүмүүс ч байна.
Жишээ нь гүрү, лам багшид амьдралаа даатгах, ямар нэг нам
эвсэлд элсэх, хэн нэгэн лут мэргэжилтэнд итгэх гэх мэт. Ингэж хүн дагаж гүйх нэг бол өөрийн хэмжээнээс хэтэрсэн мэрийлт гаргах, эсвэл өөрөө юу ч хийж чадахгүй байхтай холбоотой ч аль аль нь өөрөө өөрийнхөө амьдралд ямар ч хариуцлага үүрэхгүй байх нэг л зорилгоос эхтэй.
Нөгөөтэйгүүр өсвөр насандаа ээж аав, багш нарын зааж
чиглүүлж, загнаж чичлэж буйд маш их дургүйлхэж, уурлаж өссөнөөс болоод юм болгоныг эсэргүүцдэг, өөрийгөө бусдаас тэс өөр гэдгийг харуулах хүсэлтэй этгээд тэрслүү хүн ч байна.
Хүн амьдралд хоолоо олж идэхэд эрдэнэсийн хүрд ба бэлгийн хүрдний холбоо мөн л саадгүй байх хэрэгтэй.
Өөр хүрдүүдтэй холбогдох харилцаанаас хамгийн чухал нь эрдэнэсийн ба зүрхэн хүрдний холбоо. Энэ холбоо
хөгжихгүй бол хүний эрх мэдлийн төлөө тэмцлийг хайр энэрэлээр зөөллөх боломжгүй.
Энэ холбоонд эхний зангилаа буюу granthi-д засал хийж үндэс, бэлгийн, эрдэнэсийн доод гурван хүрдний харилцаа холбоог тэгшлэх зайлшгүй хэрэгтэй. Эхний гранти зангилаа засал аваагүй нөхцөлд хүн оюун сүнсээ хөгжүүлэх боломжгүй. Амьдралыг тулааны талбартай андуурч тэмцэхдээ улайрч улангасаж ухаан жолоогоо алдна. Өрөөл бусдад “Би бол ийм ч тийм ч хүн” “харин чи бол хэн ч биш юу ч биш” гэж үзүүлэх донтой.
Энэ хүрдний травма буюу гэмтэл бизнесмэн буюу үйлдвэр худалдаа эрхэлдэг хүмүүст элбэг. Хуучин цагийн цэрэг дайчдын байлдан дагуулах, түрэмгийлэн эзлэх үйлсийг зах зээл дээр хэрэгжүүлж яваа. Ямар нэг бүтээгдэхүүн хэрэглэгчид худалдахын тулд хүмүүсийг зогсоо зайгүй ухуулж явна. Санасан хүссэндээ хүрэхгүй бол их уурлах мөн хүмүүсийг хуурч мэхлэх хоёр янзын зан авир гаргадаг. Ялангуяа барууны хөгжингүй баян орнуудад ийм хүмүүс олон.
Нийтлэг нэг шинж нь тэдэнд чөлөөт цаг гэж ер байхгүй. Цаг ямагт би хэн болов, юу долоов, ямар амжилтад хүрэв, юу хийж бүтээв гэсэн хэмжүүрээр хөөцөлдөж гүйдэг. Үүнийг нь зах зээлийн өрсөлдөөн тасралтгүй өрдөж сэвж өгдөг. Толгойдоо байнга дайсан төсөөлөөстэй. Тэдний нүдэнд хайр дурлал ч ололт амжилт.
Өөр нэг сонирхолтой төрлийн хүмүүс бол гэгээрэл заадаг гүрү нар, шидтэнүүд, бөө нар, иогчид, олимпийн тамирчид, ууланд авирагч нар. Өөрсдийгөө гэгээрсэн эсвэл бусдаас онцгой гэдэгт бат итгэлтэй бөгөөд энэ нь эрдэнэсийн хүрдний хямралаас болсон эгоных нь эрмэлзэл гэдгийг мэддэггүй. Юм болгоныг эерэгээр тайлбарлах, харах хэнээрхэлийг энэ хүмүүс нийгэмд дэлгэрүүлж тараасан.
Хүн үхэхгүй болохын төлөө хийж буй "life science" хэмээх
салбарт хүний насыг уртасгах судалгаанд нүсэр их хөрөнгө оруулж буй нь эерэг бодлын оргил юм уу даа. “Spiritual egotist” буюу сүсэг бишрэлийн орхимж нөмөрсөн хар амиа хичээгч гэлтэй.
Бодлын засал: Эрх мэдэл гадагшаа чиглэвэл аюултай. Хүн өрөөл
бусдыг захиран удирдах, хязгаарлаж хянахын оронд өөрийгөө
удирдаж, залж, захирч, өөртөө эзэн суувал барав.
Гадаад орчин, өрөөл бусдыг өөрчлөж шинэчлэх гэж зүтгэхийн
оронд өөрийгөө өөрчлөж сайжруулах боломж хамгийн найдвартай бөгөөд эерэг нөөцтэй гэдгийг ойлгох. Дотоод хүч гэдэг бол гадаах ертөнцөөс, хүмүүсээс хамгаалсан хамгаалаагүй, батласан батлаагүй байсаар байдаг үнэн мөнийг хэлж буй.
Үйлсийн засал: Найз нар, мундаг мэргэжилтэн, лам багшаас очиж чиг баримжаа авах гэдгээ болих. Онгон зэлүүд байгальд ганцаараа олон хоногоор байх.
© М.А. Хангин овогт Бат-Очирын Алтантуяа