23/05/2026
Монголд ирээд 3 зүйл нэлээд элбэг байгааг анзаарлаа.
1. Хувь хүнд буруу гэж байхаа больжээ. Ямар нэг утга, учир шалтгаан, хэн нэгний хараал, эсвэл олон хүний хар цагаан хэл ам, атаархал л тэр хүнийг амьдралд алдуулж, архинд оруулж, аваар осолд өртүүлж, ажлыг нь дампууруулж, сэтгэл санааг нь унагааж байдаг гэнэ.
Тооны багш 1+1=2 гэж заагаад байтал та 1+1=1 гэж бодоод түүнийгээ бурханы тавилан учир ингээд бодчихъё, эсвэл хараал хүрээд ингээд хариуг нь биччихлээ. Эхнэр эсвэл нөхрөөс болоод 1+1=1 гардаг гэж бодож байгаатай адил л зүйл яриад байх юм. Та зүгээр л 1+1=2 гээд өөрөө бодоод хариугаа тавьчих бүрэн оюуны чадамж, ухамсар, биеийн чадвартай хүн. Өөрийнхөө алдаанаас буруу бодсоныхоо төлөө бусдад алдаа өгч, учир шалтгаан хайдаг та нарыгаа мухар сүсэглэлээс нь яаж салгая дөө байз.
2. Нийтлэг хохирогчийн дүр. Ядарч туйлдалтлаа зүтгэсэн. Одоо ядарч байна. Цуцаж байна. Амармаар байна. Би л зүтгээд байна. Би л хичээгээд байна. Намайг хэн ч дэмжсэнгүй. Хэн ч ойлгохгүй байна гэсэн бусдаар өрөвдүүлэх, бусдын анхаарлын төвд байхыг хүссэн, хэн нэгнээр хүлээн зөвшөөрөгдөх гэсэн сэтгэлийн хатгүй байдал. Цагаан морьтой ханхүү хүлээсэн холливуудын хүүхэлдэйн киноны гүнж нар болцгоочихсон.
Өөрийгөө таньж, өрөөлийг таньж байж л амьдралд ялна шүү дээ. “Буурь суусан хүн” гэдэг Монгол үг байдаг. Ухамсрын тэлэлт явагдаж, хүчирхэг сэтгэлзүйтэй болж байж зааваргүй энэ амьдралыг бид туулна. Үлгэрийн зохиолтой кино үзсээр байгаад бодит амьдралаасаа тасарчихсан. Өөртөө нэг ертөнц үүсгэчихээд бодит байдлаас зөрөөд ирэхээр хохирогчийн дүр бүтээгээд ирсэн байна.
3. Өөртөө итгэлгүй байдал. Амьдрал нь давтагддаг нэг циклээр явагддаг болохоор өөртөө сорилт, адал явдал, адерналин ялгаруулах зүйлгүй. Тиймээс өөрийнхөө юу чаддаг, юуг хамгийн сайн мэддэг, авьяас чадвар, туршлагаа хэр хэмжээнд байгааг огт мэддэггүй. Гэтэл хүн бүрт гайхамшигтай ур чадвар аль хэдийнэ суучихсан байдаг.
Надад нэн хайртай жишээ байдаг. Япон улсын иргэн Мэри кондо гэх эмэгтэй “эмх цэгц” гээд ном бичээд дэлхийн шилдэг борлуулалттай ном болгосон түүх. Гэрийн эд хогшлын байршил, бичиг баримтаа нэг хавтсанд хийх, хэрэгцээтэй зүйл л хупалдаж авч байх тухай. Монгол ээж нарын хийж чаддаг, багаасаа сурч дадсан энгийн зүйлийг нлм болгож бичээд л зарчихсан. Тиймээс танд чаддаг зүйл маш их байгаа шүү.
За тэгээд авах гээхийн ухаанаар хандахгүй юу дөө. Стрессдэж яадаг юм. Таныг стрессдэж байгааг би лав мэдрэхгүй. Тиймээс өөртөө хайртай байгаарай.
О.Минухатун
Нейропсихологич